Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын Тамгын газар хуулиар хүлээсэн чиг үүргээ бүрэн хангалттай хэрэгжүүлж байна гэж дүгнэлээ


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.05.12) хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв. Хуралдаанд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Тамгын газрын хэлтэс нэгжийн удирдлагууд оролцлоо.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Тамгын газрын 2019 оны үйл ажиллагааны тайланг танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын удирдлагаас дэвшүүлсэн парламентын шинэчлэлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, ард түмний засаглах эрхийг хангаж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, парламентын хяналтын чиг үүргийг сайжруулах, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх эрх зүйн хувьсгал-ыг эхлүүлэх гээд түүхэн өөрчлөлт өрнөсөн 2019 онд Улсын Их Хурлын Тамгын газар их ачаалалтай, өндөр бүтээмжтэй ажиллаж, Тамгын газрын хүний нөөц, чадавхыг бүрэн дайчилж ажилласныг тэрбээр танилцуулгадаа онцлов.


Мөн Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Тамгын газрын 2018 оны ажлын тайланг хэлэлцээд хуралдааны тэмдэглэлээр өгсөн 3 чиглэлийн үүргийг хэрэгжүүлэх 17 заалт бүхий төлөвлөгөө гарган бүрэн хэрэгжүүлж ажилласныг дурдаад Тамгын газраас 2019 онд хэрэгжүүлсэн онцлох 10 ажлын талаар гишүүдэд товч танилцуулсан юм.

1.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах түүхэн үйл хэрэгт өндөр түвшний мэргэжил, арга зүй, техник зохион байгуулалтын туслалцаа үзүүлж, хүний нөөцийг бүрэн дайчлан ажилласан. Энэ хугацаанд Улсын Их Хурлын ээлжит чуулган 2 удаа, ээлжит бус чуулган 2 удаа болж, шинэ амжилт тогтоосон байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцсэн Улсын Их Хурлын чуулганы 16 удаагийн нэгдсэн хуралдаан, Байнгын хороодын 24 удаагийн хуралдааны зохион байгуулалтын бэлтгэл ажлыг ханган ажилласан.


“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн томъёоллыг бэлтгэх, үр нөлөөний үнэлгээ боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсэг” болон “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналын хувилбар боловсруулах үүрэг бүхий эрдэмтэн, судлаачдын ажлын дэд хэсэг”-үүд нийт 70 удаа хуралдахад мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлсэн байна.

2.УИХ-аас 2002 онд баталсан “Монгол Улсын Их Хурлын Стратеги төлөвлөгөө”-г 17 жилийн дараа шинэчилж, ард түмний засаглах эрхийг хангасан парламентыг төлөвшүүлэх шинэ зорилгыг тодорхойлох ажилд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, батлуулсан. Монгол Улсын Их Хурлын 2019-2024 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө нь 2002 онд батлагдсан Стратеги төлөвлөгөөнөөс стратегийн зорилт, зорилго, хэрэгжүүлэх арга хэмжээний цар хүрээний хувьд илүү өргөн агуулгатай бөгөөд Олон Улсын Парламентын Холбоо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын зөвлөмж, гадаад орнуудын парламентын стратеги төлөвлөгөөний бүтэц, загварыг судлан өөрийн орны парламентын онцлогтой нийцүүлэн шинэчилж боловсруулснаараа  ач холбогдолтой болсон.


3.Улсын Их Хурлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоонд суурилсан мэдээллээр хангах ажлыг сайжруулах зорилгоор Парламентын судалгааны хүрээлэн байгуулж, судалгаа шинжилгээ, сургалт, номын сангийн цогц үйлчилгээ үзүүлэх чадавхыг бий болголоо.

4.Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог хангах, Нийтийн сонсгол, нээлттэй хэлэлцүүлгийг холбогдох хуулийн дагуу явуулж, парламентад шинэ практик бий болгов. Хууль боловсруулах, хэлэлцэх шатанд иргэдийн оролцоог хангах чиглэлээр шинэчлэл хийж, нээлттэй хэлэлцүүлэг, нийтийн сонсгол 60 гаруй удаа зохион байгуулав.

5.Мэдээллийн дэвшилт технологи ашиглаж “Хурууны хээгээр идэвхждэг санал хураалтын систем”-ийг парламентын үйл ажиллагаанд анх удаа амжилттай нэвтрүүлснээр Улсын Их Хурлын хуралдааны ирц дунджаар 60 хувьд хүрлээ.

6.Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх байнгын тогтолцоо бүрдүүлж, нэгжийн чиг үүрэгт өөрчлөлт оруулж өргөтгөсөн.

7.Төлөөллийн ардчиллыг бэхжүүлж, Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь төрийн бодлогын залгамж чанарыг хадгалсан, шилдэг туршлагад тулгуурласан мэргэжлийн, шинэлэг, үр бүтээлтэй үйлчилгээг үзүүлэх зорилгоор “Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын стратеги төлөвлөгөө”-г 4 жилийн хугацаанд хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр боловсруулж баталлаа.

8.Тамгын газрын “Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр”-ийг баталж, байгууллагаа өндөр мэдлэгтэй, баялаг туршлагатай хүний нөөцөөр бүрдүүлж, тэднийг цаашид хөгжих, мэргэших, нийгмийн баталгаагаа хангуулах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг бий болгосон. 

9.Тамгын газрын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй 79 эрсдэлтэй хүчин зүйлийг тодорхойлж, бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагаанд 115 зөрчил дутагдал байгааг илрүүлж, зөрчлийг арилгах арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласнаар Улсын Их хурлын Тамгын газрын үйл ажиллагааг сайжруулах, байгууллагын үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүллээ.

10.Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн 19 орон, олон улсын байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцсон Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх чуулганыг Монгол Улсад зохион амжилттай байгуулсныг онцлон дурдаж танилцуулсан юм.


Мөн Тамгын газраас хийж хэрэгжүүлж байгаа зарим ажил, үйлчилгээ, түүний үр дүнгийн талаар танилцуулсны зэрэгцээ Улсын Их Хурлын Тамгын газар 2020 онд Байнгын ажиллагаатай парламент үүсэж, Парламентын Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд 30 бүтээлч ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг товч танилцуулав.

Улсын Их Хурлын Тамгын газар энэхүү түүхэн ойг угтаж, Улсын Их Хурлыг сонгох 7 дахь удаагийн сонгуулиар бүрдсэн өнөөгийн Улсын Их Хурлын үйл ажиллагааны үр дүн, тоон мэдээллийг нэгтгэн “Түүхэн товчоон” номыг хэвлэн гаргаж, олон нийтэд сурталчлах, Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгуулиар байгуулагдах парламентын  Анхдугаар чуулган болон ээлжит чуулганы  бэлтгэлийг бүрэн хангах, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй нийцүүлэн тэргүүн ээлжинд шийдвэрлэх шаардлагатай 20 орчим хууль тогтоомжид оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийг өргөн мэдүүлэх, Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг бүрэн хангаж шийдвэрлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Мөн олон улсын ”Нээлттэй парламентын тунхаг”-ийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлж, Улсын Их Хурлын ил тод, нээлттэй байдлыг хангах, парламент ба олон нийтийн харилцааг бэхжүүлэх, парламентат ёсыг төгөлдөржүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Улсын Их Хурлаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн газартай хамтран Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын VI чуулганыг Улаанбаатар хотод зохион байгуулах бэлтгэлийг хангаж хэрэгжүүлэх, Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төв, танхимыг орон нутгийн өөрөө удирдах байгууллагыг түшиглэн ажиллуулж, үйл ажиллагаанд нь мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж тогтмолжуулах, Мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдлын бодлогыг шинэчлэн боловсруулж, цахим парламент болох зорилтыг хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөж байгааг танилцуулсан юм.


Тамгын газрын 2019 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаас асуулт асууж тодруулан хариут авсан юм. Харин тайлан, танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Энхболд нар үг хэлж, Улсын Их Хурлын Тамгын газар нь хуулиар хүлээсэн чиг үүргээ бүрэн хангалттай хэрэгжүүлж байна гэж үзэж байгаа, ялангуяа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах, холбогдох судалгаа гаргах, олон нийтийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах, төслийг хэлэлцүүлж батлуулах ажилд бүх нөөц боломжоо дайчлан ихээхэн ачаалалтай, бэлтгэл, зохион байгуулалт сайтай, идэвхтэй ажилласанд талархаж буйгаа илэрхийлэв. Цаашид төрийн албан хаагчдыг сэлгэж ажиллуулдаг практикийг сайн нэвтрүүлэх, судалгааны ажлын арга, хэлбэрийг боловсронгуй болгож улам чамбайруулах, шинээр батлагдсан Улсын Их Хурлын Стратеги төлөвлөгөөг барьж, ажил хэрэг болгож хэрэгжүүлэхэд анхаарах нь чухал гэдгийг үг хэлсэн гишүүд онцолж байв.

Байнгын хорооны дарга С.Бямбацогт эцэст нь хэлэхдээ, Улсын Их Хурлын Тамгын газар 2019 онд, түүнчлэн 2016-2020 оны Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх үүргээ бүрэн дүүрэн биелүүлснийг онцолж байна. Тухайлбал, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх түүхэн үйл хэрэгт өндөр түвшний мэргэжил, арга зүй, техник зохион байгуулалтын туслалцаа үзүүлж, хүний нөөцийг бүрэн дайчлан ажилласан. Улсын Их Хурал 11 сар тасралтгүй, завсарлагагүй хуралдсан нь түүхэн дээд үзүүлэлт болсон бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 158 хоног тасралтгүй хэлэлцэн баталсан нь бас нэгэн шинэ амжилт болон үлдэж байна. Энэхүү үйл хэрэгт Тамгын газраас мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын зөвлөгөө, туслалцааг бүрэн үзүүллээ.


Ард түмний засаглах эрхийг хангасан парламентыг төлөвшүүлэх зорилгыг тодорхойлж, түүний хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөг боловсруулан, батлахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж ажилласан. Монгол Улсын Их Хурлын 2019-2024 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө нь 2002 онд батлагдсан стратеги төлөвлөгөөнөөс стратегийн зорилт, зорилго, хэрэгжүүлэх арга хэмжээний цар хүрээний хувьд илүү өргөн агуулгатай бөгөөд Олон Улсын Парламентын Холбоо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын зөвлөмж, гадаад орнуудын парламентын стратеги төлөвлөгөөний бүтэц, загварыг судлан өөрийн орны парламентын онцлогтой нийцүүлэн шинэчилж боловсруулснаараа ач холбогдолтой болсныг цохон тэмдэглэх нь зүйтэй. Үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэл, нотолгоонд суурилсан судалгаа, мэдээлэл, лавлагаагаар хангаж дэмжлэг үзүүлэх Парламентын судалгааны хүрээлэнг байгуулсан. Мэдээллийн дэвшилтэт технологи ашиглаж “Хурууны хээгээр идэвхждэг санал хураалтын системийг парламентын үйл ажиллагаанд анх удаа амжилттай нэвтрүүлж, улс оронд үүсээд байгаа онцгой нөхцөлийн үед Улсын Их Хурлын үйл ажиллагааг тасралтгүй үргэлжүүлэх зорилгоор Улсын Их Хурлаас батласан цахим дэгийг амжилттай хэрэгжүүлэн, Байнгын, дэд, түр болон нэгдсэн хуралдааныг зохион байгуулан ажиллаж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэхтэй холбоотой Улсын Их Хурлын 2020 оны 2 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлыг амжилттай хэрэгжүүлэн, төслүүдийг өргөн мэдүүлэх, хэлэлцүүлэхэд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцааг үзүүлэн 100 хувийн үр дүнтэй ажилласныг сайшаан тэмдэглэж байна гэдгийг онцоллоо.

Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын 2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцээд Тамгын газар 2018 онд тавьсан зорилтоо хангаж, удирдлага, зохион байгуулалт, мэргэжлийн зохих түвшинд идэвх зүтгэлтэй ажилласан гэж дүгнэн цаашдын үйл ажиллагаанд анхааран хэрэгжүүлэх зарим асуудлыг чиглэл болгохоор шийдвэрлэснийг Тамгын газраас бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн байна гэж дүгнэж буйгаа хэллээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын Тамгын газрын 2019 оны үйл ажиллагааг цаашид эрчимжүүлэх үүднээс Тамгын газар цаашдын үйл ажиллагааны үр нөлөөг улам сайжруулж, байгууллагынхаа мэргэшлийн чадавхыг нэмэгдүүлэх талаар чиглэл өгч, зарим арга хэмжээг авч ажиллах нь зүйтэй гэж Байнгын хороо үзэж буйг танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл