Цэс

Холбоо барих

Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2020 оны 41 дугаарын тойм

    


        
Эмхэтгэлийн шинэ дугаарт “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг  чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ. Уг тогтоолд Засгийн газрын бүрэлдэхүүнийг шинээр байгуулсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээс Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд нарыг чөлөөлж, тус тус томилсон байна. 

    Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох, шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасан зарим шүүгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3 дахь заалт, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” дүгнэлтийг тус тус нийтэллээ.

    Түүнчлэн энэ дугаарт Монгол Улсын Засгийн газраас “Төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллежийн харьяа сургууль байгуулах журам”-тай дэлгэрэнгүй танилцах боломжтой. Тухайлбал, “Төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллежийн харьяа сургууль байгуулах харилцааг зохицуулах журмаар харьяа сургууль байгуулах үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцсэн, үр ашигтай, нийгэм, эдийн засгийн хөгжилд үр нөлөөтэй, улсыг хөгжүүлэх төлөвлөлт, стратегийн болон бүсчилсэн хөгжлийн бодлогод нийцсэн, салбарын хөгжил, чанарын шинэчлэлийг хурдасгахад үр нөлөөтэй, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахуйц байх зарчмыг мөрдлөг болгоход чиглүүлжээ. Тогтоол гарсантай холбогдуулан төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллежийн харьяалалд үйл ажиллагаа явуулж байгаа технологийн болон политехник коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын ахлах сургуулийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгох, журмын хэрэгжилтэд хяналт тавихын зэрэгцээ харьяа сургууль байгуулахад тавигдах шаардлага, хүсэлт гаргах, судалж шийдвэрлүүлэх, салбар сургууль байгуулахыг нарийвчлан зохицуулсан байна. 

    Мөн Засгийн газрын тогтоолоор “Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт барих газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга байгууламжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрээс хангах боломжгүй, импортоор оруулж ирэх бараа материалын жагсаалт”-ыг баталж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, гаалийн албан татварыг хөнгөлөхөөр зохицуулсан байна гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл