Цэс

Холбоо барих

Инфографик: Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит  чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, соёрхон баталлаа.


Улаанбаатар хотын цэвэр агаар төслийн хүрээнд Дэлхийн банкнаас 15.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг 2012 оноос хойш хэрэгжүүлж байна. Төслийн хэрэгжилтээс нааштай үр дүн гарч байгаа хэдий ч нийслэлд шилжин ирэгсдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж, тээврийн хэрэгслийн тоо өссөн зэрэг бохирдуулагчийн тоон өсөлтөөс шалтгаалан агаарын бохирдлын асуудал хүний эрүүл мэндэд аюул учруулах хэмжээнд байсаар байна.

Төслийн хэрэгжилтийн хугацаанд сайн үр нөлөө үзүүлсэн арга хэмжээг өргөтгөн, цар хүрээ болон ашиг хүртэгсдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-д Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас 12.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт санхүүжилт олгохоор харилцан тохиролцоод байна.

Төслийн нэмэлт санхүүжилтээр төслийн 4 бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хүлээгдэж буй бодит үр дүнд гэр хорооллын 5000 орчим айлын халаалтыг цахилгаанаар шийдэх болон нийслэлийн өмчит халаалтын зуухуудыг нүүрсний бус технологиор шийдэж, төвийн шугамд холбон нийслэлийн агаарын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулна.

Түүнчлэн “Дулаалга аян”-ыг үргэлжлүүлэхдээ татаасны хэмжээг бууруулж, иргэдийг өөрсдийн гараар орон байраа дулаалах арга техникт сургаснаар түлшний хэрэглээг 50 хувиар бууруулж, өрхийн төсөвт хэмнэлт гаргаад зогсохгүй бэлэнчлэх сэтгэлгээ, хандлагыг өөрчилж, агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх юм.

Улсын Их Хурлын Тамгын газар

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл