Цэс

Холбоо барих

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаарх Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлт

2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
Д.ДЭМБЭРЭЛ

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газраас Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ.

Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг Төсвийн байнгын хороо 2013 оны 4 дүгээр сарын 2З-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Засгийн газраас Монгол судлалыг дэмжих санг байгуулж, уг сан нь эх түүх, үндэсний соёлын өв сангаа өргөн хүрээнд судлах, нээн илрүүлэх, баталгаажуулах, энэхүү ажилд гадаад орны эрдэмтдийг татан оролцуулах, тэдэнтэй нягт хамтран ажиллах, Монгол Улсад болон гадаад оронд Монгол судлалыг дэмжих, хөрөнгө санхүүгийн хувьд ивээн тэтгэх замаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг идэвхжүүлэх, залуу судлаачдыг урамшуулах, чадавхижуулах, Монгол судлалын үр өгөөжийг нэмэгдүүлэх, дэлхий дахинд сурталчлах зорилготой гэж үзэж хуулийн төслийг боловсруулжээ.

Төслийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт Монгол судлалын тусгай сан байгуулж ажиллахыг дэмжиж, сангийн зорилгыг тодорхой болгох, Монгол судлалын төвд ажиллаж байгаа гадаад, дотоодын эрдэмтдийг дэмжих, Монголын нэртэй эрдэмтдээрээ дамжуулан Монголоо сурталчлах, Турк зэрэг бусад орны түүх, соёлоо сурталчилж байгаа туршлагыг судлах, Монгол судлалын төв нь Монголд байгаа болохыг байнга баталгаажуулж байх, Монгол судлалын чиглэлээр хөрөнгө зарцуулах шаардлагатай, Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл язгуур угсаа, Монгол гэдгээ дэлхий дахинд таниулахад хөрөнгө зарах цаг нь болсон, сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээг хэлэлцүүлгийн шатанд тодорхой болгох, Монгол судлалын шилдэг бүтээлүүдийг шалгаруулах, урамшуулах, дэмжихэд анхаарах, бүтээлч ажил болгохын тулд хөрөнгийн асуудлыг тодорхой болгож нэмэгдүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн хөгжлийн шинэ үедээ ирж байгаа үед улсынхаа сурталчилгааны асуудлыг анхаарах нь зөв бөгөөд сурталчилгааны зорилгоор хөрөнгө гаргах, аялал, жуулчлалын чиглэлээр тусгай сан байгуулах асуудлыг Засгийн газар анхаарах нь зүйтэй гэсэн саналуудыг гаргасан болно.

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь үзсэн болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

“Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.

Анхаарал тавьсанд баярлалаа.



ТӨСВИЙН БАЙНГЫН

ХОРООНЫ ДАРГА                                               Ц.ДАВААСҮРЭН

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл