Эмхэтгэлийн шинэ дугаарт Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулга нийтлэгдсэн.
2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх 6 бүлэг 43 зүйлтэй уг хуульд шинээр хэд хэдэн зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, Төрийн аудитад хууль дээдлэх, хараат бус, бие даасан байх, шударга ёсыг хангах, мэдээллээр бүрэн хангагдах, ил тод, бодитой байх, төрийн аудитын олон улсын нийтлэг стандартад нийцсэн байх зарчмыг тусгаж, төрийн санхүү, төсвийн хяналтын хүрээнд шалгагдагч этгээдэд санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх эрх зүйн орчныг бүрдүүлж, нийтийн өмчийг хууль ёсны дагуу арвилан хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэйгөөр төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад хяналт тавих, түүнчлэн төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах үндэс бүрдсэн.
Төрийн аудитын байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг тодорхой болгож, төрийн санхүү, төсвийн хяналтын хүрээнд хамаарахгүй чиг үүргийг төрийн аудитын байгууллагад бусад хуулиар нэмэгдүүлэхгүй байх асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэхийн зэрэгцээ аудитын төлөвлөлт, төлөвлөгөөт бус аудит хийх эрх зүйн орчныг бүрдүүлжээ.
Мөн Төрийн аудитын байгууллага үр дүнтэй, үр ашигтай аудит хийх шинжлэх ухааны ололт, орчин үеийн мэдээллийн технологийн арга, хэлбэрийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, төрийн аудитын олон улсын стандартыг баримтлах, аудитын байгууллагын албан хаагч аудит хийх үедээ мэдээллээр бүрэн хангагдах зарчим тодорхой болж, шалгагдагч этгээдийн ажлын байр болон бусад холбогдох газарт ажлын цагаар саадгүй нэвтрэн орох, ажиллах, бүртгэл, тооллого хийх, мэдээлэл, баримт бичиг, бусад эд зүйлстэй үнэ төлбөргүй танилцах, шалгагдагч этгээдийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа тоног төхөөрөмж, программ хангамж, мэдээллийн санд нэвтрэх, цахим хэлбэрээр боловсруулсан, хадгалсан, илгээсэн, хүлээсэн авсан мэдээлэлтэй танилцах, тайлбар гаргуулах, тодорхой асуудлаар асуулт тавьж, хариулт авах зэрэг хараат бусаар ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна.
Түүнчлэн шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар өгсөн албан шаардлага, төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, төрийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн тохиолдолд тогтоосон төлбөрийн акт биелэгдэх эрх зүйн орчныг тодорхой болгожээ.
Төрийн албан тушаалтны төрд учруулсан хохирлыг төлүүлэх үүргийн хэрэгжилтийг мэдээлэх асуудлыг Үндэсний аудитын газрын цахим хуудаст байршуулж, олон нийт, иргэд нээлттэй танилцах боломжийг бий болгохын зэрэгцээ Монгол Улсын Ерөнхий аудиторт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгахтай холбогдуулан бүрэн эрхийг түтгэлзүүлэх эсэх асуудлыг эрх бүхий байгууллагын санал болгосноор Улсын Их Хурал шийдвэрлэх бөгөөд албан тушаалаас нь чөлөөлөх, огцруулах, түдгэлзүүлэх, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд томилохгүй байх хууль зүйн баталгааг бий болгож, тус байгууллагын албан хаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан, аливаа дарамт, шахалт, хууль бус нөлөөллийн талаар нөлөөллийн мэдүүлэг хөтлөх эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэрэг зохицуулалтыг тусгасан байна.
Мөн эмхэтгэлд “Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02 дугаар дүгнэлтийн тухай”, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолууд болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн хамт нийтлэгджээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.