ПАРЛАМЕНТ-30
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жил, парламентын Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн хос ой энэ жил тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Улсын Бага Хурлаас эхтэй Монгол Улсын парламент, түүний Тамгын газрын түүхэн замнал, байнгын ажиллагаатай парламентын үүсэл хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан түүхэн хүмүүсийн талаарх дурсамжийг цувралаар нийтэлж байна.
Халиун сумын дунд сургуулийн 8-р анги төгсөөд, нутагтаа зуны амралтаар хонь хариулж, аргал түүж явсан миний бие 1970 оны улсын наадмын дараахан аймгийн Намын хорооны товчооны шийдвэрээр Төгрөг сумын ХЗЭ-ийн үүрийн нарийн бичгийн даргаар томилогдон, ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн билээ. Баригдаад удаагүй байсан 4 айлын орон сууцны нэгийг дөнгөж сургууль төгсөөд очсон рентген техникч Түмбаатарын Бямбажав бид хоёрт олгосноор тус сумын дансанд нэгэн шинэ өрх нэмэгдсэн бөлгөө.
Манай байшингийн баруун талд сургуулийн захирал Д.Бэгзжав, хичээлийн эрхлэгч Г.Дугар нарынх гэрт амьдардаг, аль аль нь олон хүүхдүүдтэй айл байлаа. Бямбажав бид хоёр удалгүй Дугар багшийнхтай их дотно болж, Долгормаа, Дэжидмаа, Долзодмаа нарын охид голдуу хүүхдүүд нь манайхаар бужигналдаж байдаг байв.
Намар хичээл эхлээд удаагүй байсан санагдана. Нэг өдөр охид “Аав дуудаж байна” гэх нь тэр. Дугар багшийнд хотоос зочин ирсэн байлаа. Дугар багш зочинд намайг, “Энүүхэн Шарга сумын хүүхэд. Халиуны сургууль төгсөөд, манай сумын эвлэлийн үүрийн даргаар ирсэн юм. Уг нь сургуулиа онц төгсөөд аймгийн 10 жилд хуваарилагдсан юм билээ” гэж танилцуулсан. Хоймор тухлан суусан мөнөөх хүн, “Яаж байгаа нь тэр вэ. Сурлага сайтай хүүхдээр тэгж тоглож болохгүй. Ямар бидний үе биш. Би Бугат сум орж 3-4 хоноод ирнэ. Чи юмаа бэлтгээд хүлээж бай. Би чамайг аймгийн сургуульд аваачиж оруулж өгнө” гэв. Айх ч шиг, гайхах ч шиг болсон.
Би маргааш нь энэ тухай сум-нэгдлийн дарга Д.Пэрэнлий гуайд хэлэв. Гэтэл “Тэр хүн чинь Жасрай сайд. Дугар багштай эгч дүүсийн хүүхэд. Уг нь миний багш болох хүн. Буцахад нь тосож уулзахаас. Чиний тухайд аймгийн Намын хорооны товчооны шийдвэрийг тийм амархан өөрчилж болдоггүй юм. Олон таван үггүй Төгрөгийн эх бригад яв” гэснээр энэ асуудал шийдэгдэж, би тус суманд хоёр жил ажилласан билээ.
Москвад суралцаж байхдаа 1979 оны өвөл өнөө Жасрай сайдтайгаа онгоцоор хамт нисэх завшаан тохиосон. Би Дугар багшийнд уулзаж байснаа хэлэхэд, “Тийм ээ, би чамайг дуулсан. Одоо жил гаруйхны дараа төгсөх гэж байгаа юм байна. Болж өгвөл нутагтаа очиж ажиллаарай” гэж билээ.
Онгоц Новосибирск хотод түр саатахад Жасрай гуай намайг дагуулан зочдын танхимд орж, кофегоор дайлсан юм. Нутаг орон, хүмүүсийн тухай чамгүй хууч хөөрсөн. Ер нь Төгрөг, Бугатынхан Дугар багшийг “Манай хошууны ноёны үр удам. Хуучин цагт бол биднийг захирч байх ёстой хүн” гэж ярилцдаг, би хэрэгт дурлан асууж шалгаадаг байв. Бас Бугат суманд ажиллаж байсан Дугар багшийн ах Лодон гуайтай уулзаж домог, түүх яриулдаг байлаа. Энэ бүхнийг дурсаж ярихад Жасрай гуай гойд сонирхож байлаа.
Сургуулиа төгсөж ирээд 1981 оны долдугаар сараас аймгийн ХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажилласан. Миний өмнөх дарга аймгийн төвд Хүүхэд залуучуудын ордон бариулахаар чамгүй хөөцөлдөж, зураг төсвийг нь хийлгэснээ надад хүлээлгэн өгсөн. Бараг ажил хүлээн авсан анхны өдрөөс энэ ажлыг хөөцөлдөж, Хүүхдийн төлөө фондын дарга Анастасия Ивановна гуайгаас албан бичиг авч, МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн С.Жалан-Аажав, Т.Рагчаа нарын гарын үсгийг зуруулсан боловч Улсын төлөвлөгөөний комиссын өндөр босгыг давж чадаагүй юм.
Жасрай сайдтай хэд хэд уулзсан боловч “Танай аймаг төлөвлөгөөнөөс гадуур аймгийн Намын хорооны байр бариулж байгаа. Энэ таван жилд ямар ч арга байхгүй. Харин дараагийн таван жилд анхааръя” гэсэн ганцхан хариулт өгч намайг гарцгүй болгосон билээ. Үнэхээр хатуу, ганцхан шийдвэртэй хүн байлаа. Улсын төвлөрсөн төлөвлөгөө, эдийн засгийг атгаж байсан хүнд өөрөөр байх арга байгаагүй биз.
Биднийг аспирантурт суралцаж байхад П.Жасрай гуай ойрмогхон суга суга дэвшиж нам, төрийн дээд удирдлагад гарч ирсэнд нутгийн хүний хувьд бахархан баярладаг байлаа. Ер нь С.Аварзэд, Ц.Лоохууз гуайгаас хойш, тодруулбал 1950-иад оны сүүл үеэс Говь-Алтай аймгийн хүн нам, төрийн дээд албан тушаалд томилогдож байгаагүй.
Би 1991 оны нэгдүгээр сард аймгийн МАХН-ын хорооны даргаар сонгогдсон үеэс улс төрийн амьдралд идэвхтэй оролцож эхэлсэн. 1990 оноос хойш хоёр жил өдөр шөнөгүй чичлүүлсэн МАХН-д 1992 онд ард түмэн итгэл хүлээлгэж, УИХ-д 70 суудалтай болгосон нь намын ажилтнууд төдийгүй гишүүд, дэмжигчдийн нь сэтгэлийн зовиурыг нимгэлж, их урам зориг өгсөн билээ. Сонгуулийн дараахан МАХН-ын Төв Хорооны Бүгд хурал хуралдсан. Энэ үеэр аймгийн намын хорооны тэргүүлэгчид цуглаж Ерөнхий сайд хэн байх асуудлаар санал, бодлоо солилцлоо. Манай аймгийн даргаар ажиллаж байсан Л.Лантуу гуай “Уг нь манай Жасрай л байгаа юм. Бид Улс төрийн товчоонд хамт байж огцорсон болохоор юу гэх юм бол. Боломж гарвал өөр аймгийн хүнээр нэрийг нь дэвшүүлээд үзвэл яадаг бол. Одоо асуудлаа бараг эцэслэн шийдчихсэн байгаа биз дээ” гэсэн нь надад нэгийг бодогдуулсан юм.
Хурлын урьд орой Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Даш-Ёндон аймаг, хотын Намын хорооны дарга нартай уулзав. Тэрбээр “Намын Төв Хорооны тэргүүлэгчид Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд урьдчилсан байдлаар Шадар сайд Ч.Пүрэвдоржийн нэрийг дэвшүүлэхээр болсон. Гэхдээ энэ бол нэг л санал. Хэн ч, хэний ч нэрийг дэвшүүлж болно. Та нар ч бие биенээ дэвшүүлж болно шүү дээ” гээд сулхан инээж билээ. Бид зочид буудалдаа ирээд хэсэг бүлгээрээ сууж, Намын даргын хэлсэн үгийг тойрон ярилцав. “Дарга өөр бодолтой байгаа юм байна. Түүнээс биш Тэргүүлэгчдийн бодлогыг дэмжээрэй л гэх ёстой” гэсэн нэг гаргалгаа гаргав.
Хурал уламжлал ёсоор тогтуухан эхэлсэн. Сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэлээ. Эхлээд УИХ-ын даргад нэр дэвшүүлэх асуудал хэлэлцэв. Хүн бүрт нэрийг нь бичсэн нэг хуудас өгч, “Хэнийг УИХ-ын даргад нэр дэвшүүлэх саналтай байгаагаа бичнэ үү” гэлээ. Ямар нэгэн хэлэлцүүлэг болоогүй. Хэдхэн минутын дараа “Гишүүдийн олонхи нь Намын нарийн бичгийн дарга Нацагийн Багабандийн нэрийг дэвшүүлсэн байна” гэж танилцуулснаар энэ асуудал шийдэгдсэн. Их өвөрмөц шийдэл байлаа.
Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж эхлэв. Б.Даш-Ёндон дарга Тэргүүлэгчдийн саналыг танилцуулсны дараа заалнаас 13 хүний нэрийг дэвшүүлсэн. Нэр дэвшигч хүн бүр үг хэлсэн. Даш-Ёндон дарга маань “Олон суудал авсан гээд дэндүү бяралхаж болохгүй. Би Ерөнхий сайдад угаасаа бэлтгэгдсэн хүн биш” гээд нэрээ татлаа. Л.Түдэв гуай “Ерөнхий сайдын сэнтийн тухай бодохтой манатай, сониноо аятайхан авч явахыг л хичээж байна” гэсэн. Энэчлэн ихэнх нь нэрээ татаж, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ш.Отгонбилэг, П.Жасрай гуай, Ч.Пүрэвдорж шадар сайд нарын 4 хүн санал хураалтад оролцсоноос П.Жасрай, Ч.Пүрэвдорж нар тунаж үлдлээ. Энэ дүнг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр эхний өдрийн хуралдааныг завсарлуулсан юм.
Орой нь манай өрөөнд П.Жасрай гуайг дэмжиж байсан хүмүүс цугласан. Хотынхноос ч хүмүүс оролцсоны дотор миний найз, доктор Б.Энхмандах байсан. Мань хүн дорхноо Жасрай гуайг дэмжигчдийн албан бус лидер болсон нь Говь-Алтай аймагтай хүйн холбоотой байснаас нь шалтгаалсан биз. Гэхдээ энэ ажлыг хэн нэгэн мань хүнд хариуцуулсан байж болох талтай. Ховд аймгийн МАХН-ын хорооны дарга, доктор Т.Батмөнх, Дорнод аймгийн МАХН-ын хорооны дарга Д.Батсүх нар маш идэвхтэй оролцсон. Хоёулаа Жасрай гуайн хүргэн Д.Аюушийн нутгийн өөлдүүд байв. “Хор найруулах” тухай ойлголт байгаагүй үе боловч санал бодлоо нэгтгэх нь чухал байлаа.
Маргааш нь хуралдаан товлосон цагтаа эхлэв. Илэрхий талцах шинжтэй болж эхлэхэд Б.Энхмандах надад “Чи Жасрай гуайн дэргэд очиж суу. Ямар ч тохиолдолд нэр татуулж болохгүй” гэж үүрэгдсэн. Үндсэн хуулиар Ерөнхийлөгчтэй зөвшилцөхгүйгээр Ерөнхий сайдыг томилох ямар ч боломж байгаагүй. Ерөнхийлөгч “Нэг намын хуралд дуудагдаж очихгүй” хэмээсэн тул МАХН-ын Төв Хорооны гишүүд бүрэлдэхүүнээрээ Төрийн ордны “А” танхимд очиж хуралдаанаа үргэлжлүүлсэн. Энэ үйл явдлаас эхлэн П.Очирбат гуайн нэр хүнд МАХН-ынхны дотор огцом унаж эхэлсэн юм. Нам, төрийн ажлыг зааглаж, Ерөнхийлөгчөөс эхлээд цэрэг, тусгай албад, гадаад харилцааны салбарынхан намаас түдгэлзсэн үе болохоор өөрөөр байх боломж байгаагүй биз ээ.
Халуухан яриа болсон доо. УИХ-ын гишүүнээр сонгогдоод байсан эдийн засагч С.Нямзагд “Та Жасрай гуайг царай муутай гэж голоод байгаа юм уу”, яруу найрагч Т.Очирхүү “Алт, мөнгөний хүүдийгээ сэгсэрчихсэн Засгийн газрыг авч явж, эдийн засгийн хямралыг даван туул гэж ард түмэн Жасрай гуайд үүрэг өгч байгаа юм. Өөр хүн олж харахгүй байна” гэхчлэн хурц, тод сонин үгүүд хэлж байсан нь одоо ч санаанд байна. Ерөнхийлөгч хэдийгээр Ч.Пүрэвдорж гуайг илт дэмжиж байсан боловч намын хамт олны саналыг хүлээн авахаас аргагүйд хүрсэн. Тэгээд ч санал хураалтаар П.Жасрай гуай Шадар сайдаас илт давуу санал авсан байлаа. Ийнхүү Алтай нутгийн малчин ардын хүү Пунцагийн Жасрай Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайдаар тохоон томилогдсон билээ.
Бид хоёр ойр дотно, үе үе уулздаг байв. Төр маань юутай ч цалин, тэтгэврээ сар сардаа өгч чаддаг болсон. 1996 оны хавар гэхэд улсын сан 5.5 тонн алттай, 120 сая ам.доллартай болсон байв.
1996 оны 3, 4 дүгээр сараас сонгуулийн уур амьсгал орж, тойргоо товлох, тохиролцох их ажил эхэлсэн. Сонгуулийг жижиг 76 тойргоор зохион байгуулсан юм. Ерөнхий сайд хоёр ч удаа урьж, амралтын өрөөндөө үдийн хоол өгсөн. Хавирга, сээр мэтийн жаахан чанасан мах, гурилтай шөл байх. Харин сонгуулийн талаар огт яриагүй боловч би нутгийн ахын санааг төвөггүй мэдэж байлаа. Эртнээс бодолтой, бэлтгэлтэй байг гэсэн сэтгэлээр би Даш-Ёндон даргатай уулзаж, “Энэ жилийн сонгуульд оролцохгүй ээ. Нэгд, гишүүний ажил надад төдийлэн таалагдсангүй, тэгээд ч би хүн муу хэлж, өөрийгөө өргөмжилж чадахгүй хүн. Хоёрт, Улс төрийн шуурганд өртөж олон жил хэлмэгдсэн манай аймгаас төрсөн ганц Ерөнхий сайдаа дэмжиж байна. Тэгээд ч сайн ажиллалаа шүү дээ” гэж хэлсэн.
Миний үг дорхноо Ерөнхий сайдад хүрсэн байлаа. Чуулганы завсарлагаанаар намайг Зэнээгийн хамт урьж, бид гурав өрөөнд нь нэлээд тухалсан. Зэнээ бид хоёр чамгүй халамцсан юмдаг. Надад хандаж буй хандлага нь талархсан сэтгэлийн нь илэрхийлэл байлаа. Харин сонгууль, тойргийн тухай нэг ч үг хэлээгүй.
УИХ-ын гишүүн Мэндийн Зэнээ Ерөнхий сайдад гүн хүндэтгэлтэй ханддаг байв. Нэг удаа бид хоёр С.Зоригийг дундаа суулгаж байгаад Жасрай гуайн ярьж байсныг хэлж өгч билээ. Зоригийн аав Санжаасүрэн гуайг П.Жасрай гуай онцгой хүндэтгэдэг байв. “Их сургуульд нэг жил сураад нүд овоо онгойгоод ирсэн. Тэгээд хавар нь гадаад улсад суралцах оюутан шалгаруулах шалгалт өгсөн чинь тэнцчихдэг юм байна. Бүр Социалист Герман улсад хэвлэлийн инженерийн мэргэжлээр гэж байгаа. Гэтэл манай декан Санжаасүрэн багш зөвшөөрдөггүй. Манайхны зарим оюутнууд “Хотынхон арын хаалгадаж байгаа юм. Хөдөөний бидэнд ийм гоё хуваарь яаж олдох вэ” гэцгээж байв. Харин багш өөр бодолтой байжээ. ЗХУ-д суралцах оюутан шалгаруулах шалгалтад өөрөө дуудаж оруулаад “Чи бол санхүү, эдийн засгийн талын хүн. Хэвлэлийн инженер болбол нэг цэнхэр халаадтай хүн хэвлэх үйлдвэрийн цехэд хамаг насаа өнгөрөөнө” гэснээр би Москвад Эдийн засаг, статистикийн дээд сургуульд суралцсан. Багш хүн шавиа таньдаг, хувь заяанд нь эцгийн ёсоор анхаардаг сайхан цаг байлаа” гэж Жасрай гуай ярьж байсан юм.
Сөрөг хүчний төлөөллийн хувьд С.Зориг Засгийн газарт их хатуу ханддаг байв. Харин бид хоёрын яриаг сонсоод, “Нээрээ тийм. Аавыг нутаглуулахад Засгийн газраас нэг улаан ноймортой “Волга” машин ирж үйлчилсэн. Ээж “Аавын чинь шавь Жасрай сайд унаагаа явуулжээ” гэж байсан” гээд нэг том санаа алдаж билээ. Түүнээс хойш С.Зориг Жасрай гуайд ширүүлээд байх нь илэрхий багассан юмдаг.
Аймгаасаа хоёр удаа сонгогдон УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаанд нь нутаг руугаа хэд хэдэн удаа хамт явсан. Тун нарийн дэглэмтэй. Өглөө жаахан замбайн гурил иднэ. Гурил, шар тос, элсэн чихрээ өөрөө авч явна. Өдөр бол гурилтай шөл. Оройд бараг юм идэхгүй. Зөөлөн дуугаар хууч их хөөрнө. Ер нь бага нас, аав ээж, нутаг усаа ярих их дуртай болчихсон байлаа. УИХ-ын “сул” гишүүн болсны дараахнаас зээ дүү С.Батынхаа байгуулсан Эдийн засгийн үндэсний дээд сургуульд багшилж, энэ ажилдаа их дуртай байсан. Бидэнд ч чөлөөтэй уулзаж ярилцах боломж нээгдсэн. “Аав намайг чи угаасаа багш хүн гэдэг байсан. Их өндөрт гарвал доошоо илүү хүчтэй унадаг юм шүү гэдэгсэн. Би ч бас унаж үзсэн, тэгэхдээ ард түмэн хэрэгтэй гэвэл дахиад гаргаад л ирдэг юм билээ” гэж хэлж байсныг санаж байна. Богинохон хугацаанд хоёр ч сайн ном бичсэн. Би номыг нь борлуулахад тусалдаг байв. Дурсамж, дуртгалын ном бичье, тэгэхдээ арай өөрөөр, гол нь эдийн засгийн бодлого боловсруулж, хэрэгжүүлж ирснээ зонхилон сургамжтай байх талаас нь анхаарна гэдэг байв.
Манай аймгийг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед хөгжиж чадаагүй үлдсэн цөөн аймгийн нэг гэсэн яриа байдаг. Харин Жасрай сайд өөр бодолтой байсан. “Манай аймгийнхан оюуны маш өндөр чадавхтай. Үеийн үед маш сайн багш, эмч нартай байсан. Энэ уламжлалыг л үргэлжлүүлэн хөгжүүлж авч явах юмсан” гэж олонтоо хэлж байсан. Бас “Ажиллах хүчин хуваарилан байршуулж байхад манай аймгийнхныг үйлдвэрийн хотуудад илүүтэй байршуулсан. Дархан, Эрдэнэт, Багануур, Хөтөлд хүртэл манайхан илүү олон бий. Чи нэг ажиглаарай” гэсэн нь яах аргагүй үнэн байв.
Жасрай гуай статистик, үнэ, төлөвлөгөөний төв байгууллагуудад хамт ажиллаж байсан нөхдөдөө илүү итгэж байх шиг санагддаг байв. “Манай Ч.Улаан улсынхаа эдийн засгийг толгойдоо багтааж чадсан цөөхөн хүний нэг. Д.Моломжамц, С.Банзрагч, Л.Зориг нарын олон сайн залуучууд байна. Эдэнд ачааны хүндийг үүрүүлмээр байгаа юм. Одоо л яг ид хийж бүтээх насандаа очиж байна даа” гэж бахархалтай нь аргагүй өгүүлдэгсэн. Түүнээс биш хүний тухай төдийлэн ярьдаггүй, илүү дутуу нэг ч үг амнаасаа унагадаггүй хүн байлаа.
2007 оны хавраас МАХН-ын Онц их хурал хуралдуулах шаардлага тавьсан жигүүр, хөдөлгөөнүүдийн үйл ажиллагаа идэвхжлээ. Онц их хурал хуралдуулахын төлөө гишүүдийн гарын үсэг цуглуулах хөдөлгөөн өрнөсөн. Хоёр сарын дотор 30000 гишүүн гарын үсэг зурсан юмдаг. Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Н.Энхбаяр Намын даргын болон Ерөнхий сайдын ажлыг М.Энхболдод өгсөн нь олонхийн шүүмжлэлтэй тулгарсан юм. М.Энхболдын сайн мууг ярихаасаа илүүтэй Н.Энхбаярын хаанчлал, бодлого, үйл ажиллагааг эсэргүүцэж байв.
Энэ үед бид хоёр С.Батын сургууль дээр нэг удаа уулзаж ярилцав. “Энэ Энхболд хэн нэгний дохио зангаагаар хөдлөх хүн биш. Ажилдаа өсөж яваа, зангарагтай, хачин тэвчээртэй хүү байгаа юм. Тэвчээр, хүлээц нь өндөр албан тушаал хашиж байгаа хүнд байвал зохих нэг том чанар яах аргагүй мөн. Сайхан Ерөнхий сайд харагдаад байгаа юм даа” гэж хэлж билээ. Онц их хурлын төлөө хөдөлгөөнд идэвхтэй оролцож байсан надад болон надаар дамжуулан бусдад хүргэх гэсэн сэтгэлийн нь үг байсан юм билээ.
МАХН-ын 25 дугаар их хурал Соёлын төв өргөөнд болсон. Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар сонгогдон ажиллаж байсан хүмүүс бүгдээрээ төлөөлөгчөөр сонгогдон оролцсон юмдаг. Буурал Г.Очирбат, Ц.Балхаажав гуай, П.Жасрай гуай, Ш.Гунгаадорж гуай нарын эрхмүүд нэг эгнээнд ярайтал суусан нь бахархалтай сайхан харагдаж байлаа. П.Жасрай гуай оройхон заалны баруун урд талд байрлуулсан микрофон дээр үг хэлсэн. Ирээдүйн хөгжил, технологийн хувьслын асуудлаар маш цэгцтэй, товч ярьсан.
Маргааш өглөө нь хуралдаанд ирэхэд Их Хурлын төлөөлөгчид танхимд байраа эзэлсэн бололтой нам гүм байв. Харин нэгдүгээр давхрын өлгүүрийн наахан талд Жасрай гуай уначихсан байлаа. Би гүйж очоод, сөхөрч суугаад толгойг нь өвдөг дээрээ авсан. Миний араас Их Хурлын төлөөлөгч, хүний эмч Б.Туяа гүйж ирээд хиймэл амьсгаа хийх гэж оролдсоноо толгой сэгсэрсэн. Удалгүй нэг их том харснаа эцсийн амьсгалаа татаж билээ. “Алтайн хөх байц” хэмээн олондоо алдаршсан, төрсөн нутгийнхаа бахархалт сайхан хүнийхээ буурал тэргүүнийг түших хувь ерөөл нутгийн нь дүүд оногдсон юм.
Нутагтаа очих бүртээ хөгшнийхөө хөшөөнд хадаг өргөдөг. Сайхан ч хөшөө болсон байна билээ. Тэртээ дээрээс элэгсэг дотно ширтэж, цаг наргүй зүтгэж явсан төрийн их ажил хэргээ үргэлжлүүлж байгаа юм шиг санагддаг, харагддаг юм даа.
УИХ-ын гишүүн асан, доктор, профессор В.АЛЗАХГҮЙ
“Үндэсний шуудан” сонин /дугаар 183 /