Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хороо таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.05.06/ хуралдаан 11.55 цагт, 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.


Санхүүгийн хэлэлцээрийн талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа танилцуулав.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, авто замын түгжрэлийг бууруулж, агаарын бохирдлыг багасгах зорилгоор нийслэлийн хоёр чиглэлд дүүжин зам барьж, ашиглалтад оруулах төслийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас санхүүжүүлэх зээлийг олгох боломжтойгоо мэдэгдээд байгаа аж. Нийт 60.7 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээл бөгөөд 40 жилийн хугацаатай, жилийн хүү нь 0.0076 хувь юм байна.

Эхнийх чиглэл нь Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлгийг холбосон 4.9 км урт, 3 зогсоолтой шугам бөгөөд өртөг нь 35.4 сая евро аж. Мөн Долоон буудал-Дарь эх-Сансарын тойргийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор 5.4 км шугам бүхий 3 зогсоолтой шугам барихаар төлөвлөсөн бөгөөд тус хоёр дахь шугамын холбогдох тооцоолол бүрэн хараахан дуусаагүй, төслийн хүрээнд техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах аж. Нийт өртөг 25.3 сая евро байхаар төлөвлөжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ц.Гарамжав нар асуулт асуусан. Гишүүд ямар судалгаа, шаардлагаар ийм төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснийг лавлаж байлаа.

Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, нийслэлийн нийтийн тээврээр өдөрт 600-650 мянган зорчигч зорчдог бөгөөд цаашид ачааллыг бууруулахын тулд олон төрөлт нийтийн тээврийн хувилбарт шилжүүлэх нь зүйтэй гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар үзсэн аж. Баянхошуу, Дарь-Эх, Чингэлтэйд амьдардаг иргэд агаарын дүүжин тээврээр үйлчлүүлнэ гэж тооцжээ. Агаарын дүүжин тээврийн хэрэгслийн ашиглалтын зардал нь бага, метро, трамвайнаас зардал нь 5-8 дахин бага гэсэн дүгнэлт гарсан хэмээлээ.

Мөн асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Ундармаа нар үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь санхүүгийн хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох, Дэд ерөнхийлөгчийг томилох саналыг дэмжлээ

Мөн хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Дээрх албан тушаалыг хашиж буй О.Эрдэмбилэг өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан үүрэг ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулаад, энэхүү хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд О.Эрдэмбилэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Үргэлжлүүлээд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцлээ. Энэхүү албан тушаалд Г.Дөлгөөнийг томилуулах саналаа Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа.


Г.Дөлгөөн нь 2008 онд МУИС-ийг Олон улсын харилцааны сургуулийн олон улсын эдийн засагч мэргэжлээр төгсч, 2015 онд Люксембургийн их сургуулийн банк, санхүүгийн магистрын зэрэг хамгаалжээ.  Тэрбээр 2006-2007 онд “Жонон даатгал” ХХК-д менежер, 2008-2013 онд Монголбанкны Хяналт шалгалтын хэлтэст нягтлан бодогч, хянан шалгагч, 2014-2015 онд Люксембург Улсын “Шродерс“ санд дадлагажигч ажилтан, 2015-2016 онд Монголбанкны Хяналт шалгалтын газрын  ахлах хянан шалгагч, 2016-2018 онд Монгол Улсын Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал, 2018 оноос Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж буй аж. Нэр дэвшигчийн танилцуулгатай холбогдуулан асуулт гараагүй бөгөөд УИХ-ын  гишүүн Я.Содбаатар, Б.Ундармаа, Б.Баттөмөр, Д.Дамба-Очир, Ц.Гарамжав нар үг хэлэв. Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Г.Дөлгөөнийг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжив.

Мөн хуралдаанаар Монголбанкны Дэд ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцсэн юм. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Г.Энхтайваныг томилуулах саналыг танилцууллаа.

Г.Энхтайван нь 2007 онд АНУ-ын Арканзасын их сургуулийн бизнесийн удирдлагын бакалавр, 2013 онд Их Британийн Оксфордын их сургуулийн бизнесийн удирдлагын магистр, Лондонгийн Эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулийн эрх зүйн магистрын зэргийг тус тус хамгаалжээ. Тэрээр 2007-2011 онд Санхүүгийн зохицуулах хороонд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хянан шалгагч, 2011-2012 онд Гадаад харилцааны яаманд сайдын туслах, Эдийн засаг, хамтын ажиллагаа, гадаад хуралдааны газарт атташе, 2013-2015 онд “Америк банк”-д дадлагажигч/шинжээч, 2015-2018 онд “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал, 2018 оноос “Үндэсний давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж иржээ.

Түүнийг Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр томилох саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.


Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Б.Баттөмөр, Ж.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авсан бөгөөд хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар төслийн хавсралтын “Амьдралын чанар ба дундаж давхарга” гэсэн 3 дахь зорилгын “Хөдөлмөр эрхлэлт ба гарааны бизнес” гэсэн хэсгээс бичил, жижиг, дунд бизнестэй холбоотой хэсгийг тусад нь бүлэг болгох, төслийн хавсралтын 3.2.7 дахь заалтад “Багш, эмч нарыг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцаар хангах.” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмэх, төслийн хавсралтын 3.3.23 дахь заалтын “нэвтрэх ур чадварыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.” гэснийг “жижиг, дунд бизнесийг нэвтэрч ажиллах боломжийг бүрдүүлэхэд бүх талаар бодлогын дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллана.” гэж, мөн хавсралтын 3.3.20 дахь заалтын “урамшууллыг өргөжүүлнэ.” гэснийг “дэмжлэгүүдийг өргөжүүлж, эрх зүйн орчныг илүү тааламжтай болгох чиглэлээр үргэлжлүүлэн ажиллана.” гэж тус тус өөрчлөх, гишүүн Ц.Гарамжав, Б.Ундармаа нар төслийн хавсралтын “Хүний хөгжлийн зорилт”-ын хүрээний “Эрүүл мэнд” гэсэн хэсэгт иог, хөдөлгөөнийг дэмжсэн заалт шинээр нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл