Цэс

Холбоо барих

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу УИХ-ын үйл ажиллагаа цахим горимд шилжлээ

Коронавирусний халдварт цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Улсын Их Хурлын үйл ажиллагаа цахим горимд шилжиж буй талаар өнөөдөр (2020.11.11) УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Онц байдал, дайн бүхий болон дайны байдал зарласан, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн, энэ хуульд заасан зарчмыг баримтлан асуудлыг хялбаршуулсан болон цахим хуралдааны дэгээр хэлэлцэж болно” гэж заасны дагуу өнөөдрөөс эхлэн Улсын Их Хурлын чуулган, байнгын хороо, ажлын хэсгийн хуралдааныг цахим хэлбэрээр явуулахаар болж байна.  Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг таван танхимаас цахимаар зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагаа ч цахим горимд шилжиж байгаа юм.

Мөн Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойд зориулан хийхээр товлогдсон Хүндэтгэлийн хуралдаан болон бусад арга хэмжээ тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо.

Түүнчлэн Төрийн ордонд өнгөрсөн хавар тогтоосон хөл хорионы дэглэм хэвээр үйлчилж байгаа. Өнөөдрийн 09.00 цагаас эхлэн 1111 төвөөр иргэдийг хүлээн авах үйл ажиллагааг зогсоосон. Хэвлэл мэдээллийн ажилтнуудыг Түр журмын хүрээнд тодорхой хязгаарлалттайгаар үйл ажиллагаа явуулах горимд дахин шилжүүлж байна. Тиймээс гаргасан журмыг хэрэгжүүлж ажиллана гэдэгт найдаж байна” гэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл