Цэс

Холбоо барих

ТББХ: Гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ


    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.11.03) хуралдаан 14 цаг 30 минутад 55.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэв.

    Эхлээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1, 42.1.2 дахь заалтад заасны дагуу 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.

    Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асууж, санал хэлсэн. Үүнтэй холбоотойгоор Байнгын хорооны дарга холбогдох тайлбар, мэдээллийг өгөв. Ингээд төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.


    Дараа нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ. 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна” гэсэн хэсэгт  Ерөнхийлөгч 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн хориг тавьсан. Ерөнхийлөгч хориг тавих үндэслэлдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд огт нийцэхгүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нийт ард түмнээс сонгогдсон, төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэгчийн хувьд улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар хууль, тогтоомжийн төсөл санаачлах эрхийг хэт хязгаарласан байна гэснийг Улсын Их Хурал 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаар шийдвэрлэсэн. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 88 дугаар зүйлийн 88.8, 88.9 дэх хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос холбогдох төслийг боловсруулсан байна.

    Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэж, 33 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж тус тус өөрчилсөнтэй холбогдуулан төслийг боловсруулжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч нь Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газраас санаачлахаар тусгайлан зааснаас бусад асуудлаар хууль санаачлах эрхтэй бөгөөд ингэхдээ Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан, санаачилсан хуулиараа өөртөө үндсэн бүрэн эрхт нь үл хамаарах тодорхой бүрэн эрх олж авахгүй байхаар зохицуулсан гэв. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.11.1 болон 24.11.3 дахь заалтуудын давхардлыг арилгах, 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсгийн нэр томьёог нийцүүлэхэд шаардлагатай томьёоллыг хамтад нь боловсруулжээ. Төслийн талаарх Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалангийн дээрх танилцуулгын дараа төслийн зүйл бүрээр хэлэлцэв. Гишүүд төслийн зүйл, заалттай холбоотой санал хэлээгүй, харин Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн, батлуулах горимын санал гаргав. Энэ дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 11 гишүүний 6 нь дэмжлээ. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.


    “Монгол Улсын Их Хурлын 30 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хуралдаан үргэлжлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцууллаа.

    Монгол Улсад анх удаа ардчилсан, чөлөөт сонгуулиар Ардын Их Хурлыг байгуулж, тэр үеийн БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулиар Ерөнхийлөгчөө сонгож, танхимын зарчмаар ажиллах анхны Засгийн газрыг байгуулж, 1990 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулснаар Монгол Улсад байнгын ажиллагаатай парламентын ажиллагаа эхэлсэн түүхтэй хэмээн тэрбээр танилцууллаа. Улсын Бага Хурал хоёр жил хүрэхгүй хугацаанд ажиллахдаа шинэ нийгмийн харилцааны эрх зүйн үндсийг тогтоох олон хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенцыг баталсан юм. Мөн Ардын Их Хурлаас даалгасны дагуу Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйлсийн зарчимд тулгуурлан боловсруулж, өргөн барьсныг Ардын Их Хурлын депутатууд 76 хоног хэлэлцэж, 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр баталснаар Монгол Улс ардчиллын замаар эргэлтгүй замнасан парламентын засаглалтай Бүгд Найрамдах Улс болсон. Улсын Бага Хурлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Улсын Бага Хурлын ажлын аппарат нь Улсын Бага Хурлын Тамгын газар мөн хэмээн тодорхойлж, түүний бүтэц, орон тоо, дүрмийг Улсын Бага Хурлын дарга батлахаар заасан байсан юм. Ингээд төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагын түүхэн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангахад анхны парламенттай хамт Тамгын газар нь үүсгэн байгуулагдсан байдаг. Өдгөө тохиож буй байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд “Монгол Улсын Их Хурал 30 жил” гэсэн ойн хүндэт медаль бий болгох нь зүйтэй хэмээн үзэж, Хууль тогтоомжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-ыг үндэслэн төслийг боловсруулсан гэлээ. Тогтоолын төсөлд уг медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгохоор тусгасан байна.


    Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийн хэлэлцэх эсэхийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн тул энэ талаарх Төрийн байгуулалтын санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл