Цэс

Холбоо барих

Хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганыг завсарлуулав

Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг дэмжлээ


Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.05.15) нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолд өөрчлөлт оруудах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулав.

Улсын Их Хурал 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн  тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” 32 дугаар тогтоол баталсан. Уг тогтоолоор малчдын орлогыг нэмэгдүүлэх, ноолуурын салбарын дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах, малчдын орлого болон үндэсний үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор ноолуурын зах зээлийн суурь үнэ дээр 1 кг тутамд 20 000 төгрөгийн урамшууллыг малчин өрх бүрд олгохоор заасан.


Энэ үндсэн дээр Засгийн газраас 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тогтоол гаргаж, малчин өрхийн 2019 оны мал тооллогын “А” дансанд үндэслэн 1 кг ноолуур тутамд 20 мянган төгрөг олгохоор тооцож, нийт 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн байна. 2019 оны эцсийн мал тооллогоор улсын хэмжээнд нийт 70,9 сая толгой мал тоологдсоноос 330 сум, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 29.3 сая ямаа тоологджээ.

Харин Улсын Их Хурлын 2020 оны 32 дугаар тогтоолд зөвхөн “малчин өрх” гэж заасан учраас мал бүхий 60 гаруй мянган этгээд хамаарагдахгүй үлдэхээр байгаа учраас тогтоолд “мал бүхий этгээд”-ийг нэмж хамруулах шаардлага үүссэнийг хууль санаачлагч илтгэлдээ дурдав. Ингэснээр уг тогтоолд нийт 203 мянга гаруй малчин өрх, мал бүхий этгээд хамрагдаж, ноолуурын урамшуулал авах юм байна.

Мөн Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны өмнө хуралдаж, уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.


Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, М.Билэгт, Л.Энх-Амгалан, Б.Пүрэвдорж нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан гишүүдийн асуултад хариулахдаа, ноолуурын урамшуулал 2019 оны жилийн эцсийн мал тооллогын “А” дансанд ямаа тоолуулсан өрх бүрд олгогдоно. Ингэхдээ монгол ямааны дундаж стандартыг хэрэглэж, ямаа тоолуулсан малчин өрх, мал бүхий этгээдэд бүсийн ялгаагүйгээр олгоно гэсэн хариулт өгөв.

Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 54 гишүүний 45 нь буюу 83.5 хувь нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

Дараа нь “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 04 дүгээр дүгнэлтээр 2014 онд Улсын Их Хурлаас “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 64 дүгээр тогтоолыг Улсын Их Хурал батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэснийг зөрчсөн байна гэж үзсэнийг Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөөр шийдвэрлэж, тогтоол баталсан.

Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 04 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан дээрх тогтоолын төслийг боловсруулсан талаар Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар танилцуулав. Байнгын хороо тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 85.4 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдав.

Олон улсын гэрээнд цахим харилцаа ашиглах конвенцыг соёрхон батлав

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулав. Мөн уг төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа “Их засаг” танхимаас танилцуулсан юм. Мөн Хууль зүйн байнгын хороо хуулийн төслийг хэлэлцээд соёрхон батлахыг дэмжсэн тухай санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлжээ.


НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2005 онд 60/21 дүгээр тогтоолоор баталсан Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай конвенц нь дэлхий нийтийн худалдаа, хамтын ажиллагааны цахим орчны эрх зүйн үндсийг бүрдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, оролцогч талуудын шууд болон шууд бус зардлыг бууруулах, хил дамнасан цахим харилцаа, экспорт, импорт, олон улсын худалдааг дэмжихэд чиглэсэн эрх зүйн бичиг баримт юм. Өнөөгийн байдлаар уг конвенцыг соёрхон батлах, нэгдэн орох, гарын үсэг зурах байдлаар нийт 24 улс хүлээн зөвшөөрөөд байгаагийн дотор манай олон талт хамтын ажиллагаатай улс орнууд болох ОХУ, БНХАУ, БНСУ багтаж байгаа бөгөөд 10 орчим улс нэгдэн орохоор ажиллаж байгаа аж.

Иймээс Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулахаар заасны дагуу уг хуулийн төслийг боловсруулжээ.

Монгол Улс энэхүү конвенцыг соёрхон баталснаар дээр дурдсан цахим харилцааны давуу талыг манай улсад олгохоос гадна цахим болон цаасан суурьтай мэдээллийн хэрэгслийн эрх зүйн ижил тэнцүү чадамжтай байдал, цахим гарын үсэг болон ердийн гарын үсгийн ижил тэнцүү нөхцөлийг тогтоох, цахим харилцааны баримт бичгийг илгээх, хүлээн авах, хадгалах, автоматжуулсан мэдээллийн системийг ашиглах нөхцөл боломж бүрдэх юм байна. Манай улс уг конвенцод нэгдсэнээр гишүүнчлэлийн татвар төлөхгүй, санхүүгийн ямар нэг үүрэг хүлээхгүй, конвенцыг төлөөлөх байгууллагыг дотооддоо байгуулах, түүнчлэн хэрэгжилтийн талаарх ямар нэг тайлан, илтгэл гаргах шаардлага тавигдахгүй гэдгийг төсөл санаачлагч танилцуулгадаа дурдав.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 85.2 хувийн саналаар Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай НҮБ-ын конвенцыг соёрхон баталлаа.

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа

Дараа нь Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эмнэлгийг тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Цогзолмаа "Их засаг" танхимаас танилцуулав.


Байнгын хороо хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусгаснаас гадна төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж хууль зүйн техникийн талаас нь хянаж, зохих засвар, өөрчлөлтийг хийж төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Мөн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй нэг саналын томьёолол бэлтгэснийг санал хурааж дэмжжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хурааж шийдвэрлэн хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжиж, хуулийн төсөл эцэслэн батлагдав. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн барьсан Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг бүхэлд нь баталлаа.

Хуулийн төсөл батлагдсанаар иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх, үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг хүн амын тусламж, үйлчилгээний эрэлт хэрэгцээ, бүсчилсэн хөгжлийн бодлоготой нийцүүлэн сааруулах, өрсөлдөөнийг дэмжих зорилгоор эмнэлгийн нэн шаардлагатай үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн тусламжийг нэгдсэн эмнэлэгт үзүүлэх, Их сургуулийн эмнэлэг, уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн эрх зүйн орчныг тодорхой болгох, эрүүл мэндийн цахим бүртгэл, мэдээллийг үндэсний хэмжээнд нэвтрүүлж хүн амд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран чанартай, хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх эрх зүйн боломж нээгдэж байгаа аж.

Үүний дараа Улсын Их Хурлаас баталсан хууль, Улсын Их Хурлын тогтоолуудын эцсийн найруулгыг сонсов.


Хуралдааны төгсгөлд Засгийн газраас өргөн барьсан “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Ж.Мөнхбат, Л.Элдэв-Очир, Д.Тэрбишдагва, Ж.Бат-Эрдэнэ нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Байнгын хорооны горимын саналыг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 55 гишүүний 100 хувийн саналаар тогтоолын төслийг бүхэлд нь батлав.

Үүгээр энэ удаагийн Улсын Их Хурлын отгон чуулган буюу 2020 оны хаврын ээлжит чуулган завсарлалаа.

Улсын Их Хурлын 2020 хаврын ээлжит чуулган завсарлалаа


Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганыг завсарлуулж, Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар үг хэлэв.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулган хуулийн хугацаандаа эхэлж, коронавирусийн цар тахал дэлхий дахиныг, түүний дотор бидний эх орон, ард түмнийг түгшээсэн онцгой нөхцөлд цахим технологи ашиглан хуралдлаа.

Дэлхийн 210 гаруй оронд тархаж, 4.0 сая гаруй хүнийг халдварлуулсан аюулт тахлаас ард иргэдээ сэргийлэн хамгаалах чиглэлээр Монгол Улсын төр, засаг онцгой хүч чармайлт гарган ажиллаж байна.

Улсын Их Хурлын гишүүд санаачлан “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх,  тэмцэх,  нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” нэг удаагийн хууль болон “Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд,  орлогыг хамгаалах,  ажлын байрыг хадгалах,  эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” хууль, “Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед санхүү,  эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх,  төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан.

Эдгээр хууль тогтоомжуудын хүрээнд 2020 оны 4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1-нийг хүртэл 0-18 насны хүүхэд бүрт сар болгон 100.000 төгрөг олгохоор боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын ирээдүй хойч болсон 1.1 сая хүүхэд хамрагдаж байна. Өнчин хүүхдүүдийн тэтгэмжийг 100.000 төгрөгөөр нэмж, 288 мянган төгрөг болгосноос гадна өрх толгойлсон 4-өөс дээш хүүхэдтэй эцэг, эхчүүдийн тэтгэмжийг мөн 100.000 төгрөгөөр нэмж, 288 мянган төгрөг болгох шийдвэр гарч, хэрэгжиж эхэлснийг онцлов.


Түүнчлэн нийгмийн халамж дэмжлэг зайлшгүй шаардлагатай, бага орлоготой иргэдийн хүнсний талоны мөнгийг 2 дахин нэмэгдүүлсэн. Нийгмийн халамжийн тэтгэвэр 100.000 төгрөгөөр нэмэгдсэн. Тухайлбал, нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 3600 өндөр настан сардаа 188 мянган төгрөг авдаг байсан бол 288 мянган төгрөг авахаар болсон. Хөгжлийн бэрхшээлтэй болон одой иргэдэд олгодог тэтгэмж 100,000 төгрөгөөр нэмэгдсэн. Малчдын орлого болон ноолуурын салбарын худалдан авалт, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор малчин өрх, мал бүхий этгээдэд ноолуурын кг тутамд 20.000 төгрөгийн урамшуулал олгохоор болсныг дурдав.

Эдгээр арга хэмжээ болон нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэх, албан татвараас чөлөөлөх, үйл ажиллагаа нь доголдсон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд 200.000 төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг олгох, зээл, зээлийн хүүг бууруулах, хойшлуулах зэрэг шийдвэр нь иргэнээ дээдэлсэн төр оршин байхын утга учрыг харуулсан сайн жишиг гэж бодож байна. Цаашид хямралаас сэргийлэх, уналт уруудалтыг тогтоон барих, багасгах, үйлдвэрлэл үйлчилгээг хөрөнгө оруулалт, хөнгөлөлт, зээлээр дэмжих замаар эдийн засгаа тэлэх, иргэдийнхээ амьжиргаа, айл өрхийн хэрэглээ хангамжийг хямралд нэрвүүлэхгүй байх чиглэлээр авсан эдгээр арга хэмжээг цаг алдалгүй, шуурхай хэрэгжүүлж, үр дүнд хүргэх нь нэн чухал гэдгийг тэрбээр тэмдэглэлээ.


Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган 30 өдөр үргэлжилж, чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаан 71 удаа, Түр хороо 2 удаа хуралдаж, 124 хууль тогтоомж хэлэлцэн баталсан байна. Хорио цээр, хязгаарлалтын нөхцөлд дунджаар 66 хувийн ирцтэйгээр хуралдаандаа оролцож, богино хугацаанд өндөр бүтээмжтэй ажилласныг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэв. Түүнчлэн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг “амилуулах” чиглэлээр Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай, Төрийн аудитын тухай хуулиуд болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа-2050” хөтөлбөр зэрэг томоохон хууль, тогтоол баталсныг онцлон нэрлэлээ.

Улмаар 2016 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 7 дахь удаагийн парламент хууль тогтоох, хянан шалгах хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүллээ. Өнгөрсөн 4 жилд ээлжит болон ээлжит бус 11 чуулган чуулж, нийт 1400 шахам хууль тогтоомж батлав. Энэ удаагийн Улсын Их Хурал батлан гаргасан хууль тогтоомжийн тооноос гадна чанарын үзүүлэлтээр амжилт тогтоосон, бүтээлч парламент байлаа хэмээн Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл