Цэс

Холбоо барих

Инфографик: Соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

    Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит  чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

  Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд 2000 оны 12 дугаар сарын 29-нд гарын үсэг зурж, 2002 оны 04 дүгээр сарын 05-нд соёрхон баталсан.

Олон улсын эрүүгийн шүүхийн (ОУЭШ)-ийн Ромын дүрмийг 1998 онд батлах үед түүнд оролцогч талууд түрэмгийллийн гэмт хэрэг, мөн уг гэмт хэргийн Шүүхийн харьяалал, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн оролцооны талаар өөр өөр байр суурьтай байсан учраас түрэмгийллийн гэмт хэргийг Ромын дүрэмд тусгалгүйгээр баталсан байна. 

Түрэмгийллийн гэмт хэргийн асуудлаар байгуулагдсан тусгай ажлын хэсэг 2009 оны 02 дугаар сард Ромын дүрмийн оролцогч талуудын нэгдсэн хуралдаанд уг гэмт хэргийн талаарх саналаа танилцуулж, саналыг үндэслэн боловсруулсан төслийг ОУЭШ-ийн хяналтын бага хурлын үеэр хэлэлцүүлж ОУЭШ-ийн Ромын дүрэмд Түрэмгийллийн гэмт хэргийн тухай нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байдаг. 

Дээрх нэмэлт, өөрчлөлтөөр Ромын дүрмийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хасч, 8 дугаар зүйлийг нэмж оруулсан бөгөөд тус зүйлээр батлан хамгаалахын, эсхүл улс төрийн шууд оролцоотой буюу удирдах албан тушаалтан тус гэмт хэргийн үйлдэгч болохоор заасан нь Ромын дүрэмд дурдсан бусад 3 төрлийн олон улсын гэмт хэргээс ялгаатай юм. Мөн Ромын дүрмийн 13 дугаар зүйлийн (а) болон (с) дэд хэсэгт нийцүүлэн түрэмгийллийн гэмт хэргийг шүүх хянан шийдвэрлэх ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх талаар зохицуулсан 15 болон ОУЭШ-д шилжүүлэх нөхцөлийг тодорхойлсон заалт бүхий 15 дугаар зүйлийг нэмж оруулсан байна. 

Түүнчлэн Ромын дүрмийн Дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн 2(е) дэд хэсэгт 3 эх бичвэрийг нэмж оруулсан. 

ОУЭШ-ийн Ромын дүрмийн Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон Дайны гэмт хэргийн тухай нэмэлт, өөрчлөлтийг 38 улс соёрхон батлаад байна.

ОУЭШ-ийн Ромын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталснаар Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тус тус өөрчлөлт оруулснаар Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээ, тухайлбал, ОУЭШ-ийн Ромын дүрэмд заасан нэр томьёотой уялдуулж, нэг мөр болгож байгаа юм. 


Улсын Их Хурлын Тамгын газар 









Хуваалцах:

Холбоотой мэдээлэл