Цэс

Холбоо барих

ТОМИЛГООНЫ СОНСГОЛЫН ДЭГ

Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн

гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг

ТОМИЛГООНЫ СОНСГОЛЫН ДЭГ

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Энэ дэгийн зорилт нь Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчийн талаар томилгооны сонсгол зохион байгуулах үндэслэл, нарийвчилсан журам, сонсголын дэгийг тогтооход оршино.

2.  Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг тухайн албан тушаалд томилох шийдвэрийг гаргахаас өмнө зохих шалгуурыг хангаж буй эсэхэд олон талын оролцоотой хяналт тавих зорилгоор томилгооны сонсгол зохион байгуулахдаа энэ дэгийг баримтална.

Гурав. Томилгооны сонсгол зохион байгуулахад баримтлах зарчим

1.   Томилгооны сонсголыг зохион байгуулахад ардчилсан ёс, хууль дээдлэх, ил тод байдал, талуудын оролцоог тэгш хангах, иргэний мэдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах, үр нөлөөтэй байх зарчмыг удирдлага болгоно.

2.   Томилгооны сонсголыг нээлттэй зохион байгуулна.

3.   Нээлттэй сонсголд хэвлэл, мэдээллийн төлөөллийг заавал оролцуулна.

Хоёр. Томилгооны сонсгол зохион байгуулах үндэслэл

1.  Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмын 9 дүгээр зүйлийг баримтлан томилгооны сонсголыг явуулна.

2.   Томилгооны сонсгол зохион байгуулах шийдвэрт сонсголын товыг тогтоон, сонсгол даргалагчийг томилж овог, нэр, эрхэлж буй албан тушаалыг дурдсан байна.

3.  Ажлын хэсэг томилгооны сонсголыг таваас доошгүй гишүүдийн оролцоотой зохион байгуулна. Уг шаардлагыг хангаагүй зохион байгуулсан сонсголыг хүчингүйд тооцно. 

Дөрөв. Томилгооны сонсголын бэлтгэл хангах

1.  Сонсгол зохион байгуулагч сонсголын товыг тогтоосон бол товлосон өдрөөс ажлын таваас доошгүй өдрийн өмнө сонсгол явуулах огноо, цаг, оролцох хүний тоо, оролцогчдыг хэрхэн бүртгэх, бүртгэл эхлэх, дуусах хугацаа, нийтийн албан тушаалд томилогдохоор хэлэлцэгдэж буй этгээдийн танилцуулга мэдээллийг байршуулсан цахим хуудас, тухайн этгээдээс асуух асуулт, бусад саналыг бичгээр урьдчилан хүлээн авах цахим шуудангийн хаяг болон бусад холбогдох мэдээллийг Улсын Их Хурлын цахим хуудас (parliament.mn)- аар дамжуулан нийтэд мэдээлнэ.

2.   Сонсголын товыг олон нийтэд зарласан өдрөөс эхлэн нийтийн албан тушаалд томилогдохоор хэлэлцэгдэж буй этгээдийн тухайн албан тушаалд томилогдохтой холбоотой гаргасан өргөдөл, ажлын туршлага, боловсролын талаарх дэлгэрэнгүй танилцуулга, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын цахим хуудсанд байршуулна. 

3.  Сонсгол зохион байгуулах танхимыг бэлтгэх, техникийн бэлтгэл хангах, сонсголын тэмдэглэл хөтлөх, сонсгол даргалагчийн даалгаснаар сонсголын дэг зөрчигчийг сонсголоос гаргах, сонсголыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулах, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг урьж оролцуулах ажлыг Хууль зүйн байнгын хорооны ажлын алба /“Ажлын алба” гэх/ хариуцна.

4.  Хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөллийг оролцуулахдаа урилгыг олон нийтэд мэдээлэх ба хэвлэл мэдээллийн байгууллага төлөөлөл оролцуулах хүсэлтээ сонсгол зохион байгуулахаас ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө бичгээр ирүүлнэ.

5.   Сонсголд оролцогч, ажиглагч, шинжээч, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийн тооны дээд хязгаарыг програм хангамжийн боломжоос хамааран сонсгол зохион байгуулагч тогтооно.

6.   Тухайн сонсголд оролцож санал хэлэх, тайлбар, мэдээлэл өгөх, эсхүл ажиглах иргэн, хуулийн этгээд нь сонсгол болохоос ажлын нэгээс доошгүй өдрийн өмнө сонсгол зохион байгуулагчид мэдэгдэж, оролцогч, эсхүл ажиглагчаар оролцохоо бүртгүүлнэ. Шаардлагатай бол санал, тайлбар, мэдээллээ урьдчилан бичгээр ирүүлэх ба ажлын алба оролцогчид хэлэлцэх асуудалтай холбоотой мэдээлэл, сонсголд оролцох зааварчилгаа өгнө.

7.   Бүртгүүлэхдээ бичгээр, харилцах утсаар, эсхүл зохион байгуулагч байгууллагын цахим шууданд захидал илгээн бүртгүүлж болох ба бүртгэлийг ажлын алба хянан үзээд оролцогчийн тооны дээд хязгаараас хамаарч бүртгүүлсэн цаг хугацааны дэс дарааллаар нь бүртгэлийг баталгаажуулна.

8.   Ажлын алба энэ дэгийн 4.5, 4.7, 4.8-д заасны дагуу бүртгэсэн нэрсийг сонсгол даргалагчид хэлэлцүүлэг эхлэхээс ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө танилцуулж, сонсгол даргалагчийн урилгаар оролцох хүмүүсийн нэрсийг авна. Бүртгүүлсэн болон урилгаар оролцох оролцогч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийн нэрсийг бүртгүүлсэн дарааллын дагуу холбогдох байгууллагын цахим хуудсанд ажлын нэгээс доошгүй өдрийн өмнө байршуулна.

9.   Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын болон олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, тухайн асуудлаар мэргэшсэн мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын төлөөллийг сонсгол даргалагчийн урилгаар оролцуулж болно.

10.Сонсголд заавал оролцож, тодорхой асуудлаар тайлбар мэдээлэл хийх төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн шинжээч нарт сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө сонсголд оролцох талаар мэдэгдэх бөгөөд тэдний нэрсийг нийтэд мэдээлнэ.

11.  Эрхэлж байгаа албан тушаалын хувьд сонсголд заавал оролцох үүрэг хүлээсэн төрийн албан хаагч сонсголд оролцох, тайлбар өгөхөөс татгалзсан бол Төрийн албаны тухай хуулийн 39.1.17-д заасан нийтийн сонсголыг зохион байгуулах, сонсголд оролцох журмыг зөрчсөн гэж үзнэ.

Тав. Сонсголд оролцогчийн эрх үүрэг

1.     Сонсгол даргалагч нь Нийтийн сонсголын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

2.     Сонсгол даргалагч нь сонсголын тэмдэглэлтэй танилцан, ёсчилно.

3.     Сонсголд оролцогч нь Нийтийн сонсголын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.

4.     Сонсголд оролцогч нь Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмын 2.1, 2.2-т заасан шаардлагад үндэслэсэн асуулт асууж, өөрийн дүгнэлт, тайлбарыг хэлж, тайлбар тодруулга авна.

Зургаа. Томилгооны сонсгол зохион байгуулах

1.     Сонсгол даргалагч сонсголоор хэлэлцэх асуудал,  томилгооны сонсголд дуудагдсан нийтийн албан тушаалд томилогдохоор хэлэлцэгдэж буй албан тушаалтны нэр, сонсгол зарласан огноо, сонсголд оролцогчдын тоо, сонсголын дэг зэргийг 5 минутад багтаан танилцуулна.

2.     Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээр томилогдохоор хэлэлцэгдэж буй этгээд 5 минутад багтаан тухайн албан тушаалд томилогдох хүсэлт гаргасан шалтгаан, зорилго, эзэмшсэн боловсрол, ажлын туршлага зэргээ танилцуулж мэдээлэл өгнө.

3.     Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчдоос Ажлын хэсгийн гишүүдийн асуулт асуух дарааллыг сонсгол даргалагч тогтооно. Дарааллыг тогтоохдоо эерэг болон эсрэг саналтай, олонх болон цөөнхийн төлөөллийг оролцуулах зарчим баримтална.

4.     Ажлын хэсгийн гишүүдийн асуулт асуух хугацаа 3 минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа 1 минутаас илүүгүй байна.

5.     Ажиглагч нь сонсголын үед асуулт асуух, үг хэлэх эрх эдлэхгүй.

6.     Ажлын хэсгийн ахлагч, гишүүдийн асуулт дууссаны дараа танхимд ирсэн оролцогчдод санал хэлэх, асуулт асуух эрхийг олгоно.

7.     Түүнчлэн танхимд биеэр ирээгүй боловч цахимаар асуулт илгээсэн оролцогчдын асуултыг танилцуулж хариулт авна. 

8.     Сонсголд оролцогчийн үг хэлэх хугацааг 3 минутаар тогтооно.

9.     Хөгжлийн бэрхшээлтэй, хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст үг хэлэх хугацааг шаардлагатай хэмжээгээр сунгаж олгоно.

10.  Асуулт асуух, үг хэлэхдээ сонсголын сэдвээс өөр сэдвийг хөндсөн тохиолдолд сонсгол даргалагч асуулт асуух, үг хэлэхийг хязгаарлаж болно.

11.  Сонголд оролцогч бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, бусдын яриаг таслах, зөвшөөрөлгүйгээр үг хэлэх, хашхирах, шүгэлдэх зэргээр бусдад үгээ чөлөөтэй хэлэхэд саад учруулсан болон сонсгол зохион байгуулагч, сонсгол даргалагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзвал сонсгол даргалагч дэг баримтлахыг шаардаж, шаардлагыг үл биелүүлбэл ажлын алба оролцогчийг сонсголоос гаргаж болно.

12.  Сонсгол даргалагч сонсголыг хааж үг хэлнэ.

Долоо. Томилгооны сонсголыг олон нийт, зорилтот бүлэгт хүртээмжтэй байлгах

1.     Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй байлгах үүднээс сонсголыг дохионы хэлмэрчтэй явуулна.

2.     Сонсголд эмзэг бүлгийн иргэдийн оролцох боломжийг хангасан байхаар зохион байгуулна.

Найм. Томилгооны сонсголыг цахимаар зохион байгуулахад анхаарах зүйл

1.     Сонсголыг цахим аюулгүй байдлыг хангах програм хангамж ашиглан явуулна.

2.     Ажлын алба сонсголын дэгийг сахиулах техникийн боломжийг бүрдүүлнэ.

3.     Оролцогч сонсголын дэг, эрх, үүрэгтэй танилцсан тухай мэдэгдлийг ирүүлсний дараа цахим холбоосыг илгээнэ.

4.     Цахим сонсголыг олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд (live) дамжуулан цацна.

5.     Оролцогчийн сонсголд цахимаар оролцох холбоосыг илгээх цахим хаягийг бүртгэл хийхдээ авна.

Ес. Бусад

1.     Ажлын алба сонсголын тэмдэглэлийг аудио  хэлбэрээр нэг өдрийн дотор, бичгэн хэлбэрээр ажлын гурав хоногийн дотор хийж, сонсгол даргалагч гарын үсэг зурж ёсчилсон тэмдэглэлийг  тухайн байгууллагын албан ёсны цахим хуудсанд ажлын тав хоногийн дотор байршуулна.

2.     Сонсголын тэмдэглэлд сонсголыг зохион байгуулсан огноо, байрлал, эхэлсэн дууссан цаг, сонсгол даргалагч, оролцогчдын овог, эцгийн нэр, өөрийн нэр, хаяг, сонсголын ирц болон оролцогчид эрх, үүргийг тайлбарласан байдал, оролцогчийн тайлбар, баримтыг шинжилсэн талаар бичнэ.

3.     Сонсгол дууссаны дараа сонсголын үйл ажиллагаа болон сонсголын үед хэлэлцэгдсэн асуудал, асуулт, хариулт, мэдээлэл, дүгнэлт зэрэгтэй холбогдуулан ямар нэгэн зарга, гомдол үүсгэхгүй ба ямар нэгэн арга хэмжээ авагдахгүй.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл