Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжив
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.04.28) хуралдаан 10 цаг 26 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, найман асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан танилцуулсан юм.
Байнгын хорооны тогтоолоор хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Б.Жавхлан, Д.Тогтохсүрэн, Н.Энхболд, Д.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулжээ. Ажлын хэсэг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зарчмын зөрүүтэй 14, найруулгын чанартай гурван багц санал гаргасан байна.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Л.Болд нар асуулт асууж тодруулсны дараа ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 4 дүгээр зүйлд “Хувь хүн, хуулийн этгээд нь Улсын Их Хурлын нэр, үйл ажиллагаатай шууд холбогдож ойлгогдох оноосон нэр ашиглахыг хориглоно” гэсэн агуулгатай 4.6 дахь хэсгийг нэмэх, төслийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсгийн “Зөвлөлөөс баталсан чуулганы хуралдааны тов, хэлэлцэх асуудлын чиглэл” гэснийг “Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов” гэж өөрчлөхөөр тогтов.
Мөн төслийн 23 дугаар зүйлийн 23.3.3 дахь заалтын “Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны” гэснийг “Хүн ам зүй, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн” гэж, мөн зүйлийн 23.3.4 дэх заалтын “Өргөдлийн” гэснийг “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын” гэж тус тус өөрчлөх, энэ үндсэн дээр холбогдох Байнгын хороодын эрхлэх асуудлын хүрээг өөрчлөн томьёолохыг дэмжив.
Түүнчлэн төслийн 23 дугаар зүйлд “иргэд, байгууллагаас Улсын Их Хурал, түүний Байнгын, дэд, түр хороо, тэдгээрийн удирдлага, гишүүнд ирүүлсэн өргөдлийг судалж, шийдвэрлэх, шаардлагатай бол хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулах” гэсэн агуулгатай 23.2.15 дахь заалт, “өргөдөл гаргагч, холбогдох албан тушаалтан, мэргэжилтнээс тайлбар авах” гэсэн агуулгатай 23.2.16 дахь заалтыг тус тус нэмэхээр боллоо. Мөн төслийн 44 дүгээр зүйлд “Парламентат ёсны талаарх иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, сургалт, сурталчилгаа зохион байгуулах” гэсэн агуулгатай 4464.19 дэх заалтыг нэмэхээр тогтов.
Байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын нэр бүхий гишүүд санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцуулга хийлээ. Мөн эдгээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулсан юм.
Ажлын хэсгийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Н.Амарзаяа нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Ингээд ажлын хэсгээс хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн баригдсан хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Тухайлахад, төслийн 5 дугаар зүйлд “Энэ хуульд заасан зарчимд нийцүүлэн Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг нь тогтвортой хэрэгжих бөгөөд улс төрийн сонгуулийн үр дүнд шинээр бүрэлдсэн Улсын Их Хурал, Засгийн газар тухайн баримт бичгийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй” гэсан агуулга бүхий 5.5 дахь заалт, төслийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “улс төрийн намууд” гэж тус тус нэмэхээр тогтов.
Мөн төслийн 9 дүгээр зүйлд “Макро эдийн засгийн бодлого болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг салбар хооронд шууд удирдан зохион байгуулах бөгөөд улсын төсвийн төсөл Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд нийцэж байгаа эсэх асуудлаар Засгийн газрын хуралдаанд саналаа илэрхийлэх” гэсэн агуулгатай 9.4.4 дэх заалтыг, мөн зүйлд “Улсын Их Хурал Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэн батлах үед улс төрийн намууд төсөлд холбогдох саналаа төслийн анхны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө Улсын Их Хуралд албан бичгээр хүргүүлнэ” гэсэн агуулгатай 9.13 дахь хэсгийг нэмэхийг дэмжлээ.
Түүнчлэн ажлын хэсгээс бэлтгэсэн найруулгын саналууд, Эдийн засгийн байнгын хорооноос дэмжсэн болон дэмжээгүй саналын томьёоллууд, уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар гаргасан саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ.
Цэцийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв
Дараа нь Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн юм. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт уг хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтад зааснаас өөр хугацаа тогтоосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9, 10 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ. Уг хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан цэцийн дүгнэлтийн талаар гишүүдэд товч мэдээлэл өгөв.
Цэцийн дунд суудлын хуралдаанаар уг маргааныг хянан хэлэлцээд Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.” гэж заасны “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө ...”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтад “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн;” гэж заасны “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... сонгогдох эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж дүгнэжээ.
Харин Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.” гэж заасны “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө ...”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтад “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн;” гэж заасны “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам ... байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ...” гэж заасныг зөрчөөгүй байна гэж үзжээ.
Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжуудыг нийцүүлнэ
Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, С.Бямбацогт, Д.Ганболд, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар нар санаачлан боловсруулж, энэ сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.
Хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулсан бөгөөд төсөл нь 6 бүлэг, 3 дэд бүлэг, 81 зүйлээс бүрдэж байгаа аж.
Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн хууль санаачлагчддыг төлөөлж хийсэн танилцуулгадаа, иргэдэд хамгийн ойрын нэгж болох баг, хорооны эрх зүйн байдлыг тодорхой болгож, нутгийн өөрийн удирдлагын бусад хэлбэрийг хэрэгжүүлэх, Үндсэн хуульд заасан зарчмын хүрээнд өдөр тутмынхаа тулгамдсан асуудлыг өөрсдөө бие дааж шийдвэрлэх, шийдвэрийн үр нөлөө, хүчин чадлыг дээшлүүлэхийг гол зарчим болгосон. Ингэхдээ сум, дүүрэг нь орон нутгийн өөрийн удирдлагын бие даасан суурь нэгж байж, иргэдийн амьдралын тулгамдсан асуудлууд, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн зорилтыг шийдвэрлэх чиг үүрэг, бүрэн эрхтэй байх, үүнтэй холбоотойгоор энэ хуулиар бий болох орон нутгийн чиг үүргийг голлон хэрэгжүүлэх нэгж байх зэргээр нутгийн өөрийн удирдлагыг иргэдэд илүү ойр нэгжид төвлөрүүлэхэд анхаарсан. Мөн аймаг нь сумдын нийтлэг эрх ашгийн төлөөлөл болохын зэрэгцээ төв засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, сум хоорондын асуудлыг зохицуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, хяналт тавих чиглэл давамгайлсан чиг үүрэгтэй нэгж байхаар тодорхойлох зарчмыг тусгасныг дурдав.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх, шинээр байгуулах зарчим, журмыг төсөлд шинээр зохицуулжээ. Нэгжийг өөрчлөх асуудлыг голлон боловсруулж, зохион байгуулах байгууллага нь Засгийн газар байх, харин иргэдээс саналыг нь авах ажлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зохион байгуулах үүрэг хүлээх бөгөөд санал авах, үр дүнг тооцох журмыг Улсын Их Хурал тогтоох юм байна. Мөн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоныг өөрийн удирдлагын хүрээнд эдийн засаг, нийгэм, аж ахуйн асуудлыг түлхүү шийдвэрлэх орон нутгийн корпораци захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, (аймаг, сум, баг, дүүрэг, хороо) түүний удирдлагын хэлбэрт шилжих эрх зүйн үндэс бий болгохтой холбогдуулан хот, тосгонд засаг “Засаг захиргааны шинжтэй" зарим чиг үүргийг хэрхэн шилжүүлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага өөрийн нутаг дэвсгэр дэх хот, тосгоны өөрийн удирдлагатай харилцах суурь зарчмыг тогтоож өгчээ.
Түүнчлэн Үндсэн хуулийн үзэл санааны дагуу нутгийн удирдлагыг хөгжүүлэх, бэхжүүлэх асуудлын хүрээнд орон нутгийн чиг үүрэг, түүнчлэн төрөөс орон нутгийн удирдлагад шилжүүлж болох болон шилжүүлж үл болох чиг үүргийн жагсаалтыг тодорхойлжээ. Ингэхдээ чиг үүргийг аль болох иргэдэд ойр нэгжид хуваарилан, санхүүжилтийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх зарчмыг баримталсан байна. Энэ үндсэн дээр иргэдийн нийтийн Хурлын үйл ажиллагаа, зохион байгуулалтыг тусгайлан зохицуулахын зэрэгцээ бусад хэлбэр (иргэдийн санаачлах эрх, орон нутгийн санал асуулга зэрэг)-ийг хуульчилж, Иргэдийн Хурлын төлөөлөгчийн эрх зүйн байдлыг дэлгэрүүлэн, төлөөлөгч ба сонгогч иргэний хооронд “амьд харилцаа” байх нөхцөлийг бүрдүүлэх заалтуудыг оруулжээ. Нөгөө талаас үүргээ биелүүлэхгүй байгаа төлөөлөгчид хүлээлгэх хариуцлагыг шат дараатайгаар авахаар нарийвчлан зохицуулж өгчээ.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг улс төрөөс ангид байлгах зорилгоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үйл ажиллагаагаа намын бүлгээр бус Байнгын болон Түр хороо, Ажлын хэсэг зэрэг өөрийн дотоод зохион байгуулалтын бүтэц, арга хэлбэрээр явуулах зохицуулалтыг оруулжээ. Сумын Хурлын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлэхгүй байх, мөн бусад Хурлын хувьд нэр дэвшүүлсэн нам нь төлөөлөгчөөр сонгогдсон гишүүндээ үүрэг хүлээлгэхгүй байхаар зохицуулж өгчээ. Түүнчлэн аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг тухайн орон нутагт байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгох, харин нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сонгож байгуулахаар тогтоосон байна.
Орон нутгийг бие даалгах, эдийн засаг, нийгмийн асуудлаа шийдвэрлэх эдийн засаг, нийгмийн цогцолбор болгох чиглэлээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тодорхой хувийг тухайн нэгжид хуулиар хуваарилах зарчмыг тусгаж, Татварын ерөнхий хуулийн 7.2.15-д заасан татварын орлогыг орон нутагт бүрэн үлдээхээр зохицуулжээ. Түүнчлэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж орон нутгийн төсвийн төслийг боловсруулах, төсвөө бие даан батлах, төрөөс олгох татаас, тусгай зориулалтын шилжүүлгийг тухайн нэгж тус бүрд нэр заан батлах зарчмыг баталгаажуулж тусгасныг төсөл санаачлагч онцоллоо.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Л.Болд нар төсөл санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн асуултад төсөл санаачлагч гишүүн Д.Тогтохсүрэн, Ц.Мөнх-Оргил, ажлын хэсгийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Д.Ганзориг нар хариулт өгсөн юм. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, С.Бямбацогт, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Я.Санжмятав, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн нар санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн юм. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав.
Улсын Их Хурал 2007 онд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг батлан гаргаснаас хойш 26 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулж, Улсын Их Хурлын хуралдааны үйл ажиллагаанд үүсэж байгаа тулгамдсан асуудлыг шуурхай зохицуулалт хийж, өөрчлөх, боловсронгуй болгох, олон улсын чиг хандлагыг тусгаж, парламентын төлөвшилт хөгжилтөд зохих үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Харин Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваар”-ийн дагуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 14 бүлэг, 126 зүйлтэйгээр боловсруулжээ.
Парламентат ёс хөгжсөн улс оронд парламентын анхдугаар хуралдаанаар парламентаа өөрөө зохион байгуулдаг нийтлэг зохицуулалттай байдаг. Иймээс хуулийн төслөөр Улсын Их Хурлын Анхдугаар чуулганыг зохион байгуулах, Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох, Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөхтэй холбоотой харилцааг шинээр болон өөрчлөн найруулж тусгасан. Түүнчлэн Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдааны дэгийг шинэчлэн батлах, эсэх асуудлыг анхдугаар чуулганы хугацаанд хэлэлцэж, санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд оруулна. Улсын Их Хурлын гишүүдийн олонх хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох шаардлагагүй гэж үзсэн бол өмнөх Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд мөрдөж байсан хуралдааны дэгийг тухайн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын хуралдааны дэг гэж хүлээн зөвшөөрсөнд тооцохоор зохицуулсан гэдгийг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.
Мөн хуулийн төслийг хэлэлцэх эсэх, анхны хэлэлцүүлэг, эцсийн хэлэлцүүлэг, хуулийн төслийг эцэслэн батлах гэсэн 4 үе шаттайгаар хэлэлцэн батлах; нэгдсэн хуралдаан тухайн төслийн талаар олон нийтээс санал авахаар шийдвэрлэсэн бол холбогдох Байнгын хороо уг ажлыг анхны хэлэлцүүлэг явуулахаас өмнө санал авах ажлыг зохион байгуулах; холбогдох Байнгын хороо хэлэлцүүлгийн явцад төслийн талаар Тамгын газраар эрх зүйн дүн шинжилгээ хийлгэн дүгнэлт гаргуулах; Байнгын хороо анхны хэлэлцүүлгийг төслийн зүйл бүрээр хэлэлцэхээр тусгасныг онцлов.
Харин Байнгын хороо төслийн эцсийн хэлэлцүүлгийн санал хураалтын дүнд үндэслэн эцэслэн батлуулах төслийн хувилбарыг бэлтгэж нэгдсэн хуралдаанд оруулна. Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн батлагдсанд тооцохоор зохицуулжээ. Түүнчлэн төсөлд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг болон улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцэх журмуудад зохих өөрчлөлтүүд оруулсан байна. Үүний зэрэгцээ албан тушаалтны бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, томилох, чөлөөлөх, огцруулах, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх, Ерөнхий сайдын мэдээлэл, гишүүний асуулга, асуултын хариуг сонсох, Засгийн газар, холбогдох байгууллагын тайлан, мэдээлэл, илтгэлийг сонсох, хэлэлцэх журмуудад зохих өөрчлөлтүүд оруулахаар төсөлд тусгажээ.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувийн саналаар хуулийн шинэчилсэн найруулгын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан юм.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль, тогтоомжуудыг нийцүүлэх ажлын хүрээнд боловсруулсан уг хуулийн төсөл нь нийтдээ 38 зүйлтэй бөгөөд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан хуулийн 4 зүйл, хэсэг, заалтыг өөрчлөн найруулж, 2 хэсэг, 1 заалтыг шинээр нэмж, 5 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулж, 4 хэсгийг хүчингүй болгохоор төсөлд тусгасныг хууль санаачлагч дурдав. Тухайлбал, сонгуулийн дүнгээр аль ч нам, эвсэл Улсын Их Хуралд олонхын суудал аваагүй тохиолдолд улс төрийн нам, эвсэл заавал олонхыг бүрдүүлж Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх, Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, зөвшилцөж чадаагүй тохиолдолд өөрөө өргөн мэдүүлэх, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь Улсын Их Хурлын гишүүн байж болох, Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг Улсын Их Хурал тогтоох зэрэг зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгажээ.
Мөн Ерөнхий сайд Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах зохицуулалт, түүнчлэн Ерөнхий сайдыг огцруулах, Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох талаарх зохицуулалтыг тусгаж өгчээ. Үүний зэрэгцээ Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр, Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцохоор, тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцох зохицуулалтыг хуульд нэмэхээр тусгасан. Мөн “Засгийн газар” гэсэн нэршил, Засгийн газрын бэлгэдлийг иргэн, хуулийн этгээд хэрэглэхийг хориглох заалтыг нэмсэн талаар төсөл санаачлагч дурдав.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Засгийн газрыг эмхлэн байгуулах журам, Ерөнхий сайдыг томилох, чөлөөлөх, огцруулах, Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах журам өөрчлөгдсөн тул хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын 2019 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хамтад нь боловсруулжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар төсөвт ямар нэг нэмэлт зардал шаардагдахгүй бөгөөд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт бодитоор хэрэгжиж, Засгийн газар тогтвортой ажиллах, гүйцэтгэх засаглалын эрх хэмжээ, үйл ажиллагааны чадавх дээшлэх ач холбогдолтой гэж үзэж буйгаа төсөл санаачлагч илэрхийлэв.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилохыг дэмжлээ
Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн тавыг Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаатай томилохоор заасан. Энэ үндсэн дээр Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүн Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг хүсэлтийн нь дагуу чөлөөлж, С.Баатаржав, Б.Баасандорж нарыг Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээр томилуулахаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгож буйг Байнгын хорооны дарга С.Бямбацогт хуралдаанд танилцуулав.
С.Баатаржав нь Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа бол Б.Баасандорж Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа, төрийн ажлын дадлага туршлагатай, мэргэшсэн төрийн жинхэнэ албан хаагчид юм.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь С.Баатаржав, Б.Баасандорж нарыг Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээр томилохыг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэнс хуралдаанд оруулахаар тогтов. Мөн Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээс чөлөөлөхөөр болов.
Хуралдааны төгсгөлд Ажлын хэсэг байгуулах тухай асуудал хэлэлцэж, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваагаар, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбатаар, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоор ахлуулан тус тус байгуулж ажиллуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.