Цэс

Холбоо барих

ТБХ: Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.11.04) хуралдаан 17 цаг 13 минутад гишүүдийн 66.7 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлийг хийв

Хуралдааны эхэнд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нар тус тус танилцуулахдаа Байнгын хороодоос хуулийн төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй гэдгийг дурдав.


Иймд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр нь  хэлэлцлээ. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, үг хэлэхдээ Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн төсөлд бэлчээрийн менежмент, малын эрүүл мэнд, үүлдэр угсааг сайжруулах, гамшгаас хамгаалах, үлийн цагаан оготнотой тэмцэх зэргээр Орон нутгийн хөгжлийн санд төвлөрөх татварын орлогын захиран зарцуулалтыг тодорхой болгох шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нутгийн өөрөө удирдах зарчмыг нь хүндэтгэж, татварын зарцуулалтыг хатуу тогтоохгүйгээр орон нутагт эрх мэдлийг өгөх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. 

Дараа нь хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн төслийн 7 дугаар зүйлд “Албан татвар төлөгч энэ хуулийн дагуу ногдуулсан албан татварыг тэнцүү хоёр хуваан тухайн жилийн 7 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор өөрийн өмчилж буй малын тоо толгойг тоологдож бүртгэгдсэн сум, дүүргийн төсөвт төлнө гэсний дараа төсөвт төвлөрсөн албан татварын орлогыг бэлчээр хамгаалах, нөхөн сэргээлт, цөлжилттэй тэмцэхэд зарцуулна” гэж,  Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд хуулийн төслийн 8 дугаар зүйлд “Албан татварыг бэлчээр хамгаалах, нөхөн сэргээх, цөлжилттэй тэмцэхэд зарцуулна” гэсэн шинэ заалт нэмэх санал гаргасан ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. 


Харин гишүүд Сангийн сайдын саналаар  “Төсвийн тухай хуулийг дагаж гаргах Улсын Их Хурлын тогтоолын төсөлд малын тоо толгойн албан татварын зарцуулалтыг  тодорхой тусгасан  заалт оруулахаар тогтлоо. 

Мөн Ажлын хэсгийн зүгээс Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн “2 дугаар зүйлийн “2020 оны 10 дугаар сарын 01-ний” гэснийг “2021 оны 01 дугээр сарын 01-ний” гэж өөрчлөх”  санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6 хувь нь дэмжлээ. 

Ингээд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн.  

Засгийн газраас  2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. 

Монгол Улсын Засгийн газраас Коронавируст халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх багц арга хэмжээний үр дүнд нэмэгдсэн төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, цахим, ил тод, үр ашигтай төсвийн бодлого хэрэгжүүлж, өрийг оновчтой удирдах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, орон нутгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээг ирэх оны төсвийн төсөлд тусгаад байгааг Сангийн сайд танилцуулгадаа дурдаад ирэх оны төсвийн төсөлд бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих зорилгоор татварын хувь хэмжээг тогтвортой хадгалах, татварыг хялбаршуулах, технологийн дэвшил ашиглан бүртгэлийг сайжруулж хамрагдалтыг нэмэгдүүлэх, гааль, татварын үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай үзүүлэх, татвараас зайлсхийх явдлыг бууруулан татварын тэгш шударга орчин бүрдүүлэх бодлого баримталсан гэж байлаа. 


Түүнчлэн 2021 онд Засгийн газраас эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлснээр тус салбаруудын хүнд суртал, чирэгдэл, дараалал, чанаргүй үйлчилгээ, хувь хүнд учирдаг төлбөрийн дарамтыг бууруулж, харин үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлснээр үр шимийг нь монгол хүн бүрт хүртээх чиглэлд чухалчлан авч үзсэн болно. Төрийн үйлчилгээг саадгүй, шуурхай хүргэх, бага зардлаар өндөр бүтээмж, үр ашигтай ажиллах бүхий л боломжийг ашиглах зорилгоор мэдээллийн технологийн хөгжилд суурилсан цахим төрийн үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг ирэх онд улам эрчимжүүлж, цахим төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлнэ гэж байлаа.   

Коронавирусын цар тахлын аюул үргэлжилсээр байгааг харгалзан эмзэг бүлгийн иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуй эрхлэгчдийг дэмжих чиглэлээр 2020 онд хэрэгжүүлсэн зарим арга хэмжээг ирэх оны хагас жилд үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал,  18 хүртэлх насны хүүхэд бүрт олгох мөнгөн тэтгэмжийг 100.0 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн, нийгмийн халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжихэд сар бүр олгох мөнгөн тэтгэмжийг 100.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 288.0 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн шийдвэрийг 2021 оны эхний хагас жилийг дуустал үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Түүнчлэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажилтандаа олгодог цалин хөлснөөс ердийн үед 22-25 хувиар тооцож ногдуулдаг байсан нийгмийн даатгалын шимтгэлийг  чөлөөлж, хөнгөлсөн арга хэмжээг хэсэгчлэн үргэлжлүүлж 2021 оны эхний хагас жилд 3-5 нэгжээр хөнгөлж нийт 17 хувиар тооцохоор төлөвлөөд байна. Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлээр улсын төсвийн хөрөнгө оруулалтын хүрээнд өсөн нэмэгдэж байгаа хүн амын хэрэгцээг хангах хотын инженерийн шугам, сүлжээ, гэр хорооллын дэд бүтэц, хот доторх автозам барих болон тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан цогцолбор, нэн шаардлагатай цэцэрлэг, сургуулийн барилга, эмнэлэг барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байгааг Сангийн сайд танилцуулгадаа онцолсон. 

Дээрх бодлогын арга хэмжээний үр дүнд Монгол Улсын 2021 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2020 оны тодотголын түвшнээс 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдэж 11.8 их наяд төгрөгт, нийт зарлага 2020 оны тодотголоос 625.9 тэрбум төгрөгөөр буурч 13.9 их наяд төгрөгт хүрэх ба тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд буюу ДНБ-ий 5.1 хувьд хүргэж төсвийн үзүүлэлтүүдийг сайжруулсан гэв. 


          
    Дараа нь Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн төсөлд Үндэсний аудитын газраас өгсөн дүгнэлтийн талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан.    Төсвийн төсөлд дүгнэлт өгөхдөө Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлага хангагдсан эсэх, Төсвийн тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан зарчмыг баримталсан эсэх, төсвийн зардлыг бууруулах, санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд голлон анхаарсныг Монгол Улсын Ерөнхий аудитор онцлохын зэрэгцээ Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг хангасан байгааг дурдав.

    Мөн тэрбээр, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан нийгмийн халамжийн болон хөрөнгө оруулалтын зардлын дүнг өөрчилсөн боловч орлого, зарлага, алдагдал, Засгийн газрын өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр тооцсон байна. Цаашид жилийн төсвийн төслийг боловсруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд бүрэн нийцүүлж байх нь зүйтэй төдийгүй төсвийн төсөлд халамжийн зардлыг өмнөх оны төлөвлөсөн дүнгээс бууруулж байгаа ч цаашид халамжийн бодлогыг тэлэхгүй байх, нэр төрлийг нэгтгэн шалгуур үзүүлэлт, аргачлалыг оновчтой болгож, зорилтот бүлэгт чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, төсвийн үр нөлөөг сайжруулах, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг иргэдийн саналд үндэслэн тухайн орон нутгийн онцлогт нийцсэн хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг бүсчлэн байгуулах төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд чиглүүлэх шаардлагатай байна гэж байлаа. 

Түүнчлэн төсвийн төсөлд хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх 55 барилга, байгууламжийн зураг төсвийг батлуулаагүй, төсөвлөлтийн шаардлага хангаагүй тусгасан нь төсөл, арга хэмжээний гүйцэтгэл удаашрах, төсөвт өртөг нэмэгдэх, үр ашиг буурах, хуулийн хэрэгжилт хангагдахгүй байгааг анхаарч, төсвийн төлөвлөлтийн хариуцлагын талаарх эрх зүйн зохицуулалтыг бий болгох, Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг цар тахлын эрсдэл бүхий нөхцөлд хэрэгжих төсвийн төсөлд ач холбогдол, зориулалт, хэрэгцээ, шаардлагаар нь эрэмбэлэн санхүүжүүлэх асуудлыг дунд болон богино хугацааны бодлогод нийцүүлэн шийдвэрлэх шаардлагатай байна. Төрийн байгууллагуудын бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтыг татварын цахим төлбөрийн баримтын системд бүрэн холбож цахим хяналтыг бий болгосоноор татварын орлогыг нэмэгдүүлэх боломж байгаагийн зэрэгцээ төсвийн төлөвлөлтөд үр ашгийн тооцоо хийж хяналт тавих, хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт тодорхойгүй байгаагаас төсвийг үр ашиггүй төлөвлөх, хуульд заасан шаардлага хангагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгааг тодотгов. 


    Төсвийн байгууллагын сургалт семинар, хурал зөвлөгөөн, гадаад дотоод албан томилолтыг цахимаар зохион байгуулан, төрөөс иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг бүх төрлийн үйлчилгээ, тусгай зөвшөөрөл олголт, халамжийн цахим системийг бий болгож зардлыг бууруулах, төсвийн төлөвлөлтийн сахилга батыг сайжруулж, хуулийн шаардлагыг баримтлан боловсруулснаар төсөв санхүүгийн орчин эрүүлжин, төсвийн бодлого үр дүнтэй хэрэгжиж, эдийн засгийн өсөлтийг сэргээх боломж бүрдэхээр байна. Засгийн газрын гадаад өрийн зохистой түвшнийг тууштай баримтлах, гадаад зээлээр үр ашиг бүхий төслийг санхүүжүүлэн тогтвортой хөгжих нөхцөлийг бий болгоход хөгжлийн болон төсвийн бодлогыг чиглүүлэх шаардлагатай төдийгүй ирэх оны төсөв нь Ковид-19 цар тахлын нөлөөллөөр үүсэж болох нөхцөл, байдлыг урьдчилан тооцох боломжгүй үед хэрэгжихээр буй тул төсвийн төслийг боловсруулах, батлах, батлагдсан төсвийг зарцуулах, тайлагнах, гүйцэтгэлд хяналт тавих төсвийн бүх харилцаанд хариуцлагатай байх шаардлага байгааг Үндэсний адитын газрын дарга Д.Занданбат танилцуулгадаа онцлон тэмдэглэлээ.   
Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх Улсын Их Хурлын Байнгын хороод болон Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, хариулт авсан. 

Ингээд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн  талаар Ажлын хэсэг, Байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан  зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явууллаа. Тухайлбал,  Ажлын хэсгээс зардал нэмэгдүүлэх саналыг, зардал бууруулах саналтай хамт гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн Ажлын хэсгээс “Саналын томьёоллын хавсралт 4-т тусгагдсан хөрөнгө оруулалтын 8 төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг батлагдсан зураг төсвийг үндэслэн 22,671.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, 1 төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг 4162.7 сая төгрөгөөр бууруулах”, “Саналын томьёоллын хавсралт 5-д тусгагдсанаар хөрөнгө оруулалтын нийт 25 төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил өөрчлөх”, “Дархан-Уул аймгийн Геронтологийн төвийн зориулалтаар үйл ажиллагаа явуулж байсан барилгыг Ахмадын хөгжлийн төв болгон өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын багцын урсгал зардлаас 250.9 сая төгрөгийг хасч, Дархан-Уул аймгийн ахмад настны хөгжил хамгааллын суурь зардлыг 250.9 сая төгрөгөөр нэмэгдүүлэх”, Монгол Улсын Ерөнхий аудиторын төсвийн багцын санхүүжилтийн эх үүсвэрт төсөвт байгууллагын өөрийн орлогыг 2,878.4 сая төгрөгийг бууруулж, улсын төсвөөс санхүүжих дүнг нэмэгдүүлэх, үүнтэй уялдуулан навигацийн орлогыг 2,878.4 сая төгрөгөөр нэмэгдүүлэх”  зэрэг 2021 оны санхүүжих дүнд нөлөөлөхгүй зохицуулалт хийх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүд  тус тус дэмжлээ. 

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийн Соёлын сайдын багц дахь “Монгол судлалын үйл ажиллагааг дэмжих” 346.0 сая төгрөгийг хасаж, Боловсролын сайдын багц дахь төсвийг “Монгол судлалын үйл ажиллагааг дэмжих” 346.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх”,  Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатараас “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Сэргээн засах эмнэлгийн 40 ортой барилга /таван зуун хорин есөн сая/ гэснийг Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын төрийн албан хаагчдын 14 айлын орон сууцны барилгад /таван зуун хорин есөн сая/, хэрэгжих хугацаа 2021-2021 гэж өөрчлөх”, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар “Үлийн цагаан оготно устгахад зарцуулах 3 тэрбум төгрөгийг хүнсний ногооны үр авахад шилжүүлэх” гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжих нь зүйтэй гэж үзэв. 

Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Ц.Мөнхцэцэг Х.Ганхуяг, Ж.Чинбүрэн, Б.Бейсен, Б.Жаргалмаа, Ч.Ундрам, Б.Энхбаяр, Н.Алтанхуяг нарын гаргасан саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. 

Ингээд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 


Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа

Дараа нь Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. Ажлын хэсгээс төслийн 1 дүгээр зүйлд заасан эдийн засгийн үндсэн үзүүлэлтэд тусгагдсан нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 2021 онд 3,498.5 тэрбум төгрөг гэснийг 3,540.7 тэрбум төгрөг гэж ДНБ-д эзлэх хувь 2021 онд 8.3 гэснийг 8.4 гэж, нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ 2021 онд 1,390.3 тэрбум төгрөг гэснийг 1,363.8 тэрбум төгрөг гэж ДНБ-д эзлэх хувь 3.3 гэснийг 3.2 хувь гэж  тус тус өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон. 

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын сүүлийн 15 жилд төсвийн бодлого, төсвийн тэнцлийн талаар дүн шинжилгээ хийж, цаашид баримтлах төсвийн бодлогын талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа ахалж, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Г.Тэмүүлэн, Г.Амартүвшин, Ж.Батсуурь, Б.Чойжилсүрэн, Х.Баделхан нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл