Улсын Их Хурлын 2020 намрын ээлжит чуулганы Хууль зүйн байнгын хорооны анхны хуралдаан өнөөдөр /2020.10.01/ 15 цаг 55 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.
Хуралдаан эхэнд Байнгын хорооны дарга С.Бямбацогт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 11.6-д заасны дагуу хуралдааны ирцийг гишүүний сонгогдсон тойрог, нэрээр нь дуудаж, танилцууллаа.
Уг тогтоолын төсөлд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн хууль санаачлагч нь өөрчлөгдсөн, зарим төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газраас санал авах шаардлагатай байгаа тул хавсралтад дурдсан хууль, УИХ-ын бусад шидйвэрийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаахаар тусгажээ. Мөн Байнгын хороодоос ирсэн саналыг үндэслэн уг тогтоолын хавсралтад 33 хуулийн төсөл, Улсын Их Хурлын таван тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаахаар тусгасан байлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хавсралтаас хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.
Иймд “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.