Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.11.10) хуралдаан 11 цаг 27 минутад гишүүдийн 72.2 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуулийн төслүүдийн талаар асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгийг хийх үеэр нэр бүхий гишүүдээс Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн төсөл дээр гарсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгүй, уг асуудлыг гүйцээн боловсруулах хуулийн төслийн холбогдох зүйл, заалттай уялдуулах чиглэлийг Байнгын хороонд өгсөн.
Иймд хуулийн төслийн талаарх УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалаа. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад оруулах зарчмын зөрүүтэй саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд энэ заалтад “Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах” гэсэн үг нэмэх, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан “Үндэсний хэмжээнд бэлчээр, ургамалжилтын төрөл зүйл, бэлчээрийн доройтлын талаар тооцоо судалгаа хийх, эдийн засгийн үр нөлөөг тооцох” гэсэн агуулгыг оруулах шаардлагатай гэсэн саналууд хэлж байлаа.
Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, “Малын тоо толгойн албан татвараас төвлөрөх орлогын зарлагыг тодорхой болгох шаардлагатай гэж олон гишүүд үзсэн. Иймд зарлагын тухай заалтыг Төсвийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 60.2.8 -д Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр, зарцуулалтыг тусгасан учир үүнтэй уялдуулан зарчмын зөрүүтэй санал гаргасан” гэж байлаа. Ингээд Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Батжаргал, Г.Тэмүүлэн, Ш.Раднаасэд, Ц.Даваасүрэн, Ц.Анандбазар нар хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад “60.2.8.малын тоо толгойн албан татварын орлого. Энэ орлогын эх үүсвэрийг бэлчээрийн менежмент сайжруулах, бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамжийг нэмэгдүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын чанарыг сайжруулах, мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд шаардагдах зардал болон гамшгаас хамгаалах, малын тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн нөөц бүрдүүлэх, хортон мэрэгчтэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах, малчдад зориулсан сургалт, сурталчилгааны зардалд зарцуулна.” гэсэн нэмэлт заалт оруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь нь дэмжлээ.
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиудын гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Дараа нь Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслүүдийн талаар асуулт асуух гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71.1-д заасны дагуу хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг өөрчлөхгүй, агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр арга хэмжээний нэр, хүчин чадал, байршилтай холбоотойгоор залруулга хийхээр Байнгын хороодын гишүүндээс гаргасан саналаар санал хураалт явуулсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан төсөлд тусгагдсан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр баг 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга” гэснийг “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга” гэж, “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар баг 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга” гэснийг “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга” гэж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнбат “Оюутны дотуур байрны спорт заалны барилга Архангай, Эрдэнэбулган сум” гэснийг “Оюутны дотуур байрны спорт заалны барилга Улаанбаатар, Хан-Уул дүүрэг” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг төслийн 2 дугаар хавсралтын “Эко хороо төсөл Улаанбаатар Чингэлтэй дүүрэг 7, 9,10,11,12 дугаар хороо" гэсэн төсөл арга хэмжээний нэрийг “Шинэ хороо Улаанбаатар Чингэлтэй дүүрэг 7,8, 9,10,11 дүгээр хороо” гэж өөрчлөх, мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн төслийн 2 дугаар хавсралтад нэмж тусгасан “Харилцаа холбооны сүлжээний өргөтгөл Өвөрхангай аймаг Богд сум Далан баг, Нарийн тээл сум Шарга баг, Өлзийт сум Борхошуу баг, Баруунбаян-Улаан сум 1-р баг" гэснийг “Харилцаа холбооны сүлжээний өргөтгөл Өвөрхангай аймаг” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, тогтоолын төслийг хэлэлцлээ
Хуралдаан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төсийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа асуулт асууж, хариулт авсны дараа энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Хуулийн төсөлд нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 2021 онд 3,540.7 тэрбум төгрөг, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 8.4 гэж, Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ 2021 онд 1.363.8 тэрбум төгрөг, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 3.2 байхаар өөрчилснийг нэмж тусгасан байв.
Хуралдааны төгсгөлд "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.
Уг тогтоолын төсөлд бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн үр ашиг, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэхэд тавих хяналтыг сайжруулж, төсвийн орлого нэмэгдүүлэх, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлж, бүх салбарын төсвийн шинэчлэлийг эрчимжүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагчдын жилийн төсвийн гүйцэтгэл, үр дүнд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах чиглэлээр тодорхой шийдвэр гарган, хэрэгжилтийг хангаж ажиллах, нийгмийн халамжийн хамрах хүрээг оновчтой болгож, төрийн зүгээс тусламж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай зорилтот бүлэгт чиглүүлэх, олон төрлийн хөтөлбөр, арга хэмжээг нэгтгэх, зарим үйлчилгээг бусад салбарт шилжүүлэх замаар давхардлыг арилган халамжийн үр дүнтэй тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр Нийгмийн халамжийн багц хуулийн төслийг 2020 оны Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгажээ.
Мөн Монгол Улсын 2021 оны төсвийн төслөөс хасагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийн нийгмийн ач холбогдол, эдийн засгийн үр ашгийг тооцон эрэмбэлж, төсвийн тухай хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлэн дараа оны төсвийн төсөлд тусгах асуудлыг шийдвэрлэх, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болгох ажлын санхүүжилтийг ТӨҮГ-ын нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн, энэ ажлыг 2020-2022 онд багтаан хэрэгжүүлэх, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг хагас бие даасан удирдлагын тогтолцоонд шилжүүлж байгаатай холбогдуулан төрийн өмчийн эруул мэндийн байгууллагын боловсон хүчнийг чадавхжуулах, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад шаардагдах багаж, тоног төхөөрөмжийг худалдан авахад шаардагдах зардлыг 2021 онд Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөөс санхүүжүүлэх зэрэг арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тус тус тусгасан байлаа.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, С.Чинзориг нарын зүгээс “Коронавирус халдвар Ковид -19 цар тахлын үед 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн зарим хуулийн хэрэгжилт удаашралтай байгааг харгалзан малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийн хэрэгжих хугацааг сунгах эсэх асуудлыг судлан үзэж, саналаа 2020 оны 4 дүгээр улиралд багтаан УИХ-д танилцуулах гэсэн” заалтыг уг тогтоолд тусгах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Ингээд тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батжаргал чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.