Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.05.12/ хуралдаан 15.30 цагаас эхэлж зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Эхлээд Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр онцгой байдлын байгууллагын алба хаагчийн нийгмийн баталгаатай холбоотой заалтуудыг 2021.01.01-нээс дагаж мөрдөх шаардлага үүсэж байна гэсэн горимын санал гаргаснаар горимын саналыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүд дэмжлээ.
Ингээд хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Дараа нь Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Үг хэлэх, асуулт асуух, санал гаргах гишүүн байсангүй. Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулган нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.
Дараа нь Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр /Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл/-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн танилцуулгыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хийв.
Төслийн хүрээнд ДЦС-3-т үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг хотын сүлжээнд дамжуулдаг үндсэн гол шугам болох 5а, Зг магистралийг өргөтгөн шинэчлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлууд руу дулааны шугам шинээр барих ажил хийгдэх юм байна.
Төслийг хэрэгжүүлэхэд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас нийт 41.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгох бөгөөд зээлийн хүү 1.25 хувь байх юм. Зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө.
Дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад санал дэмжигдсэнээр хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Дараа нь Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр /”Тогтвортой амьжиргаа 3” төслийн Нэмэлт санхүүжилт/-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран 2002 оноос хойш "Тогтвортой амьжиргаа 1, 2” төслийн хүрээнд орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний чанарыг сайжруулахад нийт 65.7 сая ам.долларын төсөл хэрэгжүүлсэн бөгөөд үүний үргэлжлэл болгон “Тогтвортой амьжиргаа-3” төслийн хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам, холбогдох хууль, эрх зүйн өөрчлөлтүүдийг сайжруулан боловсруулж, батлуулж, мөрдүүлэх, орон нутгийн иргэдийн идэвхтэй оролцоотойгоор Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг үр дүнтэй удирдан зохион байгуулахад аймаг, сумын төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, төслийн хүрээнд хийгдэж буй жилийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр сумдад гүйцэтгэлд суурилсан урамшууллыг нэмж санхүүжүүлэх үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байна.
Төслийн үр дүнд Орон нутгийн хөгжлийн сангийн удирдлага, зохион байгуулалт сайжирч байгаа ба төслийг дэмжсэнээр орон нутгийн хөгжлийг дэмжих, төсвийн төвлөрлийг сааруулах, уул уурхайн орлогоос ашиг хүртэх, Монгол орны бүс нутгийн хөгжлийг тогтворжуулахад үр дүнтэй тул "Тогтвортой амьжиргаа-3” төслийн хөгжлийн нөлөөллийг цаашид тогтвортой байлгахад дэмжих зорилгоор Дэлхийн банкнаас төслийг одоогийн дуусах огноо болох 2020 оны 10-р сарын 31-ний өдрөөс эхлэн хоёр жилээр сунгаж, нэмэлт 12 сая ам.доллар санхүүжилтийг олгохоор шийдвэрлээд байгаа юм.
Зээлийн санхүүжилтийг Олон улсын хөгжпийн ассоциациас олгох бөгөөд зээлийн хүү 1.25 хувь байх ба зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө.
Дээрх хуулийн төслийг дэмжье гэсэн томъёоллор санал хураалт явуулахад гишүүд дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Дараа нь Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Ажлын хэсгийн болон Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг тус бүрт нь танилцуулав.
Хуулийн төсөл болон Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Ц.Цогзолмаа, Ж.Энхбаяр нар асуулт асууж, хариулт авснаар Ажлын хэсгээс боловсруулсан саналаар санал хураалт явуулж, шийдвэрлэв.
Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Төгсгөлд нь Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцуулж, танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан асуулт асууж, хариулт авав.
Тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.