Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр (Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл)-ийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
МОНГОЛ УЛС БОЛОН ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АССОЦИАЦИ ХООРОНДЫН САНХҮҮЖИЛТИЙН ХЭЛЭЛЦЭЭР
(УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААН ХАНГАМЖИЙН ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ)-ИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙн ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр (Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл)-ийг соёрхон батлах тухай хуулийг Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдсон хэрэглэгчдийн ачаалал 2900 Гкал/цаг, жилд түгээж байгаа дулааны эрчим хүч 6 сая Гкал байгаа бөгөөд, дулааны эрчим хүчний эрэлт жилд 5-8 хувиар тогтмол нэмэгдэж байгаатай холбогдуулан одоо байгаа шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар хүрэлцэхгүй болж хүчин чадлын дутагдалд орсноос гадна нийт шугам тоноглолын 40 хувийнх нь ашиглалтын хугацаа 20-30 жилээр хэтэрч гэмтэл саатал ихээр гарч дулаан хангамжийн тасралтгүй, найдвартай байдлыг алдагдуулж байна.
“Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх“ төслийг Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлснээр ДЦС-3 үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг хотын сүлжээнд дамжуулдаг үндсэн гол шугам болох 5а, 3г магистралийг өргөтгөн шинэчлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлууд руу дулааны шугам шинээр татах ажлуудыг эхний ээлжинд хэрэгжүүлнэ.
Төсөл хэрэгжсэнээр дамжуулах сүлжээний нэвтрүүлэх чадвар 40-100 Гкал/ц-аар нэмэгдэж, ингэснээр ДЦС-4 ХК-ийн 10а магистраль, Ф1200мм-ийн сүлжээнээс хангагдаж байгаа Их тойрог, Бага тойрог орчмын 60 Гкал/ц ачааллыг ДЦС-3-ын ДДХ-т шилжүүлж, Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо, орон сууцны VII хороолол, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Гандантэгчинлэн хийд, Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11 дүгээр хороо Дэнжийн 1000, Баянгол дүүргийн 11 дүгээр МҮОНРТ орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдах 20 мянган айлын орон сууц, 3 мянган хүүхдийн сургууль, 7 мянган хүүхдийн цэцэрлэг, 10 мянган ажлын байрыг дулааны эрчим хүчээр хангах техникийн боломжийг бүрдүүлнэ.
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас нийт 41.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг олгох ба зээлийн хүү 1.25%, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5%, Үйлчилгээний хураамж 0.75%, зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлнө.
Улсын Их Хурлын Тамгын газар