Энэ удаагийн дугаарт Гэрээ соёрхон батлах тухай, Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг, Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хамт тус тус нийтэлсэн.
“Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-г байгуулахаар 2017 оноос ажиллаж, дотоодын холбогдох байгууллагуудаас санал авч нэгтгэн улмаар Вьетнамын талтай дипломат шугамаар удаа дараа санал солилцсон. Үүний дүнд талууд гэрээний төслийг 2018 оны 10 дугаар сарын 15-нд үзэглэж, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан байна. Энэхүү гэрээ 22 зүйлтэй бөгөөд уг гэрээгээр гэмт этгээдийг шилжүүлбэл зохих гэмт хэргийн төрөл, шилжүүлэхээс татгалзах үндэслэл, шаардагдах баримт бичгийг хүргүүлэх, гэмт этгээдийг шаардлагатай тохиолдолд түр саатуулах, шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэх журмыг нарийвчлан тодорхойлсон тул гэмт этгээд шилжүүлэх ажиллагааг амжилттай, шуурхай гүйцэтгэх боломжтой байхаар зохицуулсан байна.
“Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийг санхүүжүүлэхээр Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газартай Санхүүгийн хэлэлцээрийг байгуулсан бөгөөд зээлийн хэмжээ, хугацаа, хүү болон төслийн хүрээнд гүйцэтгэх ажилтай эмхэтгэлийн дугаараас дэлгэрэнгүй танилцах боломжтой.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилох тухай, Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай, Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай зарлиг болон, Монгол Улсын Засгийн газрын Үндэсний хөтөлбөр батлах тухай, Дүрэм шинэчлэн батлах тухай тогтоолуудыг нийтэллээ. Тухайлбал, 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжихэд монгол бичгийн сургалт, судалгаа, хэрэглээний орчныг бүрдүүлж, бэлтгэлийг бүрэн хангахаар Үндэсний хөтөлбөр батлах тухай тогтоолыг баталсан. 2020-2024 онд хэрэгжүүлэх уг хөтөлбөр нь монгол бичгийн хэрэглээний орчныг бүрэн бүрдүүлэх, монгол бичигт сургах ажлыг шинэ шатанд гаргаж, үр дүнд хүргэх, албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид монгол бичигт бүрэн шилжих эрх зүй, технологийн орчин бүрдүүлж, бэлтгэл хангах, монгол бичгийн сургалт, судалгаа, сурталчилгааны ажлын агуулга, арга хэлбэрийг боловсронгуй болгоход чиглэсэн байна.
Түүнчлэн Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмээр цахилгаан эрчим хүч хэрэглэхтэй холбогдуулан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгч иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн харилцааг зохицуулсан бөгөөд иргэн, хуулийн этгээдэд цахилгаан сүлжээнд холбох техникийн нөхцөл олгох, иргэн, хуулийн этгээдийн шинээр барьсан цахилгаан тоног төхөөрөмжийг сүлжээнд холбох, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, хэрэглэгчийн эрх, үүрэг зэрэг харилцааг хэрхэн зохицуулсан талаар дэлгэрэнгүй танилцах боломжтой гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.