Цэс

Холбоо барих

Инфографик: Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга


Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит  чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын экспорт-импортын банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

    Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. 

    Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон баталсан бөгөөд Засгийн газрын 2017 оны 59 дугаар тогтоолоор дээрх хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг хэрэгжүүлэхээр тогтсон байна. 


    Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд уг төсөл хэрэгжсэнээр Монгол Улс өөрийн газрын тосны нөөцөө дотооддоо боловсруулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдийн засгаа төрөлжүүлэхийн зэрэгцээ түлш шатахууны импортын хамаарлаас гаргаж, эдийн засгийн нэгэн гол тулгуур, нефть-химийн үйлдвэрийн суурийг тавих юм.

Энэхүү төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг Энэтхэгийн “Инженерс Индиа Лимитед” компани боловсруулж, үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардлыг 1235.989 сая ам.доллар гэж тооцоолсон тул нэмэлт 235.989 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай болсон.     Монгол Улсын Засгийн газраас нэмэлтээр шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэхээр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газарт хүсэлт тавьсаны дагуу 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Энэтхэгийн Засгийн газраас 236.0 сая ам.долларын зээл олгохоор болсон тухай албан бичгийг зээлийн хэлэлцээрийн төслийн хамт ирүүлсэн. 

    Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зээлийн хэлэлцээрийг байгуулсан байна. 

    Зээлийн нөхцөл:

  • зээлийн хэмжээ /ам.доллар/ - 236.0 сая;
  • зээлийн хугацаа - 20 жил;
  • зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа - 5 жил;
  • зээлийн хүү /жилийн хүү/ - 1.75 хувь;
  • хөнгөлөлтийн түвшин - 29.44 хувь.

    Энэхүү зээлийн хэлэлцээрийг Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу Улсын Их Хурлаар соёрхон батлуулсан.


Улсын Их Хурлын Тамгын газар


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл