Цэс

Холбоо барих

УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын тэргүүнтэй онлайн уулзалт хийлээ

    Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ханнес Такаштай өнөөдөр /2020.10.02/ онлайн уулзалт хийлээ.


    Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлсэн болон  хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар тэмдэглэж, хамтын ажиллагаанд талархал илэрхийлэв. Үргэлжлүүлэн хөрөнгө оруулагчдад хууль эрх зүйн орчныг ил тод байлгах үүднээс ялангуяа хөрөнгө оруулалт, гадаад худалдааны холбогдолтой хуулиудыг төслийн шатанд нь болон батлагдсан даруйд англи хэл рүү хөрвүүлэхэд чадавхийг бэхжүүлэх дэмжлэгийн хүсэлт тавилаа. Мөн Монгол Улсын Их Хурал цахим парламент болохыг зорьж ажиллаж буй талаар болон Улсын Их Хуралд гадаад худалдаа, хөрөнгө оруулалт хариуцсан Түр хороо байгуулахаар шийдвэрлэснийг тэмдэглэж, Түр хороотой хамтран ажиллах хүсэлт, саналаа илэрхийлсэн юм.  


    Онлайн уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа байлцаж, Парламентын судалгааны хүрээлэнгийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, гол ажлын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ хуулийг англи хэл дээр хөрвүүлэхэд чадавхийг бэхжүүлэх шаардлагатай байгааг илэрхийлэв. 

    Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ханнес Такаш өнгөрсөн хугацаанд Монгол Улсад холбогдох хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах чиглэлээр үзүүлж ирсэн дэмжлэгийн талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ Улсын Их Хурлын Тамгын газрын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар байр сууриа илэрхийллээ.

    Мөн энэхүү онлайн уулзалтад Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Бүсийн ахлах эдийн засагч Эрик Ливни оролцож, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үйлдвэрлэгчдийг дэмжих, өрсөлдөх чадварыг сайжруулах, санхүүгийн хөрвөх чадвартай болгох төслийн судалгааг улс орнуудад, мөн Монгол Улсад явуулсан талаар тэмдэглэж, судалгааны дүнгийн талаар товч мэдээлэл өгөв.

    Ийнхүү талууд тодорхой санал, мэдээлэл солилцож, хамтран ажиллахад санал нэгдэхийн зэрэгцээ дараагийн уулзалтаар хамтын ажиллагааны чиглэлүүдээ илүү тодорхой болгохоор тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл