Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.29) хуралдаанаар “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуралдаанд Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын холбогдох албан тушаалтнууд оролцсон.
Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын зургаан гишүүнээс 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга тогтоолын төслийг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж, анхны хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс гаргасан саналуудыг төсөлд нэмж тусгасан байна.
Ингээд тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.