"ПАРЛАМЕНТ-30"
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жил, парламентын Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн хос ой энэ жил тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Улсын Бага Хурлаас эхтэй Монгол Улсын парламент, түүний Тамгын газрын түүхэн замнал, байнгын ажиллагаатай парламентын үүсэл хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан түүхэн хүмүүсийн талаарх дурсамжийг цувралаар нийтэлж байна.
Миний бие Монголын төрд өдий хүртэл зүтгэхдээ хууль боловсруулах ажлын дөртэй болсноо агуу Бяраагийн Чимидийн ач гавьяа хэмээн буян санаж явдаг юм. Оюутны ширээнд сууж, Б.Чимид гуайгаар лекц уншуулж, хичээл заалгаж байгаагүй ч түүнийг дагаж, гарынх нь жинхэнэ шавь болсондоо олзуурхаж явдаг даа.
Тэртээ 1988 оны намар шиг санагдаж байна, тэр үеийн МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургуулийн багш намайг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн газрын хэлтсийн дарга Б.Чимид Засгийн газрын ордонд дуудуулдаг юм байна. Яваад очтол өрөөний нь үүдэнд Монгол Улсын Их Сургуулийн багш, миний танил Сорогжоогийн Төмөр зогсож байв.
Б.Чимид гуай бид хоёрыг өрөөндөө оруулаад “За залуучууд, БНМАУ-ын шинэ Үндсэн хууль боловсруулах ажил эхэлж байна. Та хоёр ордонд сууж ажиллах болно” гэж хэлээд Төрийн ордны 4-р давхарт 464 тоот өрөөнд оруулав. Гэтэл Төмөр маань “БНМАУ-ын Үндсэн хууль” гэж бичээд надад харуулахад нь би “Хоёр чавганц хүрээ нүүлгэнэ, нүүлгэхгүй гээд маргасан шиг бид хоёрын Үндсэн хууль боловсруулна гэж юу байсан юм” гэж хэлээд инээлдэж билээ. Энэ цагаас эхлэн шинэ Үндсэн хууль боловсруулах ажилд Чимид гэдэг агуу хүнийг дагалдан, зориг шулуудан орсон доо. Онол ярьж, цэцэрхэхээс өөрцгүй намайг уншиж судлах, бичиж найруулах, бусдад дамжуулж ойлгуулахад минь Б.Чимид багшийн ухаан, арга барил, сэтгэл, үнэлж баршгүй тус болсон юм. Түүгээр ч барахгүй миний амьдралд шинэ эргэлт авчирч, цаашид төрийн өндөр албан тушаал хашиж, Монгол төрд зүтгэх суурийг минь тавьсан гэж багшаараа бахархаж явдаг юм.
БНМАУ-ын Үндсэн хуульд оруулсан 1990 оны нэмэлт, өөрчлөлт буюу Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль, анхны ардчилсан Сонгуулийн тухай хууль, тэдгээрийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийн талаар ярьдаг, бичдэг хүн байхгүй болжээ. Энэ хоёр хуулийг батлан гаргаж чадаагүй бол “юун Наадам, юун Цагаан сар” гэдэг шиг юун байнгын ажиллагаатай парламент, юун ардчилсан Үндсэн хууль байх билээ. Энэ хоёр хуулийг боловсруулж батлуулах нөр их ажлыг Б.Чимид багшийн баг л хийсэн дээ. Чимид багшийн удирдлага, зөвлөмж, зааврын дагуу Сорогжоогийн Төмөр, Жүгнээгийн Амарсанаа, Лувсандандарын Хангай, миний бие, тэр үеийн АИХ-ын Тэргүүлэгчдийн газрын аппаратын ажилтнууд, бичээч нар цаг наргүй хүчин зүтгэж, чармайн ажиллаж байж энэ их үйлсийн ард гарсан.
Нөгөө “Өглөө” киноны хачиг Луузангийн хэлдэгчлэн “Ардын засаг ч гэж юу байлаа, авдаг өгдөг нь ч ямар байлаа” гэдгийн үлгэрээр Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн шинэ хуулийн талаар дээр доргүй ямар ч ойлголтгүй байлаа. Тухайн үеийн Ардын Их Хурлын депутатууд бол хууль ёсны хууль тогтоогчид. Гэтэл тэднийг маань өөрийн бодлогогүй “гар өргөдөг” гээд баахан гөвчихсөн, хуулиа батлуулах болохоор нөгөөдүүл чинь “Яахаараа гар өргөдөг депутатууд гэж шүүмжилчихээд одоо болохоор батлаад өг гээд байгаа юм” гээд гэдийчихсэн. Аргаа бараад Чимид багш маань Төмөр, бид хоёроор тэдэнд хичээл заалгаж байв. Юугаан ч заасан юм бол доо. Бодвол баахан л тайлбарласан байх даа.
Төрийн ардчилсан тогтолцооны болон ардчилсан сонгуулийн суурийг монгол уламжлалтайгаа уялдуулан маш богино хугацаанд хийсэн энэ өөрчлөлт агуу Чимидийнх гэдгийг тухайн үйл хэргийн гэрчийн хувьд би батална.
Анхны байнгын ажиллагаатай парламент байгуулагдахад Бяраагийн Чимидийг Улсын Бага Хурлын гишүүн, улмаар Нарийн бичгийн даргаар сонгож, мөн шинэ Үндсэн хуулийн эхийг баригчаар ажиллуулсан нь түүнийг ашиглаж, эхлүүлснийг нь гүйцээлгэх гэсэн нам, төрийн бодлого байжээ.
Би багштайгаа зөвхөн төрийн ажлаар хамтарч байгаагүй ээ. Гэр орноор нь орж гарч, Цээрэгзэн эгчийн хоол цайг идэж, хааяахан чонын авд ч ганзага нийлж л явлаа. Хаана ч хариуцлагатай, үлгэр дуурайлтай эрхэм хүн байсан даа.
Багшийнхаа тухай, хамтарч ажиллаж байсан тухайгаа бичнэ гэвэл хэдэн арван боть ном болох биз. Энд ганцхан жишээг дурдъя.
Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хороон дарга Д.Дашцэдэн Улсын Их Хурлын гишүүн Б.Чимид, Д.Батбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын орлогч дарга З.Саарал, Засгийн газрын референт Р.Батмэнд, Ерөнхийлөгчийн зөвлөх С.Цэрэндорж, ГХЯ-ны ажилтан Ц.Янжмаа (орчуулагч) нарын хамт 1996 оны 2-р сард Азийн сангийн зардлаар Норвеги, Швед, Герман, АНУ-д аялж, ардчилсан орнуудын парламентын туршлага судлан, нэлээд юм үзэж, нүд нээгдэж билээ. Хамгийн хямдхан буудалд хоёр хоёроороо орж, хэдэн төгрөгөө хэмнэж явсан бид Шведэд нүд минь орой дээрээ гарсан нэгэн ойлгохгүй юмтай таарав.
Орчуулагч маань “Та нарыг хоёр хоёроороо орох юм бол гэр бүлийн баталгаагаа үзүүл. Хэрэв гэр бүлийн баталгаагүй бол ганц ганцаараа нэг хүний өрөөнд ор” гэж байна гэлээ. Бүгдээрээ гайхцагааж, бие бие рүүгээ харав. Гэтэл орчуулагч маань “Энэ улс ижил хүйстнийг гэрлэхийг зөвшөөрсөн хуультай учраас гэр бүлийн баталгаагүй бол нэг хүйсийн хүмүүсийг буудалд хамтад нь оруулдаггүй юм байна” гэж тайлбарлав. Ийм юмыг нөгөө Чимид багш маань ч, бас бид ч анх удаа сонсож билээ.
Бяраагийн Чимид ямар агуу хүн болохыг, ялангуяа хууль баримт бичиг боловсруулах хэчнээн мундаг чадвартайг батлах өөрийн үнэлэмжээ илэрхийлэхийг хичээв.
1.Хууль боловсруулах арга техникийг бүрэн эзэмшсэн ганц хүн бол төр гарцаагүй мөн. “Хууль бол нийгмийн харилцааг зохицуулах зорилготой. Үүний тулд нийгмийн тэр харилцааг сайн судалж, энэ харилцаанд яаж зөв оролцох вэ, ямар аргаар асуудлыг шийдвэрлэх вэ гэдгийг л гаргаж чадвал хууль болно” гэж үргэлж хэлдэг байв. Энэ нь ч миний хувьд батлагдсан үнэн болсон юм. Орчин цагийн Монгол Улсын хууль тогтоомж Б.Чимидийн хууль зүйн нэр томъёонд суурилсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз.
2.Залуучууд, шавь нартаа өөрийн мэдлэг оюунаа дамжуулах өвөрмөц аргатай хүн. Миний гадарлахаар “сургагч багш” гэсэн нэр л таарна. Тэр бүр хичээл заагаад, ном айлдаад байхгүй ч бичсэн зүйлийг нь засварлахдаа л бүх зүйлийг ойлгуулдаг өвөрмөц аргатай. Санаанд нь таараагүй бол шууд өөрөө бичээд сүрхий харна. Дараа нь шоглонгуй инээнэ дээ. Тэр дүр төрх сэтгэлд хоногшиж, нүдэнд харагдаад байдаг юм билээ. Тиймээс дахиад ийм алдаа гаргахгүйг хичээдэг байв.
3.Боловсруулсан хуулиа батлуулах, гаргасан саналаа хуульд тусгуулахдаа өвөрмөц аргаар ханддаг байсан юм. Олон юм нуршаад байхгүй голыг нь олоод, донжийг нь тааруулаад, цөөхөн өгүүлбэрээр санаагаа илэрхийлдэг учраас саналыг нь авахаас өөр аргагүй болдог, сүүлдээ Чимид юу гэх нь вэ гэсэн хүлээлтийг чуулганы танхимд бий болгодог байв. Заримдаа ёжтой, егөөдсөн байдлаар санаагаа илэрхийлэхэд зарим нь дургүйцсэн байдал гаргаж, шуугиан дэгдээнэ. Тэр үед маргалдахгүй, эсэргүүцэхгүй, харин таг дуугүй болчихно. Нэлээн байзнаад хуралдаан даргалагчаас “За Чимид гуай, үгээ гүйцээгээд хэлчих” гэхээр юу ч болоогүй юм шиг тайван үгээ хэлээд дуусгана, гаргасан санал нь ч дэмжигдэнэ.
4.Аливаа асуудлын мөн чанарыг амархан олдог, үзэл бодолдоо тууштай, зарчимч нэгэн байсан юм. Зарим хүмүүст энэ чанар нь таалагддаггүй байсан биз. Тэр хүмүүсийн зарим нь багшийн санааг ойлгож, хүлээн зөвшөөрөөд “3а Чимид гуай ч агуу юм аа” гэж байхтай зөндөө л таарч байлаа.
Энд Бяраагийн Чимид гэж хэн болох талаар өчүүхэн хэсгийг л дурслаа, болгооно уу. Бяраагийн Чимидийг Монголын төр сайн ч ашигласан, Чимид гуай ч сэтгэл харамгүй зүтгэсэн. Төр ч хариу барьж, Монгол Улсын гавьяат хуульч, Ардын багш, Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм алдрыг хүртээж, улсынхаа бүх л одонг олгосон, багш маань ч олон ардынхаа сэтгэл зүрхэнд үүрд мөнх үлдсэн дээ.
Монголчууддаа бахархал болж, мөнхөрсөн түүнийг Монгол хэзээ ч мартахгүй.
Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын гишүүн асан, доктор, профессор Жамсрангийн Бямбадорж
Үндэсний шуудан сонин 2020.10.07 /189/