Цэс

Холбоо барих

Тамгын газрын ажилтнуудад зориулсан ээлжит сургалт “УИХ-ын чуулганы хуралдааны дэг ба хэрэглээ” сэдвийн хүрээнд боллоо


    Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс Тамгын газрын ажилтнууд, Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, туслахуудад зориулан хийдэг ээлжит дотоод сургалтыг өнөөдөр /2020.08.14/ “УИХ-ын чуулганы хуралдааны дэг ба хэрэглээ” сэдвээр зохион байгууллаа.

    Сургалтыг Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа чиглүүлэв.  

    Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан сургалтыг нээж хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагаатай холбоотойгоор анхаарах зүйлийг тухай бүрт нь тодорхой дараалал, хөтөлбөрийн үндсэн дээр ажилтнуудад танилцуулан тогтмол зохион байгуулах сургалтыг нэмэгдүүлж, нэгдсэн сургалтаас гадна хэлтэс, албад дотроо сургалт хийнэ гэдгийг тэмдэглэлээ.

    Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан “Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг ба хэрэглээ: Дэгийн хуульд орсон шинэ зохицуулалтууд” сэдвээр эхний илтгэл, танилцуулгыг хийж, илтгэлдээ  Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдааны эхний өдрөөс мөрдөж эхэлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын тухай хуульд шинээр орсон зохицуулалтын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинэчилсэн найруулгаар баталсан хэдий ч зарчимын хувьд цоо шинэ агуулга бүхий заалтууд орсныг тэрээр  эхэнд нь дурьдаад, хуулийн зүйл, заалт тус бүрээр дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.


    Дараа нь Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал “Өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Чуулганы хуралдаанаар хэлэлцэх үе шат, онцлог, анхаарах зүйл” сэдвээр,  Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан “Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл болон хэлэлцэж буй төслийн үр нөлөөний үнэлгээ, төсөвт үзүүлэх зардлын нөлөөллийн талаар судалгаа, шинжилгээ хийх зөвлөмж гаргах, Байнгын хороонд танилцуулах журам” сэдвээр танилцуулга  хийв.





    Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан сургалтыг хааж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар Улсын Их Хурлын Тамгын газрын чадамж бүх талаар дээшилсэн. Үүнийг дагаад Тамгын газрын ажилтнуудын үүрэг нэмэгдэнэ. Хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ бидний эцсийн бүтээгдэхүүн болох хууль тогтоомж маш сайн чанартай гарсан байхад Тамгын газрын ажилтан бүр дээд зэргээр анхаарч ажиллах ёстой” хэмээн онцлон тэмдэглэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл