Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.05.13/ хуралдаан 15.30 цагт эхэлж дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Эхлээд Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Хууль, тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар зарчмын зөрүүтэй нэг санал гаргаж, саналыг гишүүдийн олонх дэмжсэнээр эцсийн хэлэлцүүлгийг дуусгаж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Энэ үеэр Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан энэхүү хууль, тогтоолын хэрэгжилтин талаар Байнгын хороонд албан тоотоор тогтмол мэдээлэл өгч байхыг Төрийн тусгай хамгаалалтын газарт үүрэг болголоо.
Дараа нь “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тусгай хэрэгцээнээс гаргах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, УИХ-ын гишүүн Х.Баделхан зарчимын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасныг санал хурааж, дэмжлээ. Мөн уг саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулахыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн юм.
Дараа нь Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан батлан хамгаалах салбарын эрх зүйн харилцааг зохицуулсан хууль, УИХ-ын бусад шийдвэрийн хэрэгжилтийг хянаж, санал, дүгнэлт гаргах Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраар ахлуулан байгуулж, Байнгын хорооны тогтоол гарган албажуулах талаар чиглэл өглөө.
Төгсгөлд нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хороонд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ төрөл нэвтрүүлэх, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Франц Улсын “Пома” компанитай хамтран “Нийслэлийн агаарын тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр 2019 оны 04 дүгээр сараас ажиллаж байгаа ба уг төслийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас санхүүжүүлэх бөгөөд зээлийн хэмжээ 60 сая ам.доллар, нийт 40 жилийн хугацаатай, үүнээс 12 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй байна. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлгийг холбосон 4.9 км урт, 3 зогсоолтой дүүжин зам, мөн Долоон буудал-Дарь эх-Сансарын тойргийг холбосон 5.4 км урттай, 3 зогсоолтой дүүжин зам байгуулна.
Төслийн гол зорилго нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, авто замын түгжрэлийг бууруулж, агаарын бохирдлыг багасгахад чиглэнэ гэдгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулгад дурьдлаа.
Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хороонд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсноор энэ өдрийн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.