Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.05.01) үдээс хойших хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонсов.
Монгол Улсын Засгийн газар 2017 оны 98 дугаар тогтоолоор 5 зорилт бүхий “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталж, хэрэгжүүлснээр агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын уялдааг хангах, бусад салбаруудын оролцоог нэмэгдүүлж, үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах боломжийг бүрдүүлсэн. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан нь бодит үр дүнд хүрсэн чухал алхам болсныг Н.Цэрэнбат сайд мэдээллийн эхэнд онцлон тэмдэглэв.
2019 оны 10 дугаар сараас 2020 оны 3 дугаар сар хүртэлх Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлт буюу агаар дахь PM2.5 тоосонцрын дундаж агууламж нь 2016-2017 оныхоос 52 хувиар, 2017-2018 оныхоос 48 хувиар, 2018-2019 оныхоос 41 хувиар тус тус бага байгаа нь дээрх ажлын үр дүнг илтгэж байна гэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар танилцуулсан. Бодлого, эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд Агаарын тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” болон эдгээртэй уялдан гарсан 30 гаруй дүрэм, журам, норм, аргачлал, 40 гаруй стандартын хэрэгжилтийг хангаж, хяналт тавин ажиллаж байгаа аж. Түүнчлэн Засгийн газрын 2018 оны 43 дугаар тогтоолоор “Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай”, 62 дугаар тогтоолоор “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” шийдвэр гаргаж, түүхий нүүрсний хэрэглээг хориглосонтой холбогдуулан “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журам”-ыг шинэчлэн баталсан байна. Тус журмаар иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудын эрх, үүргийг тодорхойлж, сайжруулсан түлшний тээвэрлэлт, хадгалалт, борлуулалтын урамшуулалтай холбоотой зохицуулалтыг нарийвчлан зохицуулжээ.
Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосонтой холбогдуулан Засгийн газрын 2018 оны 157 дугаар тогтоолоор гэр хорооллын айл өрх, орон байрны халаалтыг эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагч төхөөрөмжөөр шийдэх, хэрэглээг нь дэмжих зорилгоор 4 төрлийн агаар цэвэршүүлэгч, 10 төрлийн эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын системийг хөгжүүлж, иргэдэд хүртээмжтэй, үнийн хөөрөгдөлгүй, түргэн шуурхай хүргэхийн тулд нийслэлийн хэмжээнд 400 гаруй түлш борлуулагчидтай хамтран ажиллаж байна. Сайжруулсан түлшийг борлуулсан 1 тонн тутамд 15 мянган төгрөгийн урамшуулал олгохын зэрэгцээ 1 тонны үнийг 150 мянган төгрөг байхаар тогтоожээ. Гэвч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртгийн албан татвар тооцсон үнээр борлуулахад 1 тонн нь 165 мянган төгрөг буюу тонн тутамд 15 мянган төгрөг нэмэгдэхээр байгаа нь гэр хорооллын айл өрхийн худалдан авах чадварыг бууруулан, амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлж байна. Иймд сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг баталсан болохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд мэдээллийнхээ үеэр тэмдэглэсэн.
Засгийн газраас жилд 800 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрийг 2018 оны 11 дүгээр сараас үе шаттай ашиглалтад оруулан үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Одоогийн байдлаар тус компани нь өдөрт 3000 орчим тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ба хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын зүүн бүсэд шинэ үйлдвэр барих бүтээн байгуулалтыг 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр эхлүүлжээ. Тус үйлдвэр баригдсанаар нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд ороогүй зарим хороод, нийслэлээс алслагдсан дүүргүүдийн айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангаж, Налайх дүүргийн иргэдийг тогтвортой ажлын байраар хангах нөхцөлийг бүрдүүлэх аж.
Н.Цэрэнбат сайд үргэлжлүүлэн цахилгааны эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, урамшуулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцууллаа. Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу гэр хорооллын айл өрхийн хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг нийслэлд 100 хувь, орон нутагт 50 хувь хөнгөлж, улмаар 2017-2019 онд 24.5 тэрбум төгрөгийг олгосон бол 2020 онд 12.1 тэрбум төгрөгийг олгохоор шийдвэрлэж, нэг жилд ноогдох дүнг нэмэгдүүлжээ. Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн 2020 оны эхний улирлын шөнийн тарифын хөнгөлөлтийг 2019 оны мөн үетэй харьцуулахад сар бүр 1 тэрбум гаруй төгрөгөөр өссөн байгаа нь 2017-2019 онуудад нийслэлийн гэр хорооллын цахилгаан шугам сүлжээ, дэд станцыг өргөтгөн хүчин чадлыг нэмэгдүүлж, 42 мянга орчим айл өрхийг 4.0 кВт чадалтай цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлсэнтэй холбоотой гэж үзэж байгаа юм байна.
Хяналт, мониторингийг сайжруулах чиглэлээр Улаанбаатар хотын агаарын чанарын мониторинг хяналтын системийг үндсэнд нь шинэчилсэн ба өнөөдрийн байдлаар агаарын чанарыг хянах 15 харуул ажиллаж байгаагийн 12 нь автомат станц бөгөөд 15 минут тутамд 3-6 үзүүлэлтийг тогтмол хэмжиж байгаа гэв. Түүнчлэн агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа Засгийн газрын томоохон бодлого, шийдвэрүүдийн хэрэгжилтийн үр дүнг хянах зорилгоор Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 4208 иргэдийг ажиллуулж ухамсар дадлыг өөрчилж байгааг танилцуулгад дурдав. Орон тооны бус ажилтнуудтай хамтран нийслэлийн төвийн 6 дүүргийн гэр хорооллын 142 мянган айл өрхөөс 32 асуулга бүхий Амьдрах орчны судалгааг авч, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлон хэрэгжүүлж байгаа гэлээ.
Амьдрах орчны судалгааны дүнгээс харахад хашаандаа модгүй айл 80 хувь, 5 хүртэлх мод тарьсан айл 10 хувийг эзэлж байгаа нь хангалтгүй үзүүлэлт болохыг салбарын сайд танилцуулгадаа дурдсан. Мөн гэр хорооллын 96 хувь нүхэн жорлонтой байгаа нь хөрсийг ихээр бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг тэмдэглэв. 2017-2018 оны хооронд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 1500 нүхэн жорлонг стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар сольсон байна. 2020 онд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны санхүүжилтээр 2000 ширхэг нүхэн жорлонг шинэчлэхээр холбогдох хуулийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа аж.
Агаар орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 2019 онд 21 сургууль цэцэрлэг, 15 төрийн байгууллагыг цахилгаан, байгалийн хий, газрын гүнийн дулаанд холбож түүхий нүүрс түлдэг эх үүсвэрийг халж жилд 6650 орчим тонн түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоожээ. 2020 онд 20 сургууль, цэцэрлэгийг байгалийн хий, цахилгаанаар халаахаар ажиллаж байгаа гэв. Засгийн газраас гэр хорооллын иргэдэд дотоод агаарын угаар хэмжигч төхөөрөмжийг нэг удаа үнэ төлбөргүй олгох шийдвэр гарган 205 мянган төхөөрөмж худалдан авч, 167 мянган төхөөрөмжийг айл өрхөд суурилуулсан байна. 2019 онд Байгаль орчин, уур амьсгалын сангаас гэр хорооллын айл өрхөд 726 цахилгаан халаагуурыг тараажээ. Мөн 2019 онд гэр хорооллын иргэдэд цахилгаан халаагуур, дулаан алдагдлыг бууруулах, эко жорлонгийн асуудлаа шийдэхэд нь дэмжлэг үзүүлж, арилжааны банкуудтай хамтран “Ногоон зээл”-ийг олгож эхэлсэн бол энэ онд нэр төрлийг нэмэгдүүлж, иргэн, аж ахуйн нэгжийн ногоон худалдан авалт хийх нөхцөлийг сайжруулсан байна.
Энэ онд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд 53.0 тэрбум төгрөг зарцуулах замаар сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадлыг 600 мянган тонноор нэмэгдүүлэх, цахилгаан эрчим хүчний хэрэглээг дэмжих, нийтийн тээврийн агаарт ялгарах бохирдлыг багасгах, аймгуудын агаарын бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх, дулааны эх үүсвэрт нь утаа шүүх шүүлтүүр тавих, түүнчлэн агаар, орчны бохирдлыг бууруулах инноваци, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, мониторингийн сүлжээг сайжруулах, мэдээлэл сурталчилгааг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгааг танилцууллаа. Агаарын бохирдлыг бууруулах цаашдын зорилт нь “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-т тусгасан цогц арга хэмжээг бүрэн авч хэрэгжүүлсний үр дүнд ирэх 2021 онд агаарын бохирдлыг 80 хувиар бууруулахад чиглэгдэж байгаа юм байна.
Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Д.Лүндээжанцан, Д.Тэрбишдагва, М.Оюунчимэг, Л.Энх-Амгалан, Х.Нямбаатар нар асуулт асууж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрчим хүчний сайд болон ажлын хэсгээс хариулт, тайлбар авсан юм.
Аймгуудад орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Б.Бат-Эрдэнэ гишүүний асуултад Н.Цэрэнбат сайд хариулахдаа “Хүн амын төвлөрлөөс нь хамаарч агаар, орчныг бохирдлыг бууруулах арга хэмжээг орон нутгуудад авч байгаа. Уламжлалт дулааны станцад утаа шүүгч байрлуулах арга хэмжээг энэ жилдээ 4 аймагт туршиж байна. Бид агаарын бохирдолтой тэмцэхдээ утааг үүсгэж буй эх үүсвэртэй тэмцэх шаардлагатай. Тиймээс орон нутгийн удирдлагуудад энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар чиглэл өгсөн. Түлш бэлтгэх технолгио сайжруулж, зуухны стандартыг дээшлүүлэх асуудал нэн чухал. Ийм байдлаар нэгдсэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна” гэлээ. Орон нутагт агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байгаа талаар Н.Цэрэнбат сайд тодорхой мэдээлэл өгсөн юм. Хуучирсан автомашин, техник хэрэгсэл нь агаарын бохирдолд тодорхой нөлөө үзүүлж байгаа гэдгийг Д.Лүндээжанцан гишүүн хөндөв. Түүний лавласны дагуу Эрчим хүчний сайд цахилгаан нөөцлүүртэй халаагуурыг хэрэглээнд нэвтрүүлэхээр судалж буй талаар мэдээлэл өгөв. Цахилгаан хямд байхад буюу шөнө цахилгаан хуримтлуулаад, үүгээрээ өдрийн турш халаадаг технологийг судалж байгаа бөгөөд амжилттай болвол 100 мянга орчим өрх эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай, нано халаагуур ашиглах боломж бүрдэх юм байна. Үүнийг хэрэглээнд нэвтрүүлэхдээ хүүг нь 50 хувь хөнгөлдөг “Ногоон зээл”-ийн хүрээнд санхүүгийн шийдэл гаргах бөгөөд арилжааны банкууд дэмжиж ажиллаж байгаа гэв.
Тээврийн хэрэгслүүдийн үүсгэж буй агаарын бохирдлыг бууруулахын тулд зоримог шийдэл гаргах шаардлага бий гэдгийг Н.Цэрэнбат сайд хэллээ. Нийтийн тээвэрт явж буй автобуснуудын 80 хувь нь “насжилт өндөр”-тэй. Эдгээрт бүрэн шаталтыг дэмжих, ялгаруулж буй хорт нэгдлийн хэмжээг бууруулах төхөөрөмжийг 2019 онд тавьсан. Үүний үр дүнд тодорхой үр дүн гарсан гэлээ. Нийслэлд өдөрт 480 орчим мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог бол 200 гаруй яндангаас утаа гардаг. Өөрөөр хэлбэл, бохирдол “үйлдвэрлэж” буй тээврийн хэрэгслийн тоо яндангаасаа 2.3 дахин их. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам энэ асуудлыг шийдвэрлэхээр хамтран ажиллаж байгаа бөгөөд стандартын шаардлага хангасан, чанартай нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байгаа. Эрүүл, аюулгүй орчныг бий болгох, эрсдлийг бууруулахын тулд нийтээрээ хариуцлагатай байж, шат шатны стандартаа өндөрсгөх шаардлагатай хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хэлж байв.
Д.Тэрбишдагва гишүүний тодруулсны дагуу агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд орлого багатай иргэдийг орон сууцжуулах чиглэлээр гадаадын зээл, тусламжийг авч тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаар Н.Цэрэнбат сайд дэлгэрэнгүй мэдээлсэн юм. Мөн түлшний чанарыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар “Таван толгой” ХХК-ийн ерөнхий инженер мэдээлэл өгөв. Улсын Их Хурал, Өргөдлийн байнгын хороо агаар, орчны бохирдлыг бууруулах асуудалд ихээхэн анхаарал хандуулж, холбогдох шийдвэр гаргах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн талаар М.Оюунчимэг гишүүн хэлж байлаа. Агаар, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлд төр засгаас олон тооны арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа, үүний зэрэгцээ иргэд өөрсдийн хүрээлэн буй орчныг эрүүл, цэвэр байлгахад хамтарч ажиллан, санаачилгатай байвал илүү үр дүнтэй гэдгийг Н.Цэрэнбат сайд онцолж, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулж, төсвийн дэмжлэгийг тогтвортой байлгасан тохиолдолд ойрын гурван жилдээ хөрсний бохирдлын асуудлыг дорвитой шийдэх боломж бий гэлээ. Төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд төсвийн тогтвортой санхүүжилт чухал гэдгийг тэрбээр онцлон тайлбарласан.
Ийнхүү Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авснаар өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.