Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга Г.Занданшатар Сүхбаатар дүүрэгт ажиллаж, эрх ашиг нь зөрчигдөж байгаа иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.10.09) Сүхбаатар дүүрэгт ажиллаж, “Ногоон нуур 1008 айлын орон сууц төсөл” болон “Үндэсний урлагийн их театр”-ын барилга барих талбайн газар чөлөөлөх ажлын явцтай газар дээр танилцав.


УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Соёлын сайд С.Чулуун, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай болон албаны бусад хүмүүс ажиллалаа.

“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн бүтээн байгуулалтын ажил ирэх хавар эхэлнэ

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл хэрэгжинэ. Монголын талаас газар чөлөөлөх, зураг төсөл бэлэн болгох, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээсэн.



Төсөл хэрэгжүүлэх байршилд 2012-2013 онд газар чөлөөлөлт хийгдсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/617 дугаар захирамжаар 3.8 га газар эзэмших эрхийг хуучин нэрээр Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газарт шилжүүлсэн. Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар 1.9 га газар буюу 36 нэгж талбарыг чөлөөлөх шаардлага бий бөгөөд эдгээр байршилд авто зам, авто зогсоол, ногоон байгууламж, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл 30 сарын хугацаанд хэрэгжих бөгөөд 21 давхар, зоорьтой, 8 блок барилга баригдах юм байна. Ирэх хавраас бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэдгийг салбарын сайд хэллээ.


Үндэсний урлагийн их театрыг барих талбайн газар чөлөөлөлт 80 хувьтай байна

Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийт 10 га газарт Үндэсний урлагийн их театр барихаар төлөвлөсөн. Энэ дагуу 160 айлын газрыг чөлөөлөх бөгөөд одоогийн байдлаар 91 айл газраа бүрэн чөлөөлсөн бол 20 айл газраа чөлөөлөхөд бэлэн болж зөвшилцөх шатанд явж байна. Үлдсэн 50 айлтай зөвшилцөх ажлыг хуулийн дагуу хийхээр төлөвлөөд байгаа юм. Газар чөлөөлөлт өнөөдрийн байдлаар 80 хувьтай байна гэж нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай танилцуулав. Үндэсний урлагийн их театр нь 800 орчим хүний суудал бүхий найрал хөгжмийн тоглолтын танхим, 1500 хүний суудал бүхий дуулалт жүжиг, бүжгэн жүжгийн тоглолтын танхим, 2500 орчим хүний суудалтай бүх төрлийн тоглолт, үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой танхимтай байх юм.



100 айлын цагаан байрны иргэдийн эрх ашиг зөрчигдөж байна

Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ц.Мөнхцэцэг нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг нь сонсож, гарц шийдлийн талаар ярилцлаа. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Хангай” хотхоны оршин суугчдын эрх зөрчигдөж байна. Тодруулбал, "Хангай" хотхонд орон сууцанд орсон иргэд “Гранд лайн” ХХК болон “Бэрэн” ХХК-ийн хоорондын өр зээлийн асуудлаас болж байрныхаа гэрчилгээг авч чадахгүй байгаа аж. Мөн түрээсийн байранд оршин суугчид таван жилийн өмнө “Бэрэн” групптэй гэрээ хийхдээ нэг кв.м 1.3 сая төгрөгөөр тооцжээ. Гэтэл Засгийн газраас түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны журмыг гаргасны дараа дээрх үнэ 1.8 сая болж өссөн. Ингэхдээ дахин гэрээ байгуулж, өмнөх таван жилийн турш төлсөн төлбөрийг тооцохгүй гэжээ.



Орон сууцтай холбоотой асуудал Сүхбаатар дүүргийн  10-р хороонд мөн тулгарчээ. Бидний хэлдгээр 100 айлын  цагаан нийтийн байрныхан олон жил хүнд байдалтай байна.  Тус орон сууц анх 1946 онд баригдсан. Нийт долоон байрны 320 өрх буюу 1.500-1.800 иргэний эрх ашиг зөрчигдөж байна. Одоогоор энд 200 өрх амьдарч байна. Орон сууц барих асуудлаар 14 удаа тендер зарласан боловч нэг ч компани оролцоогүй байна. 100 айлын цагаан байрны иргэдийн эрх ашгийг хамгаалж, улсын болон орон нутгийн төсөвт суулгаж, яаралтай орон сууц барьж өгөхийг хүсэж байгаагаа иргэд хэллээ.



Мөн гүний нэг худагтай, гаднаа 13 хүний нийтийн ариун цэврийн байгууламжтай. Өнгөрсөн жил улсын төсвийн хөрөнгөөр 240 хүүхдийн цэцэрлэг баригдсан ч цагаан байрны айлуудын хүүхдүүдийг авахгүй ялгаварладаг гэдгийг оршин суугчид хэлж байлаа.



УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ц.Мөнхцэцэг нар иргэдийн эрх ашгийг хамгаалж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллана гэдгээ илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл