Эмхэтгэлийн шинэ дугаарт Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг нийтэлжээ. Уг хуулиар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсан бөгөөд Санхүүжилтийн хэлэлцээрийг хуулийн хамт бүрэн эхээр нь нийтэлсэн байна.
Мөн дугаарт Журам батлах тухай, Үндэсний хөтөлбөр батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлжээ.
Журам батлах тухай тогтоолоор Инновацийн төсөл бүртгэх журмыг баталсан бөгөөд инновацийн төслийг хүлээн авах, үнэлгээ өгч, дүгнэлт гаргах, мэдээллийн санд бүртгэхтэй холбогдсон харилцааг зохицуулах аж.
Өмчийн хэлбэрээс үл хамааран аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллага, дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага, төрийн бус байгууллага, иргэн төсөл мэдүүлэх эрхтэй бөгөөд төсөл, түүнд тавигдах шаардлага, төсөлд тусгах баримт бичиг, төслийн хэрэгжилтэд хяналт тавихтай холбоотой бүх мэдээллийг эмхэтгэлээс авах боломжтой.
Мөн Үндэсний хөтөлбөр батлах тухай тогтоолоор Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг баталсан бөгөөд иргэдэд чанартай, стандартын шаардлагад нийцсэн ахуйн үйлчилгээг үзүүлэх, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэхэд ахуйн үйлчилгээний салбарын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршиж буй юм.
Хөтөлбөрийн зорилгын хүрээнд салбарын хөгжлийг хангах эрх зүйн орчинг үйлчилгээний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох; бүс, орон нутгийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан ахуйн үйлчилгээний төвийг улс, орон нутгийн төсөв болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах; төр, хувийн хэвшлийн түншлэлээр бий болсон ахуйн үйлчилгээний төвийн үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх; салбарын төрийн болон төрийн бус байгууллага, боловсрол, сургалтын байгууллагуудтай хамтран хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, давтан сургаж мэргэжил дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлж, эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлж, ажиллагсдын тогтвортой хөдөлмөр эрхлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.