Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.05.05) хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр асуулт асуув. Тэрбээр хэлсэн үгэндээ өнгөрсөн 30 жилийн хугацаанд зах зээлийг үл үзэгдэгч гар өөрөө зохицуулж ирнэ гэж эдийн засгаа хэт чөлөөтэй хаясныг онцлон тэмдэглээд “АЛСЫН ХАРАА-2050” бодлогын баримт бичгийг боловсруулахдаа Монгол Улс хөгжлийн ямар загвар барих болсныг лавласан.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хариултдаа, “АЛСЫН ХАРАА-2050”-г Монгол хөгжлийн загвар гэж тодорхойлохыг хүсч байгаа. Өнгөрсөн хугацаанд аль нэг улсын хөгжлийн загварыг хуулбарлаж, тэр нь бүтэлгүйтэж ирсэн. Иймд өргөн уудам газар нутагтай, хоёр хөрштэй, далайд гарцгүй, хүн ам цөөн улсын хувьд өөрийн онцлогт тулгуурласан загварчлал гаргах нь зүйтэй гэж үзсэн гэдгийг дурдав.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахаар болов.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуурамч шатахууны асуудал нь 2015 оны арваннэгдүгээр сард онцгой албан татварын хувь хэмжээг 400 мянган төгрөг, дизель түлшинд 520 мянган төгрөг тогтоосон үеэс эхтэй юм. Түүнээс хойш завсрын бүтээгдэхүүний эрэлт огцом нэмэгдсэн байдаг. Урьд нь 20, 30 мянган тонн орж ирдэг байсан бол 2016 онд 100 мянган тонн, 2017 онд 150 мянган тонн орж ирсэн мэдээ байна. Завсрын бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд ямар нэг онцгой албан татвар, тусгай зөвшөөрөл байхгүйг төслийн танилцуулгад дурджээ.
Мөн нефть үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг зарим компани манай улсад хуурамч шатахуун үйлдвэрлэж, шатахуун түгээх станцуудад нийлүүлж, иргэдийг хохироосоор байна. Шатахуун импортлогчид хуурамч шатахуун нийлүүлж байгаагаас тээврийн хэрэгсэл, техник хэрэгсэл эвдэрч, иргэд, аж ахуйн нэгжүүд жилд 50-60 тэрбум төгрөгөөр хохирч байгаа статистик үзүүлэлт байна. Ийм үйл ажиллагаа явуулж буй компаниуд дээрх бодисуудыг ашигласныхаа төлөө улсад татвар төлөхгүй байгааг төслийн танилцуулгад дурдсан байлаа.
Иймд төсөл санаачлагч гишүүн Онцгой албан татварын тухай хуулийн 6.2-т керосин болон нефть нэрлэгийн хөнгөн фракц зэрэг бүтээгдэхүүнийг оруулж, 225-750 мянган төгрөгийн татвар ногдуулахаар хуулийн төсөл боловсруулсан гэж байлаа. Хуулийн төсөл батлагдсанаар эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй, татварын бааз сууриа тэлж, улсын төсвийг чиглэх орлогын хэмжээгээ өсгөөд зогсохгүй хуурамч шатахууны үйлдвэрлэлийг хумьж иргэдээ олон тэрбум төгрөгийн өрөнд оруулдаг асуудлыг шийдвэрлэнэ гэж төслийн танилцуулгад дурджээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр 2019 оны 02 дугаар сард Монгол Улсын Засгийн газарт хуурамч шатахууны асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьж, хариу авсныг дурдаад хуурамч шатахууны асуудлаар Ажлын хэсэг гарган ажиллаж байгаа бөгөөд Гаалийн ерөнхий газраас энэ талаар хэд хэдэн судалгаа хийснийг тэмдэглэв. Импортоор оруулж ирж байгаа газрын тосны фракц буюу завсрын бүтээгдэхүүн татваргүй учраас жил ирэх тусам нэмэгдэж байгаа тул онцгой албан татвар ногдуулж хязгаарлах, цаашдаа энэ төрлийн үйлдвэрлэлийг тодорхой стандартад нийцсэн үйлдвэрлэл болгон хөгжих боломжийг нээж өгөх нь чухал гэдгийг онцолж байлаа.
Ингээд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.