Цэс

Холбоо барих

Инфографик: Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга


Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит  чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.


Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг баталснаар Монгол Улсын Онцгой байдлын Ерөнхий газар, БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын ерөнхий газартай хамтран Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник, хэрэгслийн хангалтыг стандартын түвшинд хүргэх, агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх ач холбогдолтой юм.

Францын төрийн Сангийн зээлийн хэмжээ 57,985,000 евро бөгөөд зээлийн хугацаа 30 жил, үндсэн төлбөрөөс эхний 10 жил чөлөөлөгдөнө. Зээлийн хүү жилийн 0,08 хувь байна. Үндсэн зээлийг хагас жил тутам ижил хэмжээтэй, дараалсан 40 удаагийн төлбөрөөр эргүүлэн төлнө. Олон улсын валютын Сангийн аргачлалаар энэхүү зээлийн хөнгөлөлтийн түвшин 60.3 хувь байгаа бөгөөд Өрийн удирдлагын тухай хуулиар “нэн хөнгөлөлттэй” зээлийн ангилалд хамаарч байна.

Төслийн хүрээнд 2 үндсэн төрлийн үйл ажиллагааг гүйцэтгэнэ. Үүнд:

1 дүгээр бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хэт хүйтний нөхцөлд гал түймэр унтраах, олон зориулалт бүхий (нефтийн бүтээгдэхүүн хадгалдаг агуулах болон онц чухал обьектын гал түймэр унтраах) 42 нэгж тусгай зориулалтын шинэ автомашинууд нийлүүлэгдэнэ.

2 дугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад нисэх нэгж шинээр байгуулан, нисдэг тэрэгний 12 нисгэгч, 12 механик, авианик, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх ажиллагаанд зориулан тоноглогдсон Airbus EC-145 загварын 3 нисдэг тэрэг, нисгэгч нарыг сургах бага оврын 1 нисдэг тэрэг, симулятор, нисдэг тэрэг байрлах ангар, шатахуун цэнэглэх станц нийлүүлэгдэнэ.

Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль нь 1 зүйлтэй.

Энэхүү хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээний тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль болон бусад хууль тогтоомжтой нийцэж байна. Шинээр өөр хууль боловсруулах, бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлага үүсээгүй болно.


Улсын  Их Хурлын Тамгын газар 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл