Цэс

Холбоо барих

С.Бямбацогт: УИХ-ын гишүүд төрийн бус байгууллага, нутгийн зөвлөл, холбоо удирдахыг хориглосон

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар  Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийлээ. 


УИХ-ын гишүүн С.Бямбацогт, “Энэ удаагийн парламентын отгон чуулганаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн өөрчлөх шаардлагатай хууль, тогтоомжуудыг хэлэлцэж байна. Үүний нэг нь Монгол Улсын Их Хурлын тухай болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл байлаа. Монгол Улсын Үндсэн хуульд төрийн эрх барих дээд байгууллага нь Монгол Улсын Их Хурал байхаар хуульчилсан. Иймд эдгээр хуулиудыг шинэчлэн баталлаа. 

Монгол Улсын Их Хурлын тухай хууль нь 7 бүлэг, 51 зүйлтэй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн ард түмний засаглах эрхийг хангахад энэ хуулийн зорилго оршиж байна. Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага бол ард түмнийг төлөөлөх гол байгууллага гэдгийг Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуульд тодорхой зааж өглөө. Монгол Улс цаашид парламентын засаглалтай байна гэдгийг баталгаажуулсан. 

УИХ-ын гишүүдийн хариуцлага, ёс зүйн асуудлыг чангаруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, тангаргаасаа няцаж, хууль зөрчвөл хариуцлага хүлээх нарийвчилсан зохицуулалтуудыг оруулж өгснөөрөө чухал ач холбогдолтой болж байна. 

УИХ-ын гишүүдийн тодорхой эрхүүдийг хязгаарласан. Тухайлбал, өмнө нь гишүүд тойрог бүртээ төсөв тавиулж, төсвийн орлого болон зарлагын хэмжээг нэмэгдүүлж, өрөнд оруулдаг байдал хавтгайрсан байсныг Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуульд, улсын төсвийн зарлага болон алдагдлыг нэмэгдүүлэх хуулийн төсөл санаачлах эрхийг нь хязгаарлав. Мөн гишүүд аливаа хуулийн төслийг санаачлахдаа Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хүрээнд ажиллах зохицуулалтыг оруулсан. 

Түүнчлэн гишүүд янз бүрийн сонгуульт албан тушаал хашдаг байдлыг хязгаарласан. Тодруулбал, гишүүд төрийн бус байгууллага, нутгийн зөвлөл, холбоодыг удирдаж болохгүй байхаар тусгасан. Мөн санаачлах хуулийн төсөлд хязгаар тогтоож өгсөн төдийгүй бусдыгаа гүтгэсэн тохиолдолд хариуцлага хүлээж байхаар тусгасан. 

Ингэснээр УИХ-ын гишүүд үндсэн чиг үүрэг болон хууль тогтоох, түүний хэрэгжилтэд хяналт тавих, ард түмнээ төлөөлөх үүргээ хэрэгжүүлэх бололцоог бүрдүүллээ” хэмээн мэдээллийн эхэнд танилцуулав. 


Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчлэлээр УИХ-ын чуулганы хуралдааны үргэлжлэх хугацааг ажлын 75-аас доошгүй хоног байхаар нэмэгдүүлсэн юм. Намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдөр эхэлж, 02 дугаар сарын 01-ний өдөр дуусахаар, Хаврын ээлжит чуулган 03 дугаар сарын 15-ны өдөр эхэлдэг байхаар тусгажээ. 

Мөн хуулийн хэлэлцүүлгийн тоог нэмэгдүүлж, хуулийн төслийг хэлэлцэх эсэх, анхны хэлэлцүүлэг, эцсийн хэлэлцүүлэг, эцэслэн батлах гэсэн дөрвөн үе шаттайгаар хэлэлцэн батлах төдийгүй, эцэслэн батлахдаа нийт гишүүдийн олонхын саналаар буюу 39-өөс дээш гишүүний саналаар баталж байхаар босгыг өндөрсгөсөн байна. 

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, С.Бямбацогт, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Я.Санжмятав, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн нар санаачлан боловсруулж, 2020 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. 

Энэ хуулийн талаар УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Мөнхбат сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. 14 бүлэг, 126 зүйлтэйгээр баталсан энэ хуулиар хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг бүтээмжтэй, үр нөлөөтэй байлгах, асуудлыг ажил хэрэгч, шударга зарчмаар шийдвэрлэхэд чиглэсэн гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэв. 

Анхдугаар чуулганыг зохион байгуулах, Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох, Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөхтэй холбоотой харилцааг шинээр болон өөрчлөн найруулсан байна. Тухайлбал, Ерөнхий сайд томилогдсоноос хойш ажлын 14 хоногийн дотор Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр зохицуулжээ. Мөн Засгийн газрын гишүүдийн хүн нэг бүрээр УИХ-д танилцуулах бөгөөд УИХ-аас ямар нэгэн шийдвэр гарахгүйгээр танилцуулснаар томилогдсонд тооцно. Засгийн газрын гишүүний тангараг өргөх журмыг УИХ-аас баталжээ. 

Мөн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар нэгдсэн хуралдаан тухайн төслийн талаар олон нийтээс санал авахаар шийдвэрлэсэн бол холбогдох Байнгын хороо уг ажлыг анхны хэлэлцүүлэг явуулахаас өмнө санал авах ажлыг зохион байгуулахаар нарийвчлан зохицуулжээ. 

Мэдээллийн төгсгөлд гишүүд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл