Цэс

Холбоо барих

БАЙГАЛИЙН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ХЭСГИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ ТАЛААРХ БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТ

БАЙГАЛИЙН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН  ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ХЭСГИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ ТАЛААРХ БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТ

2012 оны 10 дугаар                                                                         Улаанбаатар

сарын 16-ны өдөр                                                                                    хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн

Б.Гарамгайбаатар

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлэгдсэн Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай болон Төсвийн тухай хуульд заасны дагуу байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого зөвхөн орон нутгийн төсөвт төвлөрөх болсонтой нийцүүлэн уг хуулийн төслийг боловсруулсан байна.

 Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн М.Зоригт байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого орон нутагт шилжсэнтэй адил шонхор шувуу барих зэрэг тусгай зөвшөөрөл олгох эрхийг мөн орон нутгийн мэдэлд шилжүүлэх нь зөв, Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл орон нутагт төсөв захиран зарцуулахад  иргэд болон бизнес эрхлэгчдийн оролцоог хангах механизмыг бий болгох зэрэг саналууд гаргасан болно.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжив.

Байнгын хороо уг төслийн цаашдын хэлэлцүүлгийг  Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамтруулан Төсвийн Байнгын хороогоор хийх нь зүйтэй гэж үзлээ. 

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

            Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.

            Анхаарал тавьсанд баярлалаа.

                       

БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС,

ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН

ХОРООНЫ ДАРГА                                                        Г.БАЯРСАЙХАН

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл