Цэс

Холбоо барих

“Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг батлав

 

Улсын Их Хурлын өнөөдрийн (2020.04.29) чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар “Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Тус байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаараа төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураан шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй томъёоллуудыг төсөлд нэгбүрчлэн тусгасан бөгөөд тогтоолын төслийг хууль зүйн техникийн талаас нь хянан үзэж нэр томъёо, найруулгын засвар өөрчлөлтүүдийг хийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Улсын Их Хурлын даргын зүгээс тогтоолын төслийн 2.2 дахь заалт болон тогтоолын төслийн хавсралтын 2.1 дэх заалт, тогтоолын төслийн хавсралтын 6.3 дахь заалтуудыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн юм. Энэ дагуу Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болохыг санал, дүгнэлтэд дурдав.


Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн Улсын Их Хурлын гишүүд үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын гурван томъёоллоор тус бүр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Тогтоолын төслийн 2.2 дахь заалтаас “хөнгөлөлт үзүүлэх” гэснийг хасахыг дэмжсэн Эдийн засгийн байнгын хорооны саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 44 гишүүний 39 нь дэмжсэн юм. Мөн тогтоолын төслийн хавсралтын 2.1 дэх заалтыг бүхэлд нь хасахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 44 гишүүний 38 нь, тогтоолын төслийн хавсралтын 6.3 дахь заалтын “хариуцах байгууллага” гэсэн хүснэгтэд “Монголбанк” гэж нэмэхийг гишүүдийн олонх дэмжив.

Ингээд төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 44 гишүүний 38 нь дэмжснээр “Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл