Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр (2020.05.08) үдээс хойш хуралдаж, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хороонд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөв.
Сангийн дэд сайд Х.Булгантуяа энэ талаар хийсэн танилцуулгадаа, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ төрөл нэвтрүүлэх, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Франц Улсын “Пома” компанитай хамтран “Нийслэлийн агаарын тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр 2019 оны 04 дүгээр сараас ажиллаж байгаа. Уг төслийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас санхүүжүүлэх бөгөөд зээлийн хэмжээ 60 сая ам.доллар, нийт 40 жилийн хугацаатай, үүнээс 12 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй байх юм гэдгийг дурдав.
Төслийн хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд үндсэн хоёр чиглэлд дүүжин зам барьж ашиглалтад оруулах юм байна. Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлгийг холбосон эхний чиглэл нь 4.9 км урт, 3 зогсоолтой шугам байх бол хоёр дахь чиглэл нь Долоон буудал-Дарь эх-Сансарын тойргийг холбосон 5.4 км урттай, 3 зогсоолтой байх аж.
Төслийн гол зорилго нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, авто замын түгжрэлийг бууруулж, агаарын бохирдлыг багасгахад чиглэжээ.
Мөн уг Санхүүгийн хэлэлцээрийг зөвшилцөх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлсэн байна.
Төслийн талаарх танилцуулга, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр болов.
Дараа нь Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн тусгай хамгалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатараар ахлуулан байгуулж ажиллуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.