Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.05.08) нэгдсэн хуралдаан11 цаг 09 цагт эхэлж Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр танилцуулав. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн С.Батболд, Л.Болд нар ажилласан байна.
Байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж, кибер орон зайгаар дамжин үйлдэгдэх гадны кибер халдлага, түрэмгийллээс Монгол Улсын тусгаар тоггнол, халдашгүй дархан байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах үүргийг Зэвсэгт хүчинд хүлээлгэх, Зэвсэгт хүчний тусгай томилолтын анги салбаруудыг өргөжүүлэх замаар хосолмол, уламжлалт бус аюул, заналын нөхцөлд бага хүчээр давуу хүчний эсрэг үр дүнтэй тэмцэл явуулах үүрэг бүхий тусгайлан бэлтгэсэн чадварлаг цэргийн хүчнийг байгуулах нь зүйтэй гэж үзэж хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед асуулт асуух, үг хэлэх Улсын Их Хурлын гишүүд гараагүй байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр нар асуулт асууж, хариулт авлаа.
Төмөр замын томоохон бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байгаагийн гол ачааг зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүд үүрч байгааг Ж.Энхбаяр гишүүн хэлсэн. Жилд 80-90 орчим мянган залуус цэргийн алба хаах насанд хүрдэг бөгөөд эдгээрийн 3 хувь нь л алба хаах боломж, нөхцөл байдаг аж. Харин хэлэлцэж буй төсөл батлагдсанаар барилга-инженерийн цэргийг бие даасан төрлийн цэрэг болгон хөгжүүлэх, ингэснээр олон мянган залуусыг эх орны бүтээн байгуулалтад оролцуулах, цэргийн үндсэн бэлтгэл, сургуулилтаа дүүргэсний дараа үргэлжлүүлэн гэрээт цэргийн алба хаах, цалин хөлс нь аж ахуйн нэгжийн хэмжээнд олгогдох, хуримтлал бий болгох, нөгөө талаар мэргэжил, эх оронч хүмүүжил олгох гэх зэрэг олон талын ач холбогдолтой гэдгийг гишүүдийн асуултад хариулах үеэрээ Ж.Энхбаяр гишүүн хэлж тайлбарлаж байлаа. Хэлэлцэж буй төслөөр эдгээр нөхцөлийг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх ач холбогдолтой юм байна. Гэрээт цэргийн албан хаагчид сүүлийн жилүүдэд өргөжин, залуус цэргийн алба хаах сонирхол, эрмэлзэл өсч байгаа гэв. Урт хугацаанд үргэлжлэх бүтээн байгуулалтын ажлууд дээр нэг жилийн хугацаатай алба хааж буй цэргүүд ажиллах нь хэр тохиромжтойг Д.Эрдэнэбат гишүүн хэлээд, барилга-инженерийн анги нэгтгэлд алба хаах хугацааг хоёр жил, цаашлаад нийтэд нь цэргийн алба хаах хугацааг хоёр жил болгох боломжийн талаар тодруулж, хариулт авсан. Өнөөдрийн нөхцөлд цэргийн үндсэн бэлтгэл, сургуулилтыг нэг жилийн хугацаанд хийгээд, үргэлжлүүлэн алба хаах сонирхолтой залуус нь гэрээт цэргийн алба хаах байдлаар зохион байгуулж байгааг хэллээ.
Дараа нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын хоёр томъёоллоор тус бүр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь заалт буюу 6 дугаар зүйлийн 6.2.12 дахь заалтыг “6.2.12.гадны кибер халдлага, түрэмгийллээс хамгаалах.” хэмээн өөрчлөн найруулахыг гишүүдийн олонх дэмжсэн. Төслийн 3 дугаар зүйлд заасан 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “хуурай замын цэрэг, агаарын цэргээс” гэснийг “хуурай замын цэрэг, агаарын цэрэг, барилга-инженерийн цэрэг, кибер аюулгүй байдлын цэрэг болон тусгай хүчний цэргээс” гэж өөрчлөхийг мөн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Иймд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүлэв.
Хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгээг чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан. Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат, М.Энхболд нар үг хэлж саналаа илэрхийлсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат төслийг дагаж мөрдөх хугацаатай холбоотой зарчмын зөрүүтэй санал гаргасан боловч Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.19-т заасны дагуу ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн тул уг саналаар санал хураалт явуулаагүй гэлээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Н.Оюундарь, Д.Эрдэнэбат, Л.Мөнхбаатар нар асуулт асууж, хариулт авсан. Улс орны хөгжлийн хоцрогдлыг арилгах чиглэлээр ямар асуудлыг тусгасан, эрх өгөхийн зэрэгцээ хариуцлага хүлээлгэх хэлбэрээр өөрчлөлт орсон эсэхийг Б.Баттөмөр гишүүн асуулаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх болсон нэг шалтгаан нь гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмэгдүүлэх, өөрөөр хэлбэл ачаагаа үүрсэн ч үүнтэй тэнцэх эрх эдэлж, хариуцлага хүлээдэг байх өөрчлөлтийг хийх байсан талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлсэн. Сүүлийн 28 жилийн хугацаанд ердөө хоёр Засгийн газар л бүрэн эрхийн хугацаандаа ажилласан, энэ хугацаанд Улсын Их Хурал долоон бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. Бусад 10 хэдэн Засгийн газар огцорсон бөгөөд нэг Засгийн газрын ажилласан хугацаа дунджаар 1.6 жил байсан нь төрийн болон бодлогын тогтворгүй байдлыг үүсгэн, хэт их улс төржилт явагдсан. Улмаар Монгол Улсын нийгэм, эдийн засаг, ард иргэдийн амьдралд сөрөг нөлөө үзүүлдэг. Иймээс эрх мэдлийг тэнцвэржүүлэх зорилгоор Үндсэн хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсан. Улсын Их Хурлын гишүүдийн эрх мэдлийг хязгаарлан, Засгийн газрыг аль болох тогтвортой ажиллуулах бололцоог бүрдүүлэх чиглэлээр төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан гэлээ. Хариуцлагын тогтолцоог хэр бэхжүүлсэн талаар, орон нутгийн удирдлагууддаа эрх, боломж олгосон эсэхийг Н.Оюундарь гишүүн тодрууллаа. Засгийн газрын зарим шийдвэрийг Захиргааны ерөнхий хуульд хянадаг байх зохицуулалтыг төсөлд тусгасан хэмээн С.Бямбацогт гишүүн хариулт өгсөн. Эрх мэдлийг орон нутагт тодорхой хэлбэрээр шилүүлэх асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд тусгасан тул холбогдох хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд зохицуулагдах бололцоо бий, эдгээрийг энэ ондоо багтаан хэлэлцэх боломжтой гэдгийг тэрбээр тайлбарласан. Ингээд Байнгын хорооны хэлэлцэн шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор нэгбүрчлэн санал хураалт явууллаа.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх үүднээс төслийн 2 дугаар зүйл буюу 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг Улсын Их Хурал тогтооно” гэсний дараа “Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чиг шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.8 нь дэмжсэн. Төслийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу 21 дүгээр зүйлийн 8 дахь заалтыг “Бүрэлдэхүүнээрээ огцорсон Засгийн газрын гишүүнийг дахин томилж болно” гэж, төслийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг “Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон тэдгээрт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хугаацанд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж чадаагүй тохиолдолд Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ” гэж тус тус өөрчлөх зарчмын зөрүүтэй саналуудыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Түүнчлэн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг буюу 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан тогтоолын төслийг өргөн мэдүүлэхдээ хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, төсөв тэдгээрийн зүйл, хэсэг, заалтын талаарх өөрийн байр суурь болон Улсын Их Хурлаас дэмжлэг хүсэж буй асуудлыг тодорхой илэрхийлсэн байна. Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол батлагдсанд тооцно” гэж, төслийн мөн зүйлийн 4 дэх хэсгийг “Улсын Их Хурал Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоол баталсан бол энэ хуулийн 26.2-т заасан асуудлыг дэмжсэнд тооцно” гэж тус тус өөрчлөн найруулахаар боллоо. Төслийн 6 дугаар зүйлийг “Энэ хуулийг 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс дагаж мөрдөнө” хэмээн өөрчлөн найруулахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 48 гишүүний 35 нь буюу 72.9 хувийн саналаар дэмжлээ.
Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсний дараа Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Конвенцыг соёрхон батлах тухай хуулийг батлав
Дараа нь Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан.
Ялтан шилжүүлэх асуудал нь олон улсын хоёр талт болон олон талт гэрээний үндсэн дээр үр дүнтэй хэрэгждэг практик олон улсад тогтсон байдаг. Манай улс Орос, Турк, Польш, Куба, Канад, Солонгос, Энэтхэг, Хятад, Казахстан, БНХАУ-ын ЗЗОБ Хонконг, БНХАУ-ын ЗЗОБ Макао, Вьетнам зэрэг 12 оронтой ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан хоёр талт гэрээ байгуулаад байна. Мөн Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн 1983 оны конвенцид манай улс нэгдэн орсон. Монгол Улс Ялтан шилжүүлэх тухай 1983 оны Страсбургийн конвенцид 2015 онд нэгдэж орсон бөгөөд одоогийн байдлаар тус конвенцид Европын Холбооны 46 гишүүн улсаас гадна уг холбооны гишүүн бус 20 улс нэгдэж орсон байна. Уг конвенцийн хүрээнд ОХУ-аас 1, Япон Улсаас 1 Монгол Улсын иргэнийг тус тус шилжүүлэн авах ажиллагааг хийж, БНСловак Улсаас 1 иргэнийг шилжүүлэн авсан.
Ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулаагүй аливаа улстай ялтан шилжүүлэх асуудлыг харилцан адил байх зарчимд үндэслэн дипломат шугамаар дамжуулан тухай бүр харилцан тохиролцож шийдвэрлэх бөгөөд зарим улс ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулаагүй тохиолдолд ялтан шилжүүлэхээс татгалздаг (тухайлбал: Америкийн Нэгдсэн Улс). Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенцид Америкийн улсуудын байгууллагын гишүүн болон гишүүн бус нийт 21 улс нэгдэн орсон бөгөөд үүнд Монгол Улсын иргэд суралцах, бизнес болон аяллын зорилгоор зорчдог Америкийн Нэгдсэн Улс, Канад, Бразил, Мексик зэрэг улсууд багтсан байна. Тус конвенц 19 зүйлтэй бөгөөд ялтан шилжүүлэх нөхцөл, ялтны мэдээлэл, ялтан шилжүүлэх хүсэлт гаргах, хүсэлтэд тавигдах шаардлага, ялтан шилжүүлэхээс татгалзах үндэслэл, ялтныг шилжүүлэхэд гуравдагч улсаар дамжин өнгөрүүлэх нөхцөл, ялыг үргэлжлүүлэн эдлүүлэх зэрэг үндсэн асуудлыг тусгасан байна.
Иймд энэхүү конвенцийн гишүүн улсуудтай гадаадад хорих ял эдэлж буй иргэдийг эх орондоо ял эдлэх боломжоор хангах, гадаад орнуудтай ялтан шилжүүлэх ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх үүднээс Монгол Улс Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенцид нэгдэн орох шаардлагатай хэмээн үзжээ. Тус конвенцид аливаа улс нэгдэн ороход нээлттэй. Монгол Улс энэхүү конвенцыг соёрхон баталж, батламж жуух бичгээ Америкийн улсуудын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын газарт хадгалуулахаар хүргүүлсэн өдрөөс хойш 30 дахь өдөр хүчин төгөлдөр болно.
Энэхүү конвенцид нэгдэн орсноор Монгол Улс бусад улстай байгуулсан хоёр талт болон бусад олон талт гэрээ, хэлэлцээрийн үйлчлэл түүнчлэн шинээр өөр хууль боловсруулах, бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлагагүй гэдгийг Ц.Нямдорж сайд төслийн танилцуулгын үеэр дурдав. Төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа танилцуусан бөгөөд Байнгын хорооны гишүүд төслийг соёрхон батлахыг дэмжсэн байна.
Хуулийн төслийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь энэхүү конвенцид нэгдэн орсон 21 улсад манай улсын хэчнээн иргэн гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа, ял эдлэх магадлалтай байгааг тодруулсан. Мөн эдгээр улс орноос манай улсад ял эдэлж буй хэчнээн иргэн байгаа талаарх мэдээллийг лавлав. Өнөөдрийн байдлаар Монгол Улс эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ, гэмт этгээдийг шилжүүлэн өгөх, ялтан шижлүүлэх тухай 36 улстай олон улсын гэрээ байгуулсан байдаг талаар ажлын хэсгээс хариуллаа. Эдгээр нь давхардсан тоогоор иргэний хэрэгт эрх зүйн харилцааг зохицуулсан 17 гэрээ, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх харилцааг зохицуулсан 19 гэрээ, гэмт этгээд шилжүүлэх харилцааг зохицуулсан 7 гэрээ, ялтан шилжүүлэх харилцааг зохицуулсан 10 гэрээ байдаг байна. “Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенц”-ид Америк, Латин-Америкийн 16 улс, түүнчлэн Энэтхэг, Казахстан, Саудын Араб, Чех, Словак зэрэг улс нэгдэн орсон байдаг. Энэхүү конвенцид нэгдэн орсноор дээрх 21 улсад ял эдэлж буй иргэдээ хүлээн авч, үлдсэн ялыг нь Монгол Улсад эдлүүлэх, манай улсад ял эдэлж буй эдгээр улсын иргэдийг төрөлх эх оронд нь шилүүлэн өгч үлдсэн ялыг нь эдлүүлэх боломжтой болно. 2020 оны эхний улирлын байдлаар дээрх улсуудад Монгол Улсын 3 иргэн АНУ-д, 6 иргэн БНКУ-д, 1 иргэн БНЧУ-д хорих ял эдэлж байгаа бол манай улсын 15 иргэн АНУ-д, 2 иргэн БНЧУ-д гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байна. Харин АНУ-ын 1 иргэн Монгол Улсад хорих ял эдэлж байгаа бол тус улсын 1, Канад Улсын 1, БНКУ-ын 1 иргэн Монгол Улсад гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа талаар ажлын хэсгээс мэдээлэл өглөө. Монгол Улсын 165 иргэн гадаад улс орнуудад хорих ял эдэлж байгаа бөгөөд 108 нь БНХАУ-д байгаа талаар мэдээлсэн. Гэмт хэргийн төрлийн талаар тодруулбал хулгай, хар тамхины хэргээр ял эдэлж байгаа талаарх мэдээллийг өгсөн. Төсөлтэй холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 48 гишүүний 70.9 хувь нь дэмжснээр “Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийг батлав. Иймд Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав хуулийн эцсийн найруулгыг уншиж, танилцууллаа.
“Хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү танилцууллаа.
Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны 17, 12 дугаар зөвлөмжид нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл, хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөө, агаар хөрсний бохирдлыг бууруулах, эдийн засгийн тодорхой салбаруудын тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцүүлэн хөгжүүлэх, хүн амыг эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дагуул, хаяа хот байгуулах асуудлыг шийдвэрлэхээр тусгагдсан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т хот байгуулах тухай асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэхээр хуульчилсны дагуу Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Аэросити, Майдар хотуудыг байгуулахтай холбогдуулан Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хэрэгцээ, шаардлагагыг тандан судалж дээрх тогтоолын төслийг боловсруулснаа танилцуулж буйгаа дурдав. Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлээд, хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Г.Тэмүүлэн, Д.Лүндээжанцан, А.Ундраа, Ц.Гарамжав нар асуулт асууж, хариулт авлаа. Шинээр байгуулагдах хотын иргэд төрийн үйлчилгээг өөр сумаас очиж авахгүй, хот нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргүүдийг өөртөө шингээсэн байдлаар хөгжинө хэмээн төлөвлөж байгаа бөгөөд эдгээр шийдвэрийг хэзээ гаргах талаар Х.Нямбаатар гишүүн тодруулж, ажлын хэсгээс хариулт авсан. Одоогоор төлөвлөгөө, ТЭЗҮ болон холбогдох судалгаанууд хийгдэж байгаа гэдэг мэдээллийг өгсөн. Аэросити гэдэг нэршлийг монгол болгох асуудлаар Д.Лүндээжанцан гишүүн байр сууриа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа эдгээр хотын төлөвлөлтийг хийхдээ, хэдэн жилийн өмнө Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос АНУ-ын Хойд Каролина муж дахь “Research triangle park” технологийн төвийн судалгааг хийж байсныг ашиглах боломж байгааг хэллээ. Түүнчлэн эрчим хүч болон усны судалгаа, нийслэлтэй төмөр замаар холбох асуудал, их дээд сургуулиудын нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой тодруулгыг хийж, хариулт авав. Хот байгуулах ажил бол маш урт хугацаанд, цогц төлөвлөлтийн үр дүнд хийгдэх бөгөөд өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын ажлыг 4 үе шатад хуваагаад байгаагаа дэлгэрэнгүй танилцууллаа. Богд хан төмөр замтай холбоотой ажил “бүтээн байгуулалт 2” үе шат буюу 2028-2031 онд хийгдэхээр төлөвлөгдсөн гэлээ. Тус төлөвлөгөөнд өндөр технологийн төвүүдийг байгуулах асуудлыг тусгасан байна. Их сургуулиудын кампус байгуулан, нүүлгэн шилжүүлэх асуудлыг судалж байгаа гэв. Ц.Гарамжав гишүүний асуултад ажлын хэсгээс хариулт өгөхдөө, орчин үеийн жишиг шаардлага болох ухаалаг, ногоон байх шаардлагыг хангасан хот байгуулахаар төлөвлөсөн. Аэроситигийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газар баталсан байгаа бөгөөд хэсэгчилсэн төлөвлөгөөнүүдийг боловсруулах санхүүгийн асуудлыг шийдүүлээд, компаниуд судалгаа хийгээд эхэлсэн байгаа гэв. Майдар хотын төлөвлөгөө хийгдээгүй байгаа ч Зуунмод, Аэросити, Майдар хот гэсэн гурвал дээр төлөвлөлт хийгдэх юм байна. Аэросити нь 34000 оршин суугчтай байхаар төлөвлөөд байгаа юм байна.
Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, М.Энхболд нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжив. Иймд “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.