Цэс

Холбоо барих

Инфографик: Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

 

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит  чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна. 

МОНГОЛ УЛС, АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК ХООРОНДЫН ШУУРХАЙ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ САНХҮҮЖИЛТИЙН ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨРИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН  ТАНИЛЦУУЛГА 

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. 

Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр нь коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээ авах, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг дэмжих зорилготой. Энэ хөтөлбөрийн хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна: 


1. Коронавируст халдварын цар тахлын үед эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг бүрэн хэмжээнд бэлтгэлтэй байх нөхцөлийг бүрдүүлэхэд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслүүдийг яаралтай худалдан авч, нөөцлөх; 

2.  Коронавируст халдварын цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дэмжих, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх.

Хөтөлбөрийг Азийн хөгжлийн банк (АХБ)-ны 300 сая ам.доллар хүртэлх хөнгөлөлттэй болон энгийн эх үүсвэрийн зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ. 

АХБ-ны хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 40 жил, үүнээс эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь 1 хувь байна. Харин энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн хүү дээр 0.5 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байна.

Улсын Их Хурлын Тамгын газар

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл