Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Ц.Мөнх-Оргил, Д.Сарангэрэл, Ж.Сүхбаатар, Ц.Туваан нар Улсын Их Хуралд “Хүчирхийлэлтэй тэмцэх лобби бүлэг” байгуулж байгаа тухай албан бичгээ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүлжээ.
Улсын Их Хурал, Засгийн газраас хүүхэд, гэр бүл, залуучуудын талаарх хууль, эрх зүйн орчныг сайжруулахад онцгойлон анхаарч ажилласны үр дүнд хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Хүүхэд хамгааллын, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг шинээр батлан хэрэгжүүлж байна.
Хүүхэд гэр бүлийн хүчирхийллийг хуульчлах асуудалд ахиц дэвшил гарч байгаа ч бодит байдал дээр хэрэгжилт хангалтгүй, хүчирхийлэл нийгмийн бүх түвшинд олон хэлбэрээр үйлдэгдэж байгаа нь өнөөгийн нийгэм дэх ёс зүйн доройтлыг илтгэж байна хэмээн Улсын Их Хурлын гишүүд үзжээ. Иймд Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан санаачлан, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Сарангэрэл, Ж.Сүхбаатар, Ц.Туваан нарын хамт дээрх асуудлаар хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хууль хэрэгжихгүй байгаа талбарууд дахь асуудлыг судлан, хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, чиг үүрэг бүхий уг лобби бүлгийг байгуулж ажиллахаар санал нэгджээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.