Цэс

Холбоо барих

Инфографик: Конвенц соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит  чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай америкийн улсууд хоорондын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.


ЭРҮҮГИЙН ЯЛ ШИЙТГЭЛИЙГ ГАДААД УЛСАД ЭДЛҮҮЛЭХ ТУХАЙ АМЕРИКИЙН УЛСУУД ХООРОНДЫН КОНВЕНЦЫГ СОЁРХОН БАТЛАХ 

ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. 

Ялтан шилжүүлэх асуудал нь хоёр талт болон олон талт гэрээний үндсэн дээр үр дүнтэй хэрэгждэг практик олон улсад тогтсон байдаг. Монгол Улс гадаад орнуудтай ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсанхоёр талт гэрээ 11-ийг байгуулсан (Орос, Турк, Польш, Куба, Канад, Солонгос, Энэтхэг, Хятад, Казахстан, БНХАУ-ын ЗЗОБ Хонконг, БНХАУ-ын ЗЗОБ Макао, Вьетнам). Түүнчлэн Ялтан шилжүүлэх тухай Берлиний 1978 оны конвенц, Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн 1983 оны конвенцод тус тус нэгдэн орсон байна. 

Ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулаагүй аливаа улстай ялтан шилжүүлэх асуудлыг харилцан адил байх зарчимд үндэслэн дипломат шугамаар тухай бүр харилцан тохиролцож шийдвэрлэдэг бөгөөд зарим улс ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулаагүй тохиолдолд ялтан шилжүүлэхээс татгалздаг. Тухайлбал: Америкийн Нэгдсэн Улс.


Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенцод Америкийн улсуудын байгууллагын гишүүн болон гишүүн бус нийт 21 улс нэгдэн орсон байна. Тухайлбал: Монгол Улсын иргэд ихээр зорчдог Америкийн Нэгдсэн Улс, Канад, Бразил, Мексик зэрэг улсууд багтсан байна. Энэхүү конвенцын гишүүн улсуудтай гадаадад хорих ял эдэлж буй иргэдийг эх орондоо ял эдлэх боломжоор хангах, гадаад орнуудтай ялтан шилжүүлэх ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх үүднээс Монгол Улс Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенцод нэгдэн орох нь зүйтэй гэж үзжээ. 

Тус конвенц нь 19 зүйлтэй бөгөөд ялтан шилжүүлэх нөхцөл, ялтны мэдээлэл, ялтан шилжүүлэх хүсэлт гаргах, хүсэлтэд тавих шаардлага, ялтан шилжүүлэхээс татгалзах үндэслэл, ялтныг шилжүүлэхэд гуравдагч улсаар дамжин өнгөрүүлэх нөхцөл, ялыг үргэлжлүүлэн эдлүүлэх зэрэг үндсэн асуудлыг тусгасан байна. Монгол Улс тус конвенцыг соёрхон баталж, батламж жуух бичгээ Америкийн улсуудын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын газарт хадгалуулахаар хүргүүлсэн өдрөөс хойш 30 дахь өдөр хүчин төгөлдөр болно.

Энэхүү конвенцод нэгдэн орсноор Монгол Улс бусад улстай байгуулсан хоёр талт болон бусад олон талт гэрээ, хэлэлцээрийн үйлчлэл түүнчлэн шинээр өөр хууль боловсруулах, бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлагагүй юм.


Улсын Их Хурлын Тамгын газар 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл