У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг дэмжив
Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр бүрдсэн Улсын Их Хурлын Анхдугаар чуулган үргэлжилж байна.
Шинээр бүрдсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэн эрхийн хугацааны анхны хуралдаан өнөөдөр (2020.07.02) 09 цаг 14 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Байнгын хорооны анхны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд даргалан хуралдуулав.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралд оруулснаас хойш Төрийн байгуулалтын байнгын хороо ажлын 3 өдрийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” заасан.
Энэ үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд хамгийн олон буюу 62 суудал авсан МАН-ын Бага хурал өчигдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдад Улсын Их Хурлын гишүүн, МАН-ын дарга Ухнаагийн Хүрэлсүхийг нэр дэвшүүлж санал нэгтэй дэмжин, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх нь 1985 онд нийслэлийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1989 онд Батлан хамгаалахын их сургуулийг улс төр судлаач, 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг төрийн удирдлагын арга зүйч, 2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
Тэрбээр 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч, 1991-1994 онд МАХН-ын Төв Хороонд улс төрийн ажилтан, 1994-1996 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх, 1996-1997 онд МАХН-ын “Залуучууд хөгжил” төвийн ерөнхий захирал, 1997-1999, 2000-2005 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч, 1999-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх, 2000-2007 онд МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2007 оноос Монголын зүүний хүчний Холбооны ерөнхийлөгчөөр ажиллажээ.
Улмаар 2000-2004, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд, 2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд, 2008-2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2012-2013 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2014-2015, 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байв.
Тэрбээр 2017 оноос Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын даргаар ажиллаж, 2020 оны ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдоод байна.
Ерөнхийлөгчийн санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнийг дэмжлээ
Байнгын хорооны хуралдаанаар тус Байнгын хорооны харьяа Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэж дэмжив.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар Төрийн байгуулалтын байнгын хороонд Ёс зүйн, Нутгийн удирдлагын, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо ажилладаг.
Дэд хороо нь харьяалагдах Байнгын хорооны эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцан санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Харин Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь Улсын Их Хурал, түүний гишүүний бүрэн эрхтэй холбогдсон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх эрхтэй, онцлог дэд хороо юм.
Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо Улсын Их Хуралд хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүнээс бүрдэх бөгөөд Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг судалж санал, дүгнэлт гарган зохих Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулна чиг үүргийг хэрэгжүүлэхээр заажээ.
Дэд хорооны бүрэлдэхүүний талаарх МАН-ын бүлгийн саналыг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан юм. Тэрбээр танилцуулгадаа, хуульд заасны дагуу тус дэд хороо Улсын Их Хуралд хамгийн олон удаа сонгогдсон гишүүдээс бүрдэх, тэгэхдээ сонгогдсон дарааллыг нь харгалздаг өмнөх жишгийг баримтлах нь зүйтэй гэж бүлэг үзэж буйгаа дурдав.
Энэ үндсэн дээр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Улсын Их Хуралд 6 удаа сонгогдсон гишүүн Н.Энхболд, 5 удаа сонгогдсон гишүүн С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, харин 4 удаа сонгогдсон 8 гишүүнээс сонгогдсон дарааллын нь дагуу Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нарыг тус дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахаар тогтжээ. Мөн өмнө нь Ардчилсан намын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан, Улсын Их Хуралд 4 удаа сонгогдсон бие даагч гишүүн Н.Алтанхуягийг дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах санал тавьсан ч өөрөө татгалзсан гэдгийг МАН-ын бүлгийн дарга хэллээ.
Ингээд санал хураалт явуулахад Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд /6 удаа сонгогдсон/, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ /тус бүр 5 удаа сонгогдсон/, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил /тус бүр 4 удаа сонгогдсон/ нарыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахаар санал нэгтэй дэмжив.
Энэ асуудлыг Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.