Цэс

Холбоо барих

Инфографик: Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

 Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит  чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ  удаа Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Тогтвортой амьжиргаа-3” төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

МОНГОЛ УЛС БОЛОН ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АССОЦИАЦИ ХООРОНДЫН ТОГТВОРТОЙ АМЬЖИРГАА-3 ТӨСЛИЙН НЭМЭЛТ САНХҮҮЖИЛТИЙН ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Тогтвортой амьжиргаа-3 төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.


Тогтвортой амьжиргаа-3 төсөл нь Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг дэмжих, орон нутгийн иргэдийн идэвхтэй оролцоотойгоор сангийн үйл ажиллагааг үр дүнтэй удирдан зохион байгуулахад аймаг, сумын төрийн албан хаагчийн чадавхыг бэхжүүлэх, төслийн хүрээнд хийж буй жилийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр сумдад гүйцэтгэлд суурилсан урамшууллыг нэмж санхүүжүүлэх үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байна. Тогтвортой амьжиргаа-3 төсөл Орон нутгийн хөгжлийн санг дэмжсэнээрээ Монгол Улсад орон нутгийн хөгжлийг дэмжих, төсвийн төвлөрлийг сааруулах, уул уурхайн орлогоос ашиг хүртэх, Монгол орны бүс нутгийн хөгжлийг тогтворжуулахад үр дүнтэй байна. 

Засгийн газраас хөгжлийн төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхэд туслах, чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагааг цаашид өргөжүүлэх, эдгээр асуудлыг шийдвэрлэхэд цаг хугацаа өгөх, цаашлаад Тогтвортой амьжиргаа-3 төслийн хөгжлийн нөлөөллийг институтчилэх, тогтвортой байлгахад туслах зорилгоор Дэлхийн банкнаас Тогтвортой амьжиргаа төслийн дуусах хугацаа /2020 оны 10 дугаар сарын 31/-г 24 сар хүртэл хугацаагаар сунгаж, нэмэлт 12 сая ам.доллар санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн.

Төслийн 3 дахь үе шатны нэмэлт санхүүжилтэд Олон улсын хөгжлийн ассоциациас ойролцоогоор 12.0 сая ам.доллар (8.8 сая Зээлжих тусгай эрх)-ын хөнгөлөлттэй зээл олгоно. Зээлийн хүү 1.25 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь, үйлчилгээний хураамж 0.75 хувь байх ба зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. 

Улсын Их Хурлын Тамгын газар

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл