Монгол Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа нар өнөөдөр (2020.10.02) Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сергей Диордицатай уулзлаа.
Уулзалтаар талууд ДЭМБ болон Парламентын судалгааны хүрээлэнгийн хамтын ажиллагааны чиглэлийн талаар ярилцаж, санал солилцов. Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан Коронавируст халдвар (Ковид 19)-ийн цар тахлын эсрэг авах арга хэмжээний талаар УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжуудын талаар уулзалтын эхэнд танилцуулав. Тэрбээр цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд ДЭМБ-аас тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ.
УИХ-аас аливаа хууль, тогтоол шийдвэрийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, шинжилгээнд тулгуурлан гаргахад шинээр байгуулагдсан Парламентын судалгааны хүрээлэнгийн үүрэг өндөр байгааг онцлоод эрүүл мэндийн салбарын тогтолцоо, эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, шуурхай, хүртээмжтэй хүргэхэд чиглэсэн хууль, эрх зүйн орчныг бий болгоход ДЭМБ-ын зөвлөмж, дэмжлэг чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.
ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица эрүүл мэндийн салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулахын төлөө УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлээд ДЭМБ-аас хэрэгжүүлж буй зарим төсөл, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Мөн холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт, үнэлгээг хийх, бусад судалгааны чиглэлээр техникийн туслалцаа үзүүлж хамтран ажиллах боломжтой гэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.