Ажлын хэсгийн хуралдааныг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Батчимэг удирдан, Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт, Р.Гончигдорж, Д.Ганбат, ажлын хэсгийн дэд хэсгийн гишүүд болон байнгын хороодын ажлын албаны ажилтнууд оролцлоо. Ажлын хэсгийн гишүүдээс өгсөн үүргийн дагуу Гаалийн ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнхтогос “Хилийн боомтод худалдааг хөнгөвчлөх тухай”, Тагнуулын ерөнхий газрын Хуулийн хэлтсийн дарга Ц.Хүрэлбаатар “Хилийн боомтын аюулгүй байдал”, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн шалган нэвтрүүлэх албаны ахлах мэргэжилтэн Б.Түвшинцэнгэл “Хилийн боомтод хяналтын үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын ажилтнуудын нийгмийн асуудал” зэрэг танилцуулгыг ажлын дэд хэсэгт орсон гишүүдийн хамтаар бэлтгэн хийлээ.
Улсын Их Хурлын гишүүд ажлын хэсгийн хуралдаанд хийсэн гурван танилцуулга, тэдгээрт тусгагдсан саналууд болон хуулийн төслийн үзэл баримтлалын талаар саналаа хэлж, дэд хэсгийн гишүүдээс оруулж байгаа саналуудыг илүү тодорхой болгох үүрэг өглөө.
Ажлын хэсгийн хуралдаанууд болон боомтод ажиллах үед хуулийн төслийн талаар гарсан саналуудыг нэгтгэн томьёолж, дараагийн ажлын хэсгийн хуралдаанаар бэлтгэж ирэхийг үүрэг болголоо.
Тойм бэлтгэсэн: Референт П.Туяа