Эмхэтгэлийн шинэ дугаарт Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нийтэллээ. 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх уг хуулиар архив, албан хэрэг хөтлөлт нь арга зүй, зохион байгуулалтын хувьд нэгдмэл байх, архивын ашиглалт хуулийн хүрээнд нээлттэй, шуурхай байх, албан хэрэг хөтлөлтийн болон архивын сан хөмрөгийн бүрдүүлэлт тогтмол үнэн зөв, бүрэн байх эрх зүйн орчинг хуулиар бүрдүүлсэн бөгөөд дараах зарчмын шинжтэй асуудлыг хуульд тусгасан. Тухайлбал, Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг анх удаа хуулийн хэм хэмжээгээр зохицуулж, архивын баримт зэрэглэлийг холбогдох хуулийн заалттай уялдуулж, хуулийн шалгуур хангасан архивын баримтыг хосгүй үнэт баримтад хамааруулахаар зааж, нэн үнэт, үнэт, ердийн гэсэн зэрэглэлд хамааруулах архивын баримтыг хэрхэн тодорхойлох үндэслэлийг заасан байна. Мөн Үндэсний архивын сан хөмрөгийн баримт болон архивын хосгүй үнэт, нэн үнэт, үнэт баримтыг салбарын харьяалал, өмчийн хэлбэр, мэдээлэл агуулагчийн төрөл, хадгалагдаж байгаа байршлаас үл хамааран тэдгээрт улсын нэгдсэн тоо бүртгэл хөтлөхөөр тусгаж, нэгдсэн тоо бүртгэлд орох баримтын мэдээллийг хэрхэн авах талаар тодорхойлохын зэрэгцээ Үндсэний төв архив, салбар архив, төрөлжсөн архив, байгууллагын архивын эрх зүйн байдлыг нарийвчилан тодорхойлж, төрийн архивын чиг үүрэг, түүнийг байгуулах, өөрчлөх, татан буулгах үндэслэл, зарим төрийн архив салбар архивтай байхаар зохицуулсан байна.
Үндсэний архивын сан хөмрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэгч болох байгууллагын архивын анхан шатны баримт бүрдүүлэх, нөхөн бүрдүүлэх, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, хуулиар хүлээх үүргийг тусгаж, өмчийн хэлбэрээс үл хамааран байгууллага бүр архивтай байх, тэдгээр нь албан хэрэг хөтлөлтийн явцад үүссэн архивын баримтыг хуульд заасан хугацаанд түр хадгалах, ашиглуулах, байнга хадгалах архивын баримтыг төрийн архивын хадгалалтад шилжүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, архивын баримтын үнэ цэнэ, дахин давтагдашгүй шинж чанарыг харгалзан архивын баримтыг хадгалах үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлүүлэх, тусгай зөвшөөрлийг архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага олгодог байхаар тусгажээ.
Түүнчлэн Архивын ерөнхий газрын дэргэд ажилладаг баримт нягтлан шалгах орон тооны бус комиссын чиг үүргийг Архивын ерөнхий газрын гүйцэтгэх үндсэн чиг үүрэгт оруулж тусгасгаар архив, албан хэрэг хөтлөлтийг мэргэжлийн арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах тус газрын эрх, үүрэг бүрэн хангагдахаар болж, архив судлал, баримт судлалыг хөгжүүлэх, архивын баримтыг эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах, олон нийтэд сурталчлах, архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр ажиллаж байгаа хүний нөөцийн чадавхийг сайжруулах, мэргэшүүлэх асуудлаар гарч байгаа хэрэгцээ, шаардлагыг харгалзан үзэж Сургалт, судалгааны төвийг Архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэд ажиллуулах, төрийн болон байгууллагын архивын чиг үүрэгт архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, архивын ашиглалтын үйл ажиллагаанд цахим үйлчилгээ нэвтрүүлэх, цаасан суурьтай болон цахим архивын баримтын хүчин төгөлдөр байдлыг хангахаар тусгасан байна. Үүний зэрэгцээ цахим архивын санг төлбөртэй болон төлбөргүй хадгалах үйлчилгээ, үндэсний архивын сан хөмрөгт төрийн чиг үүргийг хууль, эсхүл гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдийн архивын баримтыг хамруулах, төрийн архивын үндсэн чиг үүрэгт хамаарах хөмрөгийн баримтын агуулга, бүрэлдэхүүн, байршлыг цахим мэдээллийн санд оруулахаар зохицуулалтуудыг тусгажээ.
Мөн эмхэтгэлээс Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын тогтоолыг цэцийн дүгнэлтийн хамт бүрэн эх болон “Үндэсний хөтөлбөр батлах тухай” Монгол Улсын Засгийн Газрын тогтоолтой танилцаж боломжтой. 2020-2024 он хүртэл хэрэгжүүлэх уг хөтөлбөр нь малчдыг мэдээллээр хангах, хөгжүүлэх, орон нутагтаа ая тухтай ажиллах, амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, бүтээмж, орлого, ашгийг нь өсгөх, тэдгээрийг чадавхжуулах зорилготой аж. Хөтөлбөрийн хүрээнд малчдыг мэдлэгжүүлэх, мэдээллээр хангах аян өрнүүлж, тэдгээрийн мэдлэг, туршлага, чадавхыг сайжруулах, хөгжүүлэх, малчдын залуу халааг бэлтгэх, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоонд чанарын үнэлэмж бий болгох, нэмүү өртгийн сүлжээнд малчдын оролцоог идэвхжүүлэх, малчид, малчин өрхийн үйлдвэрлэлийн бүтээмж, нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх, орлого, ашгийг өсгөх, эдийн засгийн чадамжийг сайжруулах, малчдын хамтын хоршил, эко санаачилга, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлж, байгальд ээлтэй, хариуцлагатай мал аж ахуйг тогтвортой эрхлэхэд чиглэгдсэн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, малчдын орон нутагтаа ая тухтай ажиллах, амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулахад бодлогын дэмжлэг үзүүлэхээр тусгасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.