Цэс

Холбоо барих

Хүний эрхийн Үндэсний Комиссын шинээр томилогдсон гишүүдийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.11.10) Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын шинээр томилогдсон гишүүн Д.Сүнжид, Ж.Хунан, Г.Нарантуяа, Б.Энхболд, Х.Мөнхзул нарыг хүлээн авч уулзав.

    Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг Хүний эрхийн Үндэсний Комисс жил бүр Улсын Их Хуралд өргөн мэдүүлдэг бөгөөд 2019 онд анх удаа Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонссон. Энэ үндсэн дээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг шинэчлэн баталсан юм. Тус хуулийн дагуу анх удаа нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, үүний үр дүнд Улсын Их Хурал Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг томилсон болохыг Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд тэмдэглэн хэлэв.


    Үргэлжлүүлэн тэрбээр “Та бүхнийг их ажил хүлээж байна. Энэ бол хүний амьдрал, хувь заяатай холбоотой учир сэтгэл, зүтгэл гарган хийдэг ажил. Анхны нээлттэй сонгон шалгаруулалтаас сонгогдсон Та бүхнийг хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр өөрчлөлт, дэвшил гаргана хэмээн Улсын Их Хурал итгэл, найдвар хүлээлгэн томиллоо. Энэ найдвар, итгэлийг бодит ажил, үр дүнгээр харуулах үүргийг Та бүгд хүлээж байна” хэмээн захив.

    Одоо хэрэгжиж буй Эрүүгийн хууль тэргүүтэй олон хуульд хүний эрхийн зөрчилтэй заалтууд бий. Мөн, шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг буюу нийгмийн чиг хандлагыг чиглүүлэх зорилгоор мөрдөх үйл ажиллагааны явцын мэдээлэл, баримтыг олон нийтийн сүлжээгээр дэлгэж, хэн нэгнийг урьдчилан ялладаг байдал хавтгайрч байгаа талаар онцолж, жишээ дурдлаа. Мөрдөн байцаах үйл ажиллагаатай холбоотой баримт, мэдээллийг нийтэд дэлгээд, зөвхөн үүн дээрээ тулгуурлаад тодорхой этгээд, түүний ойр тойрны хүмүүсийг нийгмээрээ ялладаг, үүнээс болоод тухайн хүн хууль эрх зүйн хариуцлага хүлээхийн зэрэгцээ ойр тойрноосоо салалт, гадуурхалт хэлбэрээр “шийтгэл” хүлээдэг, улмаар гэр бүлийнхэн нь нийгмээс гадуурхаагдаж, доромжлогдон, амьдрах аргагүй болдог жишээ олныг дурдаж болно гэдгийг Г.Занданшатар дарга хэлсэн. Энэ байдал нь “…Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно…” гэсэн Үндсэн хуулийн зарчмыг ноцтой зөрчиж буй хэлбэр гэдгийг дурдаад, энэ мэтээр Хүний эрхийн Үндэсний Комиссын шинээр томилогдож буй гишүүдэд хийж, хэрэгжүүлж, засаж, сайжруулах асар их ажил байгааг сануулсан юм. Түүнчлэн, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл бүрд эрүүдэн шүүлттэй холбоотой тоо баримт, жишээ дурдагдсаар ирсэн ба эцэстээ эрүүдэн шүүх арга нь манай мөрдөх үйл ажиллагааны хэвийн үзэгдэл мэтээр ярьж, хүлээн авдаг болсныг анхаарах, өөрчлөх шаардлагатайг онцлов. Шинжлэх ухаан, техник, технологи өндөр хөгжсөн өнөө үед мөрдөх, нотлох ажиллагаа, арга маш олон болсон. Үүнийг холбогдох байгууллагууд үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр хүний эрх зөрчдөг байдлыг зохих хэмжээгээр бууруулах, улмаар таслан зогсоох ач холбогдолтойг тэмдэглэв.

    Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хуулиудыг нийцүүлэх, “Эрх зүйн шинэтгэл 2” хөтөлбөрийг боловсруулахад Хүний эрхийн Үндэсний Комисс оролцож, хүний эрхэд тулгуурласан эрх зүйн системийг төлөвшүүлж, төгөлдөржүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллах үүрэгтэйг энэ ташрамд дурдлаа.

    Мөн бусад улс орны энэ чиглэлээрх үйл ажиллагааг судалж, харьцуулах, сайн жишгийн өөрийн онцлогтоо нийцүүлэн нэвтрүүлэх санал хэлж, тодорхой баримт, жишээ дурдсан.


    Хүний эрхийг хангах, хамгаалах Үндсэн хуулийн суурь үзэл санааны хүрээнд Монгол Улсын тогтолцоо, систем бүр угтаа хүний эрхийг хангах, хамгаалах зорилгоор байгуулагдсан гэдгийг энэ үеэр Улсын Их Хурлын дарга онцлоод “Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хүрээнд аль ч хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байсан хүний эрхийг зөрчиж болохгүй. Үүн дээр Та бүгд санал зөвлөгөө өгч, нээлттэй хамтран ажиллах ёстой” гэв.

    Хүний эрхийг хангах, хамгаалах, бэхжүүлэх нь дан ганц Хүний эрхийн Үндэсний Комиссын үүрэг гэж харж болохгүй, асуудлыг иж бүрэн, цогцоор нь харж, судалж, шийдвэрлэх ёстойг дурдаад талуудтай хамтран ажиллаж байхыг үүрэг болгов. Цаашид Прокурорын байгууллагын үйл ажиллагааны тайлан болон Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг хамтад нь Улсын Их Хурлаар сонсдог болохоор төлөвлөж байгааг уулзалтын үеэр Г.Занданшатар дарга дуулгасан.

    Уулзалтын төгсгөлд тэрбээр Хүний эрхийн Үндэсний комиссын шинээр томилогдсон гишүүдэд хууль дээдэлж, хүний эрхийг хангах, хамгаалах асуудалд онцгой идэвх, хүчин чармайлт гарган ажиллахыг үүрэг, чиглэл болгоод “Аливаа төрлийн ашиг сонирхлоос ангид, хараат бус байж гүйцэтгэх засаглалаас тусгаарласан Улсын Их Хурлын харъяа байгууллагын статусаа өндөрт өргөж ажиллаарай” гээд ажлын өндөр амжилт хүслээ.


    Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын ахлах зөвлөх М.Үнэнбат болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл