Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.10.08) хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл, Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Япон Улсын Засгийн газраас коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээг дэмжин Монгол Улсад нийт 25.0 тэрбум иений (ойролцоогоор 233.0 сая ам.доллар) яаралтай тусламжийн зээлийн төсвийн дэмжлэгийг олгохоор шийдвэрлээд байна. Энэ хүрээнд “КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичиг болон Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын хооронд зээлийн хэлэлцээр байгуулахаар урьдчилсан байдлаар тохиролцоод байна. Яаралтай зээлийн эргэн төлөх хугацаа 15 жил бөгөөд үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил, зээлийн хүү жилийн 0.01 хувь, урьдчилгаа шимтгэл 0.1 хувь болно гэж байлаа.
Энэхүү яаралтай тусламжийн зээл нь Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад дэмжлэг үзүүлж, эдийн засгийг тогтворжуулан эрчимжүүлэх, иргэд, бизнес эрхлэгчдийг дэмжих, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, эмзэг бүлгийн иргэдийн амьжиргааг дэмжих зэрэг нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, Монгол Улсын төсвийг санхүүжүүлэхэд зарцуулахаар тусгагджээ.
Хуралдаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн Дэд сайд С.Мөнгөнчимэг болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. Зээлийн хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй тул Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл, Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар болов.
Үргэлжлүүлэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгох асуудлыг хэлэлцсэн.
Энэ үеэр Байнгын хорооны дарга Б.Жавхлан хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 83 дугаар тогтоолын хавсралтын 8.2. дахь заалтад Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнд УИХ-ын Төсвийн байнгын хорооноос хоёр, Засгийн газраас хоёр, Монголбанкнаас хоёр хүний нэр дэвшүүлж, хараат бус гурван гишүүнийг Төсвийн байнгын хорооноос нээлттэй сонгон шалгаруулалт зарлан нэр дэвшүүлж, Улсын Их Хурлын Төвсийн байнгын хорооноос томилно гэж заасны дагуу тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилсон. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хараат бус гишүүнээс нэг гишүүний сул орон тоо гарсан тул түүнийг нөхөх нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох урилгыг 2019 онд хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласныг онцлов.
Байнгын хороонд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хараат бус гишүүнд Г.Энхбаяр, Л.Отгонтуяа, О.Бат-Эрдэнэ нар нэрээ дэвшүүлж, холбогдох материалаа ирүүлсэн байна. Эдгээр нэр дэвшигчдээс нэг хүнийг Зөвлөлийн гишүүнээр томилох санал хураалтыг нууцаар, бичгээр явуулахаар болсон тул тооллогын комиссыг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, С.Амарсайхан, Г.Амартүвшин нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, ажиллав. Гишүүд санал хураалтын хуудсанд бичигдсэн гурван нэр дэвшигчдээс нэг хүний нэрийг дугуйлахаар журамлалаа.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хараат бус гишүүнд нэр дэвшигч Л.Отгонтуяа хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь буюу хамгийн олон санал авсан тул Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хараат бус гишүүнээр Ланганы Отгонтуяаг томилж, Ө.Эрдэнэбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болж энэ талаарх Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.