Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр (2020.10.13) Төрийн албаны шинэтгэлийн үйл явцтай танилцах үйл ажиллагааг зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороо хамтран оролцов.
Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, холбогдох албаныхан Төрийн албаны шинэтгэлийн үйл явц, бодлого үйл ажиллагааны талаар танилцуулав.
Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 651 хоног өнгөрч байна. Энэ хүрээнд УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, Төрийн албаны зөвлөлөөс нийт 47 журам батлан хэрэгжүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар 198 мянга гаруй төрийн албан хаагчдын 60 орчим хувийг 1980 оноос хойш төрсөн залуучууд эзэлж байна. Залуу ахмад үеийн залгамж халаанд анхаарч, төрийн албаны үйл ажиллагааны арга барил, ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлага үүссэн. Чадахуйн /мерит/ зарчим, шатлан дэвших тогтолцоо, судалгаанд суурилсан шинэтгэлийг хийж байна. Төрийн албаны ерөнхий шалгалт 100 хувь цахим хэлбэрт шилжсэн, “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн нэгдсэн систем”-ийг өргөтгөн “Цалингийн нэгдсэн систем”-тэй холбох ажлыг хэрэгжүүлж, мэдээллийн технологи, инновацыг нэвтрүүлсэн гэдгийг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг онцлов.
Уулзалтын үеэр Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны чиглэлүүд болох Төрийн албан дахь Хүний нөөцийн аудитын газар, Маргаан хянан шалгах газар, Төрийн албаны сонгон шалгаруулалтын үйл явц, Төрийн албаны ерөнхий шалгалт, Төрийн албаны сургалт судалгааны талаар шинэ хуулийн хэрэгжилтийн хугацаанд хийсэн ажлын товч тайлангаа Төрийн албаны зөвлөлийн гишүүд, УИХ-ын байнгын хороодын дарга, гишүүд, төлөөлөгчдөд танилцууллаа.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан:
"- Төрийн албаны шинэ хуулийг дагаж мөрдөөд хоёр жил өнгөрлөө. Энэ хууль урьдах хуулиас зарчмын хувьд цоо шинэ хууль болсон. Энэ хууль төрийн албан хаагчдад тавигдах шаардлага, төрд орж ажиллах иргэдэд тавигдах шалгуур өндөрссөн. Төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, ёс зүйг чангатгасан. Төрийн албаны томилгоо бүхэн зөвхөн шатлан дэвших зарчимд үндэслэж хийгдэхийг хуульчилсан, төрд хохирол учруулсан албан тушаалтан эдийн засгийн хариуцлага хүлээх болсон. Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрх бүтэц бүрэлдэхүүнийг өргөжүүлж хараат бус ажиллах нөхцөл бололцоог хангасан гэх мэт шинэ зохицуулалт бий болсон. Энэ хуулиар Монгол Улсад төрийн албыг чадавхжуулах, шударга төрийн албатай болох, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилтыг тавьсан.
Өнөөдрийн байдлаар 198 мянган төрийн албан хаагч байна. Энэ дунд сайн, муу аль аль нь бий. Төрийн албаны хуулиар хэд хэдэн асуудлыг шийдэж чадсан. Гэхдээ цаашид эргэн харж, засаж сайжруулах зохицуулалт байгаа.
Өмнө нь хариуцлага алдсан төрийн албан хаагчдад хүлээлгэх хариуцлага тодорхой биш, сонгуулийн дараа төрийн албан хаагчдыг хоморголон ажлаас халдаг, хариуцлагагүй албан хаагчдаас болж төрд учирсан хохирлыг барагдуулах зэрэг олон тодорхойгүй асуудал байсныг өөрчилсөн. Төрийн алба анхан болон дунд шатандаа хүнд суртал ихтэй байгааг иргэд хэлдэг. Үүнийг хууль эрх зүйн орчны хүрээнд нь шийдээд явж байна.
Нөгөө талаар төрийн албан хаагчдынхаа нийгэм, эдийн засгийн асуудлыг нь бид шийдэх ёстой байгаа юм. Амьдрал дээр 400-500 мянган төгрөгийн цалин өгчихөөд хүний гар харахгүй, өдөр шөнөгүй ажил гэж шаардах нь учир дутагдалтай. Иймд төрийн албан хаагчдын ажлын гүйцэтгэлд суурилсан тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай байгаа юм. Хэн илүү чадварлаг, бүтээмжтэй ажиллаж байна, тэр хэрээрээ өндөр цалин авдаг, нийгмийн баталгаа нь хангагддаг болох ёстой. Ингэж байж жинхэнэ утгаараа төрийн албаны шинэчлэл хийгдэнэ. Олон улсын сайн жишгийг харахад ч ийм байдаг. "
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ:
"- Энэ удаагийн парламентад УИХ-ын Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааг өргөтгөж, Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хороог байгуулсан. Өнгөрөгч есдүгээр сард Улсын Их Хурал, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран төрийн байгууллагуудын Ёс зүйн зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөнийг “Итгэл даах төрийн албаны төлөө” уриан дор зохион байгуулсан. 25-аас дээш албан хаагчтай төрийн албанд Ёс зүйн зөвлөл ажиллах ёстой. Улсын хэмжээнд нийт 600 гаруй Ёс зүйн зөвлөл үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд эдгээр зөвлөлүүдийн дүрэм журмыг нийтлэг үзэл баримтлалд оруулах шаардлага бий болж байна. Энэ асуудлыг бид нэгдсэн зөвлөгөөний үеэр нарийн хэлэлцэж, төсөл боловсруулсан. Төрийн бүх шатанд ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй. Манай байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд төрийн албаны бүх шатны ёс зүйн хорооны асуудлыг удирдлага, арга зүйн талаас нь хариуцаж ажиллах үүрэг ногддог.
УИХ-ын намрын чуулганаар Төрийн албаны Ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг батлуулахаар ажиллаж байна. Одоогоор манай улсад улс төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагын чиглэлээр ямар нэг хуулийн зохицуулалт алга. Мөн төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын удирдлагууд, албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой асуудал орхигдсон байдаг. Энэ асуудлуудыг цогцоор нь шийдэхийн тулд хууль гаргах шаардлагатай байгаа юм. УИХ-ын гишүүдийн хариуцлагыг чангаруулсан. Тухайлбал, УИХ-ын гишүүд тангаргаасаа няцвал эгүүлэн татах зохицуулалтыг тусгасан. Түүнчлэн УИХ-ын гишүүдийн Ёс зүйн дүрмийн шинэчилсэн төслийг боловсруулаад дууссан. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудыг шинэчилж, гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагын талаар зохицуулалтыг оруулсан. Улам сайжруулах асуудал бий."
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал:
"-Төрийн албаны зөвлөл өнгөрсөн хугацаанд тодорхой ажлуудыг хийж, үр дүнд хүрсэнд баяртай байна. Тухайлбал, төрийн албаны нэгдсэн санг цахимжуулах ажлыг өндөр түвшинд зохион байгуулсан. Цахим шилжилтийг үр дүнтэй хийснээр төрийн албаны шалгалтыг аваад шууд дүнг нь тэр даруй олон нийтэд танилцуулдаг болсон. Технологид суурилсан шалгалтыг авснаар төрийн албыг шударга, ил тод, нээлттэй болгоход тодорхой хувь нэмэр оруулж байна. Ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, инновац нэвтрүүлдэг, орчин үеийн техник технологийг ашиглаж чаддаг байх шалгуурууд төрийн албан хаагчдад зүй ёсоор тавигдаж байна. Мерит зарчмыг тухайн ажил дээрээ хэдэн жил болсноор нь дүгнэдэг буруу жишиг байсан. Бодит утгаараа бол тухайн ажил дээрээ хүлээн зөвшөөрөгдөж байгаа байдлыг хэлдэг. Мөн тухайн ажилтны зэрэг ахих асуудлыг зөвхөн ажилласан жилээр нь тооцдогийг болих хэрэгтэй. Тухайн ажил дээрээ хүлээн зөвшөөрөгдсөн, мэдлэг чадвараа дээшлүүлсэн, үр бүтээлтэй ажилласан байдлыг нь харгалзан үздэг тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай. Төрийн албаны тухай хууль хэрэгжээд хоёр жил өнгөрсөн байна. Алдаа, оноотой зүйл бий. Гадаад, дотоодод нарийн мэргэжил эзэмшсэн залуучуудыг төрд ажиллуулах гэхээр Төрийн албаны хуулиар тогтоосон босгыг нь давдаггүй. Тухайлбал, парламентын цахим технологийг нэвтрүүлж, цаасгүй парламент болох эхлэлээ тавьсан. Засгийн газраас төрийн 180 гаруй үйлчилгээг цахимаар авдаг болголоо.
УИХ-ын намрын чуулганаар Төрийн цахим харилцааны тухай, Мэдээллийн өгөгдөл хамгааллын тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Эдгээр хуулиудыг дагаад 60 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт орно. Эдгээр хуулиуд батлагдвал бидэнд мэдээлэл, технологийн нарийн мэргэжлийн ажилтнуудын хэрэгцээ их болно.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд цахим шилжилтийг хийж байгаа. 21 аймаг, 330 сумдад шилэн кабель, 3G сүлжээ ороогүй газрууд олон бий. Тиймээс 2021 оны төсвийн хуулийн төсөлд орон нутгийн хатуу болон зөөлөн дэд бүтцийг сайжруулахад онцгой анхаарч, 23 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байгаа. Төрийн үйлчилгээний албан хаагчдад шаардлагатай тоног төхөөрөмж, технологийн асуудлыг нь шат дараатайгаар шийдээд явж байна. Тухайлбал, өнгөрсөн онд багш нарт шаардлагатай 6000 орчим зөөврийн компьютерыг шийдсэн. Эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүдийг өгч байна. Бид инновац, цахим шилжилтийн талаар хандлага, ойлголтоо өөрчлөх цаг болсон. Үндэсний хэмжээнд цахим соёлыг түгээхэд манай байнгын хороо манлайлж ажиллана. Цахим болон цаасан баримт бичгийг адил хэмжээнд хүлээн зөвшөөрдөг байдлыг хууль, эрх зүйн орчинд бий болгоно."
УИХ-ын байнгын хороодын дарга нар Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ Төрийн албаны салбар зөвлөлийн цахим хуралд оролцож, үүрэг чиглэл өглөө. Уг хуралд яам, агентлаг, аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн төлөөлөл оролцож, хууль эрх зүйн орчны талаар санал солилцсон юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.