Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.05.05) нэгдсэн хуралдаанаар батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолуудын эцсийн найруулгыг сонсов. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хууль, тогтоолуудын эцсийн найруулгыг уншиж танилцууллаа. Үүнд, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон дагалдан гарсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгатай холбогдуулан саналтай гишүүн байгаагүй юм.
Мөн Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон дагалдан гарсан Төрийн аудитын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аудитын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг Улсын Их Хурлын дарга уншиж танилцуулсан бөгөөд хуулиудын эцсийн найруулгатай холбоотой санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн. Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын эцсийн найруулга болон дагалдан гарсан Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн бус байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ус цаг уур, орчны хяналт, шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг уншиж танилцуулсан. Улсын Их Хурлын гишүүд хуулиудын эцсийн найруулгатай холбоотой санал гараагүй юм.
Дараа нь Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонссон бөгөөд санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн. Иймд тус хуулийг дагалдан гарсан Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцууллаа.
Хуралдааны төгсгөлд Оюуны өмчийн тухай хууль, тус хуулийг дагалдан гарсан Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонсов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.