Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн өнөөдөр /2020.10.01/ Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Элчин сайд Филипп Мэрлин Элчин сайдын яамны үйл ажиллагааны талаар товч мэдээллийг өгөв. Мөн Франц улсын хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтын хүрээнд хоёр улсын хамтран хэрэгжүүлж байгаа “Нийслэлийн агаарын тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх”, “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх”, “Эгийн голын усан цахилгаан станц”, сэргээгдэх эрчим хүчний “Сайншанд салхин парк” зэрэг төслүүд болон Дорноговь аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Франц улсын хөрөнгө оруулалттай “Бадрах Энержи” ХХК–ийн үйл ажиллагааны талаар болон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, тулгарч буй асуудлыг шийдвэрлэн, шуурхай явуулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн, дурьдсан төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, шуурхай явуулахад тулгарч буй хүндрэлтэй асуудлыг судалж үзээд, хариуцлагатай хандах тал дээр идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.
Мөн хоёр орны парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулж, хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн тоог нэмэгдүүлэх тодорхой саналуудыг ноён Элчин сайдад тавьсан юм.
Элчин сайд Филипп Мэрлин дэлхий дахиныг хамарсан “Ковид 19” цар тахлаас шалтгаалж Монгол Улсын эрүүл мэндийн салбарт Францын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлдэг төслүүдийг хэвийн явуулахад бэрхшээл тулгарч байгааг дурьдаад, нөхцөл байдал таатай болсон үед төсөл, хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэх хүлээлттэй байгаа талаар тэмдэглэв.
Талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талаар хамтран ажиллахад санал нэгтэй байлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.