Цэс

Холбоо барих

“Ногоон гарц” түр журмыг хэрэгжүүлж ажиллахыг санууллаа

 

УИХ-ын дарга Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Гашуунсухайт боомтын нөхцөл байдалтай танилцаж, албаныханд үүрэг өглөө.  Коронавирусийн хорио цээрээс өмнө өдөрт нүүрс тээврийн 1000-1300 машин хилээр нэвтэрдэг байжээ. Харин одоо өдөрт 500, түүнээс цөөн машин хил нэвтэрч байна. Иймээс цар тахлын хориг, хязгаарлалтын онцгой нөхцөлд эдийн засгийн хамтын ажиллагааг зохистой хэлбэрээр үргэлжлүүлэх, иргэдийн зорчих хөдөлгөөн, бараа, түүхий эдийн тээвэрлэлтэд тулгарч буй асуудлуудаар Монгол Улс, БНХАУ-тай зөвшилцөж, цар тахлын үед хэрэгжүүлэх “Ногоон гарц”-ын түр журмыг хэлэлцэн тохирcон байдаг. Гэвч одоогоор уг түр журам хэрэгжиж эхлээгүй байна. Иймээс журмыг хэрэгжүүлэх талаар идэвх санаачилгатай ажиллахыг УИХ-ын дарга боомтын ажилтнуудад санууллаа.

“Ногоон гарц” түр журамд талуудын холбогдох байгууллагын зөвшөөрлөөр тээврийн машины жолооч нарын нэрсийг хоёр талын орон нутгийн засаг захиргааны байгууллага харилцан солилцсоны үндсэн дээр шуурхай нэвтрүүлнэ. Зөвшөөрөл бүхий иргэд хил нэвтрэхээс өмнөх 72 цагийн дотор талуудын харилцан хүлээн зөвшөөрсөн мэргэжлийн байгууллагад КОВИД-19-ийн нуклейн хүчлийн түргэвчилсэн шинжилгээ хийлгэж, өвчний халдваргүй гэдгээ нотолсон тодорхойлолт авах бөгөөд шинжилгээний бичиг 7 хоног хүчинтэй байна гэх зэрэг зохицуулалтуудыг тусгасан байна.

Хил, гаалийн албан хаагчидтай холбоотой авлига, хүнд суртлын асуудал, зөрчил маргаан байнга гардаг. Үүнийг таслан зогсоож, төрийн албан хаагч бүр ёс зүйгээ дээдэлж ажиллах ёстой. УИХ-д Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо байгуулсан. Зөвхөн УИХ-ын гишүүдийн биш, нийт төрийн алба хаагчдын сахилга хариуцлага, ёс зүйг сайжруулах, хяналт шалгалт хийж, хуулийн хэрэгжилтийг хангах асуудлыг энэ Байнгын хороо хариуцна. Ирэх дөрвөн жилд төрийн алба хаагчдын ёс зүй, сахилга, хариуцлагад эрс өөрчлөлт гарна гэдэгт итгэж байна гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл