Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2020.07.02) 12 цаг 40 минутад 57.9 хувийн ирцтэйгээр хуралдаанаа эхэлж, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцэв.
Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн С.Батболд даргалан хуралдуулав.
Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар тус Байнгын хорооны харьяа Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороог Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нарын таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар сонгох зохицуулалттай. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо анхны хуралдаанаа хийж, дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдыг сонгохоор санал нэгтэй дэмжсэнийг хуралдаан даргалагч Улсын Их Хурлын гишүүн С.Батболд Байнгын хорооны гишүүдэд танилцуулав.
Дэд хорооны даргыг сонгох асуудалтай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтэйгээр Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонгохыг дэмжиж, энэ тухай Байнгын хорооны тогтоолыг батлав.
Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь Улсын Их Хурал, түүний гишүүний бүрэн эрхтэй холбогдсон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх эрхтэй онцлог дэд хороо юм.
Тус дэд хороо Улсын Их Хуралд хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүнээс бүрдэх бөгөөд Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг судалж санал, дүгнэлт гарган зохих Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулах чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуульд заажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.